Жилд 4000 амь утаанд үрэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Жилд 4000 амь утаанд үрэгдэж байна

Дайн дажингүй энх цагт цочирдмоор ийм тоог төрийн аудитын байгууллага тайландаа тусгасан байна. Тодруулбал, “Монгол Улсад агаарын бохирдлоос шалтгаалан жилд 4000 гаруй хүн нас барж, агаарын бохирдол нь харвалт, зүрх, судасны өвчин, уушгины хавдар болон амьсгалын замын өвчний шалтгаан болж байна. Мөн уушгины хатгалгаагаар нас барж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь агаарын бохирдлоос үүдэлтэй бөгөөд 100 мянган хүн тутамд ногдох агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралтын тоо 132 буюу дэлхийн дунджаас 1.4 дахин их байна” гэж Үндэсний аудитын газраас хийсэн “Цэвэр агаарын сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын үр дүн” сэдэвт аудитын тайланд дурджээ.

Тэгвэл дахиад л 4000 хүнээ алдаж мэдэхээр утаатай өвөл ирж явна. Агаарын бохирдлын хорт хийн агууламж нь цочмог ба архаг бронхит, уушгины үрэвслийн өвчлөлд шууд хамааралтайг эрдэмтэн судлаачид хэдийнэ тогтоочихсон. Улмаар уушгины хорт хавдар болон өөр олон төрлийн өвчин ихсэх, хүүхэд, 65-аас дээш насны хүмүүсийн дархлаа суларч өвчлөх нэг шалтгаан болж, өвдсөн тохиолдолд түүний үр дагавар зөвхөн тэр хүнээр зогсохгүй цаашид гинжин холбоо бүхий олон сөрөг үр дагаврыг авчирч нийгэмд бүхэлд нь нөлөөлж байгааг Шинжлэх ухааны академиас тайлбарласан байдаг. Агаарын бохирдолтой тэмцэх алхам нэгээр ч урагшлаагүй өнгөрсөн 10 жилд хорт бодисын агууламж стандартад заасан хэмжээнээс тогтмол өндөр байгаа нь хүн амын дунд халдварт бус өвчлөл буюу амьсгалын замын тогтолцооны болон зүрх судасны архаг өвчний тэргүүлэх шалтгаан болж байгааг аудитын тайланд тусгажээ. Тодруулбал, 2008 оныг 2016 онтой харьцуулахад 10 мянган хүн амд зүрх судасны тогтолцооны өвчин 1.7 дахин, амьсгалын тогтолцооны өвчин 1.6 дахин нэмэгдсэн байна.

Тэгвэл өнгөрсөн онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран гаргасан “Аюулын харанга, агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт тайланд 10 мянган хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом буюу 2.7 дахин нэмэгдсэн гэж дүгнэсэн байдаг юм. Уушгины үрэвсэл тав хүртэлх насны хүүхдийн эндэглийн хоёр дахь шалтгаан болж, бохирдол өндөртэй дүүрэгт амьдарч байгаа хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгааг тогтоосон байдаг. Хэрэв байдал энэ хэвээрээ үргэлжилбэл 2025 он гэхэд эрүүл мэндийн салбарын эдийн засгийн ачаалал 33 хувиар нэмэгдэх судалгааг судлаачид хийж байсан. Тэгвэл энэ тоо баримтыг дахин төрийн аудитаар гаргаж ирлээ. ДЭМБ-аас улс орнуудын тоосонцрын жилийн дундаж үзүүлэлтүүдийг харьцуулж, тэдгээрийн агаарын бохирдлын түвшнийг илэрхийлсээр ирсэн ба Монгол Улсын хувьд энэ үзүүлэлт ДЭМБ-аас зөвлөсөн хэмжээнээс 6-10 дахин өндөр байна. Ийм нөхцөлд яаралтай арга хэмжээ авах, уялдаа холбоотой, үр дүнтэй ажлыг бодитоор хийхийг аудит, иргэд, тоо баримт судалгаа бүгд анхааруулсаар байна.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж