Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос яг одоо /2018.11.01/ Төрийн ордны гадна лоозон барин жагсаж байна.
Хүүхэд харах үйлчилгээ Монгол Улсад нэвтрээд гурван жил болж байгаа. Одоогоор улсын хэмжээнд 1024 хүн энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг аж. Хүүхэд харах үйлчилгээнд зориулан улсаас жилд 5.8 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан. Гэтэл Засгийн газар 2019 оны төсвийг УИХ-д өргөн барихдаа 2.6 тэрбум төгрөг болгожээ. Төсвийг танасан шалтгааныг тодруулахаар Засгийн газарт өнгөрсөн аравдугаар сарын 11-нд бичиг хүргүүлжээ. Гэвч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй тул тайван жагсаал зохион байгуулж байгаа нь энэ аж.
Жагсаалд Өвөрхайнгай, Баянхонгор, Сүхбаатар, Өмнөговь, Увс аймгийн төлөөлөл ирсэн байна.
Хүүхэд харах үйлчилгээнд зориулж улсаас нэг хүүхдэд сар бүр 123600 төгрөг төсөвлөдөг бөгөөд урсгал зардалд зориулахаар эцэг, эхээс 70 мянган төгрөг авдаг юм байна. Төсвийг танаснаар хүүхэд харах үйлчилгээг үзүүлэх хүний тоо 50 хувиар буурч, үйлчилгээнд жилд 5000 хүүхэд хамрагдаж байсан бол 2000 гаруй хүүхэд хамрагдах нөхцөл үүсэх болсон аж.
Хэрэв төсвийг 5.8 тэрбум төгрөгөөр батлахгүй бол холбооныхон жагсаалын дараагийн хэлбэрт шилжиж, үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдүүдийн хамт талбай дээр жагсана гэж хэллээ.