Ерөнхий сайд аа, хэлсэн үгэндээ хүрээрэй

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

ЖДҮХС

Ерөнхий сайд аа, хэлсэн үгэндээ хүрээрэй

Ерөнхий сайд аа, хэлсэн үгэндээ хүрээрэй

МАН-ынхны нууж идсэн тэрбум, тэрбумын зээл ил гарсан нь жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэгчдэд хуваарилалт нь шог харагдаад зогсохгүй уг дуулиан У.Хүрэлсүхийг танхимынхаа бас нэг сайдыг төрхөмд нь буцаахад хүргэлээ.

Хамгийн их шударга ёс, зарчим ярьж гарч ирсний хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нартайгаа ээлж дараалан хариуцлага тооцож байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт баяртай гэж хэлэх нь танхимаа бүхэлд нь огцруулж байснаас л илүү дээр хувилбар. Учир нь, Засгийн газар олон солигдож байснаас У.Хүрэлсүх танхимынхаа сайд нартай өөрөө хариуцлага тооцсон нь улс төрийн болоод улс орны тогтвортой байдалд хэрэгтэй юм. Гэвч, ганцхан сайддаа хариуцлага тооцсоноор их мөнгөний асуудалд нэр холбогдсон МАН-ын гишүүд Б.Батзоригийхоо ард бүгд нуугдаад үлдэнэ гэсэн үг бас биш. Тэдэнтэй хариуцлага тооцно гэдгээ бүлгийн хуралдааны үеэр илэрхийлсэн Ерөнхий сайдын үгийг товчилбол "ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн мөнгийг бүгдийг эргэн төлүүлнэ. Ажлын хэсэг гаргаж, зээлийн зарцуулалтад шалгалт оруулна. Хууль зөрчиж, зээл авсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэнэ. ЖДҮ-ийг дэмжих сангийн үйл ажиллагааг цаашид шилэн болгож өөрчилнө".

ЖДҮ-ийг хөгжүүлэх сан бол  үе, үеийн сайд дарга нарын ах дүү хамаатан садан, авгай хүүхдийнх нь сааж амьдардаг ганц "жижигхээн" саалийн үнээ нь.  Үүнээс илүү том тогоотой, томчууд зооглодог Засгийн газрын маш олон сан, төсөл, хөтөлбөрүүд бий. Тэднийг шилэн болгохгүйгээр эрх барьж байгаа аль нэг намынхан хувааж иддэг, хулгайлдаг асуудал үүгээр дуусахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн орчноо өөрчлөхгүйгээр нэг сайдыг золионд гаргаад асуудлыг намжаана гэвэл хорт хавдартай өвчтөнд түр зуур өвчин намдаах уулгаж байгаатай л ялгаагүй юм.

МАН-ын гишүүийн тайлбарлаж байгаачлан тэд хуулийн дагуу ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас  зээл авсан нь үнэн. Нөгөө талдаа албан тушаалаа ашиглаж, ёс зүйн хувьд байж боломгүй алдаа гаргасан нь ч үнэн. Гэхдээ, АН, МАН-ынхан  нэг нь “долоохон, нөгөө нь долоо” гэж улстөржихөөс илүү төсвөөс санхүүждэг бүх сан, төсөл, хөтөлбөрийн мөнгө хөрөнгө хэрхэн яаж зарцуулагдаж ирснийг, зарцуулагдаж байгааг, эргэн төлөлтөө хийж буй эсэхийг ил тод шилэн болгоё. Ингэж байж л эрх баригчид иргэдээсээ ичдэг, айдаг болно.

Төсвөөс санхүүждэг сангуудын үйл ажиллагаа Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулагддаг. Энэ хууль 2006 онд батлагдсанаас хойш нийтдээ 26 удаа засварт орж, 40 гаруй сан байгуулжээ. Харамсалтай нь, зөвхөн хоёрхон жишээ татахад л ЖДҮ-ийг хөгжүүлэх сан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлсэнгүй. “Цэвэр агаар” сангийн нягтлангийнх нь гэрээс 700 сая  төгрөгийн үнийн дүн бүхий гутал гарч ирснийг эс тооцвол энэ сангийн мөнгө Улаанбаатарын агаарыг цэвэршүүлсэнгүй.  Гэтэл өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад 800 тэрбум,  ЖДҮ-ийг хөгжүүлэхэд  2006 оноос  хойш 830 тэрбум төгрөгийг улсын төсвөөс "угаасан" байдаг.

ЖДҮ-ийн зээл тойрсон баримтуудын хойноос хэн "шүгэл үлээв", зорилго нь юу байв гэсэн хардлага улс төрийн хүрээнд ид өдөлж байна. Гол асуудал нь хэн “шүгэл үлээсэн”-дээ биш томчуудыг хооллодог сангуудын үйл ажиллагааг яаж олон нийтэд хяналттай болгох тухай юм.

2015 онд Засгийн газрын тусгай сангийн тоо 15, 2016 онд 18 байсан бол 2017 онд 21, 2018 онд 27 гээд жил бүр  татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг сангуудын тоо өсч, эргэлддэг мөнгөн дүн нь ч нэмэгдэж.  Ингээд Засгийн газрын ямар, ямар тусгай сангууд татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэгийг сонирхуулъя.

Эрсдэлийн сан;

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан;

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;

Засгийн газрын нөөц сан;

Мал хамгаалах сан;

Нийгмийн даатгалын сан;

Нийгмийн халамжийн сан;

Соёл, урлагийг дэмжих сан;

Боловсролын зээлийн сан;

Тариаланг дэмжих сан;

Улсын авто замын сан;

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан;

Шинжлэх ухаан, технологийн сан;

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;

Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан.

Зэвсэгт хүчний хөгжлийн сан;

Ирээдүйн өв сан:

Төсвийн тогтворжуулалтын сан:

Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан:

Монгол судлалыг дэмжих сан:

Олон улсын хамтын ажиллагааны сан:

Эрүүл мэндийн даатгалын сан:

Засгийн газрын өрийн баталгааны сан:

Спортыг дэмжих сан;

Агаарын бохирдлын эсрэг сан:

Ирээдүйн тэтгэврийн нөөц сан:

Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан:

Бараг ихэнхийг нь мэдэхгүй эдгээр санд жил бүр тавьдаг санхүүжилтийн мөнгөн дүн улсын төсвийн дөрөвний нэгийг эзэлдэг. Өнгөрсөн 2017 онд гэхэд л татвар төлөгчдийн 2.4 их наяд төгрөгийг Засгийн газрын тусгай сангуудад тараажээ. Үүний нэгээхэн хэсгийг идэж уусан тухай баримтууд өнөөдөр ил болж байна. Иймээс л Засгийн газрын тусгай сангуудыг зад угаан шилэн болгож, иргэдийн хяналтыг оруулна, эрх баригчдын авсан зээлийг буцаан төлүүлнэ гэсэн Ерөнхий сайд аа, хэлсэн үгэндээ хүрээрэй.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж