Дайн дэгдэхэд ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Дайн дэгдэхэд ойрхон байна

Дайн дэгдэхэд ойрхон байна

Дэлхийн хоёр том гүрэн болох АНУ, Хятадын хооронд худалдааны дайн өрнөөд багагүй хугацаа өнгөрч байна. Хамгийн сүүлд  Америкийн талаас Хятадын 200 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнд татвар ногдуулах шийдвэр гаргасан нь хоёр орны худалдааны дайныг улам ширүүсгэсэн билээ. Үүний хариуд Хятадын Засгийн газрын зүгээс Америкийн 60 тэрбум ам.долларын өртөг бүхий бүтээгдэхүүнд шинэ тариф тогтоож буйгаа зарлав.

АНУ-ын зах зээлд борлуулалт өндөртэй 6000 нэр төрлийн Хятадын бараа бүтээгдэхүүний импортын татвар нэмэгдэж байгаа аж.  Тодруулбал, иргэдийн өдөр тутмын хэрэглээний ариун цэврийн цаас, цүнх, ноолууран бүтээгдэхүүн,  хөлдөөсөн мах, бүх төрлийн жимс, үр тарианы гаралтай бүтээгдэхүүн, будааны импортын татвар тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа бол ухаалаг цаг, хамгаалалтын малгай, машины хүүхдийн суудал, сандал зэрэг 300 нэр төрлийн бүтээгдэхүүний татвар нэмэгдээгүй байна. Худалдааны маргааны нөлөөгөөр БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын индекс сүүлийн хоёр жилийн доод цэгт хүрч буурчээ.

АНУ, Хятад улсууд ойрын 15 жилд дайтаж магадгүй гэв

Европ дахь АНУ-ын зэвсэгт хүчний командлагч асан Бен Ходжес аравдугаар сарын 30-нд болсон Варшавын Аюулгүйн Форум дээр үг хэлэхдээ АНУ болон Хятад улс хоорондын харилцаа улам доройтож байгааг онцлоод ойрын 15 жилд хоёр улсын хооронд дайн дэгдэж болзошгүй байна гэв.

Вашингтон, Бээжин хоорондын эдийн засаг, улс төр, цэргийн харилцаа улам муудсаар байгаа билээ. Сүүлийн хэдэн сард АНУ-ын зүгээс Өмнөд Хятадын тэнгис дэх усан цэргийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа нь Хятадыг тойрсон усан замд АНУ эрх чөлөөгөө улам тэлж байна гэж үзэхэд хүрч байна. Бээжин үүнийг аюултай өдөөн хатгалаг гэж үзэж байгаа юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп  Хятад улсыг удахгүй болох сонгуульд хөндлөнгөөс оролцох гэж байна хэмээн буруушаасан бол харин Хятад улс үүнийг ямар ч баримтгүй худал гүтгэлэг хэмээн үгүйсгэв.

Трамп: Бид үргэлж ялдаг

АНУ-ын талаас худалдааны дайныг Хятадын технологийн хулгай, шударга бус худадааны бодлогоос үүдэлтэй гэж тайлбарлаж байна. Америкт борлуулж байгаа Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн үнэтэйгээс гадна үндэсний үйлдвэрлэгчийн ажлын байрыг булааж байна гэж албан тушаалтнууд үзэж байгаа юм. АНУ-ын эрх баригчдын зүгээс Бээжин эдийн засаг, худалдааны бодлогоо өөрчилнө гэж итгэж байгаа юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Индианад болсон сонгуулийн арга хэмжээний үеэр хэлэхдээ “Бид нэлээд хэцүү маргаан өрнүүлээд байгаа. Би үүнийг зөөлрүүлж худалдааны маргаан гэж нэрлэмээр байна. Бид энэ маргаанд ялах болно. Яагаад гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Учир нь бид үргэлж ялдаг” гэжээ.

 

Ши Жиньпин дайнд бэлэн байхыг тушаав

Өнгөрсөн долоо хоногт Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин улсынхаа өмнөд бүсийн армид зочлохдоо болзошгүй дайнд бэлэн байхыг тушаав.

Хятадын өмнөд бүсийн цэргийн тойрог нь Өмнөд Хятадын тэнгис, Тайванийг хянаж байдаг юм. Тус бүс нутагт зочилсон Ши Жиньпин “дайн дэгдэх бүх хувилбар нөхцөлд өндөр бэлтгэлтэй байх” хэрэгтэйг армийн алба хаагчдад захисныг Хятадын төв телевизийн суваг дамжуулжээ. Дараа нь төрийн мэдлийн Синьхуа агентлаг Ши Жиньпинийг “Дайн, зөрчил үүсэхэд бэлтгэлтэй байхын чухлыг онцлон тэмдэглэсэн” гэж мэдээлсэн байна.

Сүүлийн үед Хятад, АНУ-ын хооронд Өмнөд Хятадын тэнгист мөргөлдөөн гарах магадлал нэмэгдсэнийг ажиглагчид, мэргэжилтнүүд өгүүлэх болсон. Саяхан Хятадын батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ улс орныхоо газар шорооноос өчүүхэн хэсгийг ч бусдад өгөхгүй гээд Тайванийг тусгаар тогтнуулах аливаа оролдлого дайнд хүргэж магадгүйг хэлсэн юм.

Есдүгээр сарын 30-ны өдөр Өмнөд Хятадын тэнгист Хятадын байлдааны хөлөг АНУ-ын хөлөгтэй мөргөлдөх шахсан бөгөөд ийм тулгаралтууд цаашид ч гарахаар байна. Мөн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын конгресс Тайваньд 330 сая долларын зэвсэг нийлүүлэх шийдвэрийг баталсан нь Бээжинг өдөөн хатгасан хэрэг болоод байна.

Хятадын арми тэнгисийн флотоо тасралтгүй сайжруулж, өргөжүүлсээр өнгөрсөн онд байлдааны хөлгүүд, шумбагч онгоцны тоогоор АНУ-ыг гүйцэж, дэлхийн хамгийн том флот болсон. Гэвч технологийн хүчин чадлаар АНУ-ын флот илүү хүчтэй хэвээр байгаа гэж судлаачид үздэг юм.

Трамп, Жиньпин нарын уулзалт зөвшилцөлд хүрэх үү?

Арваннэгдүгээр сард Аргентины нийслэл Буэнос Айрес хотод “Их 20”-ийн уулзалт болно. Энэ үеэр АНУ, Хятадын төрийн тэргүүнүүд уулзахаар товлоод байгаа юм. Дональд Трамп, Ши Жиньпин нар хоёр орны хооронд үүсээд байгаа худалдааны маргааныг шийдэх хэлэлцээр хийх ажээ. Хэрвээ энэ уулзалт үр дүнд хүрэхгүй бол Вашингтон арванхоёрдугаар сарын эхээр Хятадын эсрэг ээлжит худалдааны хориг арга хэмжээ авах гэж байгааг уг асуудалд ойр албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

Ингэхдээ Хятадын үлдсэн бүх импортын бараанд өндөр татвар ногдуулах юм. Энэ нь ойролцоогоор 260 тэрбум ам.долларын дүнтэй. Шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө 60 хоногийн хугацаанд олон нийтийн саналыг авдаг хуультай. Тиймээс ирэх хоёрдугаар сарын эхээр буюу Хятадын сар шинийн баярын үед хэрэгжиж эхлэхээр байна. Өнгөрсөн онд АНУ нь Хятадаас нийт 505 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортоор авсан байдаг.

Дональд Трамп, Ши Жиньпин нарыг арваннэгдүгээр сарын 30, арван хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд уулзуулахаар төлөвлөж байгааг Цагаан ордон мэдээлжээ.

Олон улсын вальютын сангийн анхааруулга

АНУ болон БНХАУ-ын хооронд үүсээд байгаа худалдааны дайн дэлхийн дахиныг илүү их ядууралд оруулж, аюултай газар болгон хувиргана гэж Олон улсын валютын сан /ОУВС/ хамгийн сүүлд хийсэн дэлхийн эдийн засгийн үнэлгээндээ анхаарууллаа. ОУВС энэ болон ирэх жилийн дэлхийн эдийн засгийн өсөлтийн тухай таамгаа бууруулсан байна. АНУ, БНХАУ-ын худалдааны дайн нь эдийн засгийн сэргэлтэд томоохон сэв суулгана гэж үнэлгээндээ дурджээ. Үүний зэрэгцээ худалдааны хориг арга хэмжээ нь айл өрх, бизнес, цаашлаад макро эдийн засагт нөлөөлж эхэлнэ гэж ОУВС-гийн ахлах эдийн засагч хэлжээ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж