Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын “Шпаркассе” сан болон арилжааны банкууд хамтран өнөөдөр буюу 10 дугаар сарын 31-ний өдөр “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Ёслолын ажиллагааны үеэр банкууд хүүхэд багачуудад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, газар дээр нь хуримтлалын данс нээж ажилласан юм. Түүнчлэн Монголбанк болон ХБНГУ-ын “Шпаркассе” сангийн зүгээс хуримтлал үүсгэхийн ач тус давуу талыг танилцуулсан гарын авлага, ном товхимлуудаа хүүхэд багачуудад танилцууллаа. Мөн энэ үеэр Хадгаламжийн даатгалын корпорацийн зүгээс хүүхэд багачуудын дунд асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, зөв хариулсан хүүхдүүдэд 50 мянган төгрөгийн “Хадгаламжийн сертификат” гардууллаа.
Монгол Улс дэлхийн хуримтлалын өдрийг 2017 онд анх тэмдэглэн өнгөрүүлэхэд арилжааны 8 банк хамтран оролцож байсан бол энэ жилээс 10 банк болж, хүрээгээ тэлсэн байна. Мөн ёслолын ажиллагаанд Монгол Улс дахь ХБНГУ-ын ЭСЯ-ны удирдлагууд ач холбогдол өгч, хүрэлцэн ирсэн нь онцлог байв.
Жил бүр дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гол ач холбогдол нь хүүхэд багачуудад бага наснаас нь эхлэн хуримтлалын дадал, зуршлыг бий болгоход чиглэдэг. Үүний тулд хуримтлалын өдрийг тэмдэглэхийн өмнөх долоо хоногийн хугацаанд “Хуримтлалын аян”-ыг зохион байгуулдаг. Манай улс ч бас хуримтлалын аяныг 10 дугаар сарын 22-ноос эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд ЕБС-ийн сурагчдад хуримтлалын хөлөгт тоглоомыг танилцуулж, хуримтлалын ач тусыг тайлбарлан таниулах тодорхой ажлуудыг хийлээ.
Дашрамд дурдахад Монгол Улс дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэж, хүүхэд багачууд, олон нийтэд хуримтлалын ач тусыг тайлбарлан таниулахад онцгой анхаарал хандуулахын сацуу иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийсний үр дүнд сүүлийн нэг жилийн хугацаанд банкууд дахь нийт хуримтлалын хэмжээ 20 гаруй хувиар өссөн байна.
Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУЯ-тай хамтран 2016 оноос хойш “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.
Эх сурвалж: МОНГОЛБАНК
Холбоотой мэдээ