Үлгэр домгийн мэт мөнхийн гал

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Үлгэр домгийн мэт мөнхийн гал

Үлгэр домгийн мэт мөнхийн гал
OLYMPUS DIGITAL CAMERA

Азербайжаны Абшероны хойгийн нэгэн ууланд байх гал нь 4000 жилийн турш асаж байгаа ажээ. Энэхүү галыг хэн нэгэн хүн асаагаагүй, харин байгалийн хийгээр баялаг тус нутгийн газрын гадарга дээр нь заримдаа нэвчин гарч ирдгээс үүдэн гал өрдөгддөг байна. Хүчтэй салхи, шуурга болж, цас бороо орсон ч “мөнхийн гал” нь 4000 жилийн турш нэгээхэн ч унтарсан нь үгүй юм.

Нутгийн иргэд галыг “мөнхийн гал”-аас гадна “Янар даг” буюу шатаж буй уул хэмээн нэрийддэг. Мөнхийн гал нь шөнийн харанхуйд болон өвлийн цастай үед маш үзэсгэлэнтэй харагддаг байна.

Венецийн аялагч Марко Поло өнөөгийн Азербайжаны нутгаар 13-р зуунд дайран өнгөрөхдөө мөнхийн галын тухай тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн торгоны замаар худалдаа наймаа хийж явсан хүмүүс гайхамшигт мөнхийн галын тухай учирсан хүмүүстээ хүүрнэн ярьдаг байснаас мөнхийн гал ихэд алдаршжээ.

Үүний улмаас Азербайжаныг түүхэнд “галын хаант улс” хэмээн нэрийдсэн байх нь бий. Мөнхийн гал нь нийслэл Баку хотоос машинаар 30 минут явах газар байрладаг аж.

Эртний шүтлэг

Дээр дурдсанчлан байгалийн хийгээр баялаг Азербайжан улсад иймэрхүү мөнхийн гал хэд хэд байсан гэдэг. Харин тэдгээр нь үнэ цэнэ бүхий байгалийн баялаг болох хийг ихээр үрэн таран хийж байсан учраас хүмүүс унтраажээ. “Янар дог” бол унтраагаагүй үлдсэн цөөн галуудын нэг бөгөөд хэзээд хамгийн сүр бараатай нь гэнэ.

Нэгэн цагт тэдгээр мөнхийн галууд нь өнөөгийн Иранд үүсэж, Азербайжан тэргүүтэй орнуудад дэлгэрч байсан Зороастрын шашны бэлэг тэмдгийн нэг байв. Зороастрын шашинд гал нь хүн болоод байгалийн нууцлаг зүйлсийг холбох дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг байжээ. Тэд галыг ариусгагч, амьдралыг тэтгэгч хэмээн үзэж, зан үйлдээ өргөнөөр ашигладаг байсан юм.

Атешгагийн галт сүм

Галын ёслол үйлдэхээр Азербайжаны нутагт ирсэн хүмүүс юуны өмнө 18-р зуунд баригдсан галт сүмийг зорин очдог уламжлал тогтсон байна. Мөнхийн галын гэр орон болсон тус сүмд хүмүүс бурхан амьдардаг хэмээн итгэдэг байж. Гэхдээ энэ газарт аль аравдугаар зуунаас хойш л хүмүүс галын ёслол, зан үйл хийсээр иржээ. Тус сүмд 1969 оныг хүртэл мөнхийн гал байжээ. Харин байгалийн хийн олборлолтоос үүдэлтэйгээр унтраасан байна.

Галт сүмийг 1975 оноос хойш музей болгон өөрчилсөн төдийгүй 1988 онд ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэгджээ. Өдгөө тус сүмд жилд 15,000 жуулчин очдог байна.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж