“Хар тамхи борлуулагчид хариуцлага хүлээхгүй байна”

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Live“Хар тамхи борлуулагчид хариуцлага хүлээхгүй байна”

“Хар тамхи борлуулагчид хариуцлага хүлээхгүй байна”
18 : 02
2018-11-1

УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө

Хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Үүний дараа төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх ёстой байсан ч Төсвийн байнгын хорооны хурал тараагүй байсан тул чуулганыг өндөрлүүлэв.

17 : 27
2018-11-1

“Монгол Улс хар тамхины хэрэглэгч орон болсон”

УИХ-ын чуулган товлосон цагаасаа хоёр цагаар хойшилж эхэллээ. Учир нь Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор чуулганы хуралдаан түр хойшилсон билээ. Яг одоо Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Хар тамхины асуудал аюул болж байна. Юугаа ч мэдэхгүй хүүхдүүдийг хар тамхинд оруулж байна гэж хуулийнхан ярьдаг. Одоо бол хэрэглэсэн нь ял аваад, борлуулдаг цаад эзэн нь хариуцлага хүлээхгүй байна.

Ажлын хэсгийн төлөөлөгч:

-Улсын хилээр нэвтрүүлэх үйлдэлд хариуцлага тооцохоор зохицуулагдсан байдаг. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажил зөвхөн цагдаа гэхгүйгээр бусад хууль хүчний байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай байдаг. Цаашид энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх нь чухал юм. Эрүүгийн хууль болон өнөөдрийн бидний хэлэлцэж байгаа хууль цогцоороо байж урьдчилан сэргийлэх боломжтой болно.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

-Хар тамхины эмчилгээг 3-6 сарын хугацаанд хийх, давтан эмчлүүлж байгаа бол 6 сараас 1 жил эмчилнэ гэж заасан байна. Энэ хугацаа эмчилгээ хийхэд хангалттай гэж үзэж байна уу. НҮБ-аас 2010 онд хийсэн судалгаагаар Монгол Улс хар тамхийг дамжин өнгөрүүлдэг байсан бол 2014 хэрэглэгч улс болсон. Шар хадны эмнэлэгт зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ хийсэн гэдэг. 15 жил болоход нэг ч хар тамхичин бүрэн эмчлэгдээгүй.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-Эмчилгээний асуудал ганцхан шар хадны эмнэлгээр хязгаарлагдахгүй. Мааньт дахь ШШГЕГ-ын харъяа согтуурах, мансуурах донтой євчтєнийг албадан эмчлэх эмнэлэгт эмчилгээ хийж байгаа.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

13 : 07
2018-11-1

Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хориглох санал гарав

УИХ-ын чуулганаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн Монгол улсад оруулж ирэхийг хоригломоор байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг хэрхэн баталгаажуулах талаар салбарын сайдаас асуув.

Энэ асуултад Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг “Хуулиа хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд мал эмнэлгийн байгууллагаа чадавхжуулах шаардлагатай” гэв.

Үүгээр УИХ-ын үдээс өмнөх хуралдаан түр завсарлаж байна. Цайны цагаар Төсвийн байнгын хороо хуралдаж, ирэх оны төсвийг нэгдсэн хуралдаанд оруулах бэлтгэл ажлыг хангах юм. Ингээд үдээс хойших УИХ-ын чуулганы хуралдаанаар ирэх оны төсвийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийнэ.

12 : 11
2018-11-1

Сангийн яамыг ипотекийн санхүүжилтийг хийхийг хүсэв

УИХ-ын чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжив. Энэ талаар гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Шатахууны үнэд валютын ханш нөлөөлж байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд зориудаар валютын ханшид нөлөөлсөн байж болзошгүй. Ер нь төв банкинд ажлын хэсгийн шалгалт оруулаад, интервенц зөв бодлогоор явж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Төгрөгийн ханш унахад экспорт хийж байгаа компаниудад ашигтай. Яг ханш унаж байх үед валютын ханшийг зориудаар орхисон юм байна лээ. Тэгэхээр лоббид өртсөн байх магадлалтай гэж хардаж байна. 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир:

-Энэ онд нийт нэг тэрбум ам.доллараар интервенц хийхээр харагдаж байна. ОУВС-гаас өгч байгаа мөнгөөр валютын нөөц нэмэгдүүлэх, эдийн засгаа сайжруулах ёстой болохоос ханшийг тогтворжуулах мөнгө биш гэдгийг сануулсан. Ажлын хэсэг байгуулаад, Монголбанкийг шалгаж болно.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

-Монголбанкинд 3,2 тэрбум ам.долларын нөөц байна. Хэд хоногийн өмнө Хөгжлийн банк 500 сая ам.долларын бонд гаргасан. Ингэснээр валютын нөөц нэмэгдсэн. Бид валютын ханшийг тогтвортой болгохын тулд хоёр арга хэрэглэдэг. Эхнийх нь мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх арга юм. Эдийн засаг сэргэж эхэлж байхад мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлснээр зээлийн хүү дагаад нэмэгдэх эрсдэлтэй. Энэ нь бизнес эрхлэгчдэд хүндрэл учрах магадлалтай. Иймд интервенц хийх аргыг хэрэглэж байна. Оны эхнээс 750 сая ам.долларын интервенц хийлээ. Өчигдөр ОУВС-гийн зөвлөл хуралдсан. Хуралдаанаар дунд хугацааны бодлогоо эрчимжүүлэх, төсвийн бодлогоо чангатгах, гадаад валютын улсын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд бүх талаар анхаарах, мөнгөний бодлогоо чангатгах, банкуудыг дахин хөрөнгөжүүлэх ажлаа дуусгах зөвлөгөө өгсөн байна. Эдгээр асуудлаар Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдахаар төлөвлөж байна.

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

-Бэлэн байгаа 6000 орон сууц байна. Үүний 5800 нь Улаанбаатар хотод байна. 33 мянган иргэн урьдчилгаа төлөөд зээл авах боломжтой гэдэг судалгаа гарсан ч ипотекийн зээлийн эх үүсвэр дутагдалтай байна. Эх үүсвэр өнгөрсөн оноос 100 тэрбум төгрөгөөр буурсан байна. Сангийн яам он дуусч байхад 60 тэрбум төгрөгийн санхүүжилтээ яагаад хийхгүй байна вэ. Нэгэнт төсөвт суучихсан мөнгөө яагаад өгөхгүй байгаа вэ. Барилга нь бэлэн, эрэлт нь байна. Гэтэл ирэх оны төсөвт 115 тэрбум төгрөг тусгасан. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж байна уу?

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир:

-Ирэх долоо хоногийн байнгын хорооны хурлаар ипотекийн зээлийн асуудлыг хэлэлцэнэ. Монголбанкнаас үнэт цаас гаргаад, зээл авах хүсэлтэй хүн бүрт олгох төлөвлөгөөтэй байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Мөнгөний бодлогыг баримталж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. 2018 онд санхүүгийн зах ээлийг хөгжүүлэх хөтөлбөр батлуулах, банкны салбарын дэд бүтцийг сайжруулж түүний эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах, ипотекийн тогтолцоог хөгжүүлэх гэдэг ажил үүрэг болж өгөгдсөн байна. Та бүхэн өөрсдөө энэ ажлыг хэрхэн хэрэгжүүлсэн гэж дүгнэж байна вэ? Санхүүгийн зэх зээл,  ипотекийн тогтолцоо хөгжчихсөн үү. Жил бүрийн мөнгөний бодлогын баримт бичигт сүүлийн ганц нэг өгүүлбэр нь өөрчлөгдсөн байдаг. Одоо 2019 онд ч яг адилхан, үл бүтэх албан бичиг барьж орж ирчхээд сууж байна.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

-Мөнгөний бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх тогтоолын төсөл Засгийн газраар батлагдсан. Энэ ажилд бүхий л салбар оролцож байгаа. Банк санхүүгийн тухайд хуулийн өөрчлөлтөө батлуулсан. Ингээд банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх даалгавар өгсөн. Оны эцэст үр дүн гарна. Даалгавар биелүүлээгүй зарим банкинд бүтцийн өөрчлөлт хийнэ.

Ипотекийн зээлийн асуудлаар учраа олохгүй л явна. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар Дэлхийн банктай хамтарч төсөл хэрэгжүүлж байна.


Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй санал хурааж, тогтоолын төслийг дэмжив. Дараа нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

10 : 32
2018-11-1

Эрх баригчдыг хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардаж, хуралдааныг орхилоо

chuulgan ardchilsan

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаан эхэлж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд товчхон тайлбар хийсэн. Тэрбээр “Ерөнхийлөгчийн албан бичгийн хариуг би ойрын хугацаанд өгнө. Энэ албан бичигтэй холбоотой заавал Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах шаардлагагүй” гэв.

Үүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “УИХ, Засгийн газар хууль зөрчсөн үйлдлүүдээ зогсоотол чуулган, байнгын хорооны хуралдаануудад оролцохгүй” гэдгийг мэдэгдлээ.

Тэрбээр “Ардчилсан намын бүлгээс  аравдугаар сарын 26-нд УИХ-ын дарга, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Шаардлагын дагуу арга хэмжээ авахгүй бол бид хуралдаандаа орохгүй гэсэн. УИХ-ын даргаас "Хуралдааны дэгийг баримталж, хуралдаандаа орох нь зүйтэй гэсэн албан бичгийг Ардчилсан намын бүлэгт ирүүлсэн. Гэвч Засгийн газраас өнөөдрийг хүртэл ямар ч хариу ирүүлсэнгүй. Тиймээс бид асуудлыг нэг тийш болгох байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

 Нэгдүгээрт, УИХ-ыг гишүүдийг зохион байгуулалттай авлигадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дахин шаардаж байна. 

 Хоёрдугаарт, сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэн, үндэсний эрх ашгийг уландаа гишгэж, өөрийн компаниуддаа зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна. 

Гуравдугаарт, энэ бүхнээс алдагдсан боломжуудыг иргэдэд яаралтай олгох арга хэмжээг УИХ, Засгийн газар яаралтай зохион байгуулах нь зүйтэй гэж бид үзэж байна. 

Монгол Улсын 2019 оны төсөв нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, хүн ам, нийгмийн түвшнийг хангах гэсэн Үндсэн хуулийн 5.4 дүгээр заалтыг ноцтой зөрчиж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнууд нь шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх Үндсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байдлууд илэрч байгаа. 

Тийм учраас зөрчлийг арилгатал Ардчилсан намын бүлэг чуулганы хуралдааны дэгийн 4.10-т зааснаар хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй байхаа үүгээр мэдэгдэж байна” гэсэн юм.

Үүний дараа тус бүлгийн гишүүд хуралдааны танхимаас гарсан юм. 

Цөөнхийн бүлгийн гишүүд байхгүй ч чуулганы хуралдаанаар төлөвлөсөн асуудлаа хэлэлцэж эхлэв. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж