“Human dignity” хэмээх нэр томьёог эрхэмсэг оршихуй, нэр төр, алдар хүнд, хүнлэг чанар, хүний үнэлэмж зэрэг янз бүрийн нэр томьёогоор орчуулж ирсэн боловч сүүлийн үед "хүний эрхэм чанар" гэж орчуулж хэвшиж байна. Энэ өгүүлэлд “human dignity”-г хүний эрхэм чанар гэсэн нэр томьёогоор нэрлэж үндсэн утгыг нь тайлбарлах бөгөөд өгүүллийн төгсгөлд яагаад энэ нэр томьёог сонгосон бэ гэдгийг тайлбарлах болно.
Хүний эрхэм чанарын үндсэн утга
Соён гэгээрлийн үеийн философичид хүний эрхэм чанарыг хүн бүр хүн болох хувьдаа адил үнэ цэнэтэй бөгөөд тодорхой үндсэн эрх, эрх чөлөөг эдэлдэг гэдгийг гаргаж тавьсан. Үлгэрлэвэл, И.Кант энэ ойлголтыг олон янзаар тодорхойлсон боловч илүү ойлгомжтой байж болох нэгийг нь харья: "Хүн өөрийгөө эсхүл бусад хүнийг хэзээ ч зөвхөн арга хэрэгсэл гэж бүү ханд, харин ямагт зорилго гэж ханд." Энэ нь хүнийг ямар нэг зорилгод хүрэх арга хэрэгсэл эсхүл объект төдийгөөр хэзээ ч үзэж, харьцаж, хандаж болохгүй гэсэн үг. Жишээ нь, 10 хүний амь насыг аврахын тулд нэг хүнийг золиосолж болохгүй. Нийгмийн нийт гишүүдийн эрүүл мэндэд тустай гээд хэсэг хүн дээр өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр туршилт хийж болохгүй. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх зорилготой гэдгээр хүнийг хэзээ ч эрүүдэн шүүж болохгүй. Хүн амын тоог өсгөх нь зүйтэй гэсэн төдий шалтгаанаар үр хөндөлтийг бүрэн хориглож эмэгтэй хүнийг хүүхэд төрүүлдэг машин шиг үзэж болохгүй.
Хүн бүрт эрхэм чанар бий гэдэг нь хүн бүрийн амьдрал адилхан үнэ цэнэтэй гэсэн үг бөгөөд үүнээс хүндлэлийн тухай ойлголт гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, хүнийг хүндлэх гэж юу вэ гэсэн асуултад хариулах шаардлагатай болно. Хүндлэлийг ерөнхийд нь хоёр хувааж болно: ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ хүндлэл ба ҮНЭЛЭХ хүндлэл. Бид хүмүүсийг зан чанар, бүтээсэн зүйлийг нь үнэлж хүндэлдэг. Харамсалтай нь, зарим хүн ийм хүндлэл огт хүлээдэггүй. Гэхдээ энэ нь бид хүлээн зөвшөөрөх хүндлэлийг алдсан гэсэн үг биш. Хүлээн зөвшөөрөх хүндлэл нь хүнийг хүнийх нь хувьд хүлээн зөвшөөрч хүндлэх тухай норматив ойлголт юм. Энэ нь хүний эрхэм чанар гэх ойлголтын цөм утгыг илэрхийлдэг.
Үнэлэх хүндлэл болон хүлээн зөвшөөрөх хүндлэл хоёр дээр жишээ авъя. Би хуульчдаас та бүхний хувьд хамгийн их хүндлэл хүлээсэн хүнийг хэлнэ үү гэхэд ихэнхдээ Б.Чимид багшийг нэрлэдэг. Ингэж хүндлэх шалтгаан нь Үндсэн хуулийг боловсруулан батлахад Б.Чимид багшийн гүйцэтгэсэн түүхэн үүрэг, Үндсэн хуулийг тайлбарлаж бичсэн түүний бүтээлүүд, мөн түүний зарчимч, шударга, хичээнгүй зан чанарт өгч буй үнэлэмж юм. Товчдоо, хувь хүний хийсэн ажил, зан чанар зэргийг нь үнэлээд хүндлэхийг үнэлэх хүндлэл гэдэг. Гэвч, ийм хүндлэлийг хүн бүр хүлээж чаддаггүй.
Хүлээн зөвшөөрөх хүндлэл гэдэг бол хүн бүрийг хэн байхаас нь үл хамааран хүнийх нь хувьд хүндлэх буюу хүний эрхэм чанартай гэдгийг нь хүлээн зөвшөөрч хүндлэх тухай юм. Жишээлбэл, 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглалын оршлын хамгийн эхэнд “Хүн төрөлхтний гэр бүлийн бүх гишүүдийн төрөлх эрхэм чанар болон салшгүй эрхүүдийг хүлээн зөвшөөрөх нь дэлхий дээрх эрх чөлөө, шударга ёс, эрх тайвны үндэс…” гэж бичсэн байдаг. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын оршил мөн адилхан өгүүлбэрээр эхэлдэг. Хүний эрхийн тухай олон улсын гэрээнүүд болон ардчилсан улсуудын үндсэн хуулиудад хүнийг хүнийх нь хувьд хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, эвлэлдэн нэгдэх, хувийн амьдрал халдашгүй байх зэрэг үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх талаар зааж, хамгаалах механизмыг тогтоосон байдаг. Хүний эрхэм чанар бол хүний эрх, эрх чөлөөний үндэс.
Хүний эрхэм чанарын шинж
Хүний эрхэм чанар нь дөрвөн үндсэн шинжтэй. Нэгд, хүний эрхэм чанар бол хүн бүрд адилхан байдаг. Сайн уу, муу юу, нэр төртэй юу, үгүй юу, Монгол улсын иргэн мөн үү, үгүй юу, эсрэг хүйстэнээ сонирхдог уу, үгүй юу зэргээс үл хамааран хүн бүрд хүний эрхэм чанар байдаг бөгөөд үүнийг нь бусад хүн, олонх, төр, хэн ч хэзээ ч зөрчиж болохгүй. Жишээ нь, Монгол хүн болон Хятад хүн яг адилхан эрхэм чанартай бөгөөд олон улсын гэрээгээр хамгаалагдсан хүний үндсэн эрх, эрх чөлөөг Монголд ч, Хятад ч адилхан эдлэх ёстой. Монгол улсын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдаж байгаа Монгол хүн ч, Хятад хүн ч адилхан уг хэргээ шударгаар шүүлгэх, өмгөөлөгч авах, давж заалдах, эрүүдэн шүүгдэхгүй байх эрхтэй. Хэн байхаас нь үл хамааран хүн бүрийн хүний эрхэм чанарыг хүндлэх ёстой.
үргэлжлэл: www.trends.mn