“Miss Universe” бол миний оролцож буй хамгийн сүүлийн тэмцээн

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

“Miss Universe” бол миний оролцож буй хамгийн сүүлийн тэмцээн

“Miss Universe” бол миний оролцож буй хамгийн сүүлийн тэмцээн

 “Miss Universe” тэмцээн нь 66 жилийн түүхтэй, хамгийн өндөр шагналын сантай, 1.5 тэрбум үзэгч бүхий чансаагаараа тэргүүлэгч гоо бүсгүйн тэмцээн билээ. Улс эх орноо төлөөлсөн 90 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүд гоо сайхан, мэдлэг боловсролоо уралдуулан өрсөлдөж, ертөнцийн миссээ тодруулдаг юм.

Өнгөрсөн 66 жилийн хугацаанд тус тэмцээнд Монгол Улс оролцсон түүх үгүй.  Тэгвэл 67 жилийн дараа түүхэнд шинэ хуудас нэмэн, Монгол охидын мөрөөдөл биелж, дэлхийн тайзнаа гоо сайхнаа гайхуулан алхах цаг иржээ. Энэ жилийн тэмцээнд эх орноо төлөөлөн мисс Д.Долгион оролцохоор болсон бөгөөд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө эх орноо төлөөлөн тус тэмцээнд оролцохоор болсонд тань баяр хүргэе. Тэмцээний бэлтгэлдээ орсон уу?

-Дэлхийн нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсаас анх удаагаа оролцох болсондоо маш их баяртай байна. “Miss Universe Mongolia” тэмцээн өнгөрөгч аравдугаар сард болж өндөрлөсөн. Тус тэмцээнд үзэсгэлэн гоо охидтой өрсөлдөж, үндэсний ялагчаар тодорсон. Манай тэмцээнийг олон орны загварын сайт, цахим хуудсууд онцолсон байсан. Тэгэхээр манай улс анхны жилдээ оролцож байгаа нь олны анхаарлыг татаж байгаа юм болов уу.

– Тэмцээний онцлог давуу тал юу вэ? Бусад тэмцээнээс ялгарах зүйлийн тухайд?

-Миссийн тэмцээн болгон өөрийн гэсэн онцлогтой. Дэлхийд таван томоохон тэмцээн байдаг. Түүний нэг нь хамгийн ардчилсан тэмцээн гэгдэх “Miss Universe” юм. Энэхүү тэмцээнд эрүүл чийрэг, хүчирхэг гоо бүсгүйг шалгаруулах зорилготой. Миний хувьд бэлтгэлээ хийх нэг сарын хугацаа байна. Энэ хугацаанд хийх зүйлсээ хуваарийн дагуу төлөвлөчихсөн байгаа.

-Миссийн томоохон тэмцээн бүр хүмүүнлэгийн төсөлтэй байдаг шүү дээ. Энэ тэмцээнд ямар төслөөр оролцох вэ?

-Би эх орондоо зохиогдсон тэмцээнд оролцож байхдаа төслөө эхлүүлсэн. Тухайлбал, хүүхдийг болзошгүй авто ослоос урьдчилан сэргийлэх зорилготой аян өрнүүлсэн. Нэг ч гэсэн хүүхдийн амь нас эх дэлхийд минь хэрэгтэй. Нэг ч гэсэн монгол хүүхдийн амь нас эх оронд минь хэрэгтэй гэсэн санааг хэрэгжүүлэхээр зорьж байна. Эх орондоо болсон тэмцээнд нэг сарын хугацаанд 400 хүүхдэд хүрч ажилласан. Цаашдаа нийслэл хотын хэмжээнд 185 мянган сурагчдад, сургалт орж аян өрнүүлэх зорилготой байгаа.

-Энэхүү тэмцээнээс та ямар амжилт хүлээж байна вэ?

-Бид нар энэ сарын сүүлээр АНУ-г зорих байх. Нэг сарын хугацаанд тэмцээн маань үргэлжилж, 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өглөө орон нутгийн цагаар 07.00 цагаас финалын тэмцээн эхэлнэ. Монголын цагаар Даваа гаригийн өглөө нь таарч байгаа юм билээ. Энэхүү тэмцээнд манай улсаас анх удаа оролцож буй учраас бүхий л талаараа өөрийгөө дайчилж, эх орныхоо нэрийг өндөрт гаргах зорилготойгоор бэлтгэлээ хийж байна.

-Нийт хэчнээн орны мисс оролцож байгаа вэ? Трансжендер мисс оролцож болдог гэл үү?

-Тийм шүү. Энэ жил 92 орны гоо бүсгүй оролцож шинээр Монгол, Армен, Киргизстан гэсэн улсууд шинээр нэмэгдсэн. Энэ удаад трансжендер Б.Солонго Монгол Улсын тэмцээнд орж ирсэн. Дэлхий дээр цор ганц байдаг ардчилсан тэмцээн бөгөөд дүрмийн дагуу харшлах зүйл байхгүй. Би хувь хүний үүднээс Б.Солонгоог маш их дэмждэг. Нэг сарын хугацаанд өрсөлдөхөд тэвчээр хатуужил, зоригтой, зорилготой, хувийн зохион байгуулалт сайтай оролцогч байсан. Бид нар сайхан найзууд болсондоо баяртай байна. Тэмцээний гол шалгуур нь худлаа дүр бүтээхгүйгээр байгалиасаа эмэгтэй хүний дотоод гоо сайхныг бүрдүүлсэн эсэх боловсролын түвшин, хувийн үзэл баримтлалыг шүүх юм билээ. Миний хувьд дэлхийн нэр хүндтэй тэмцээнд оролцоно гэдэг нэгдүгээрт нэр хүндийн хэрэг. Манай улс хамгийн анх удаа оролцож буй гэдэг утгаараа салбарынхаа түүхэн үйл явдлыг бичилцэж байгаа юм. Дашрамд бүх хамт Miss Universe Mongolia -ийн хамт олондоо, оролцсон охиддоо баярлалаа.

-Мисс, Модель хоёрын ялгаа нь юундаа байна вэ?

-Мисс бол сайн үйлсийн илч, төлөөлөгч бөгөөд хүн болгон хүндэлдэг гоо бүсгүй гэсэн үг. Модель гэдэг нь дизайнерын ажлыг амилуулдаг гэж бодож байна. Цаашдаа Монгол Улсын хэмжээнд энэ салбар хөгжих тусам цар хүрээ нь нэмэгдэх байх.

-Олон улсын тавцанд алхана гэдэг нэр хүндийн хэрэг байх?

-Тэмцээнд оролцоход Д.Долгион гэсэн нэр ерөөсөө явдаггүй. Мисс Монголиа нэрээр явдаг. Эх орныхоо нэрийг алхам тутамдаа дээш нь өргөх юмсан гэсэн омогшил төрдөг. Ялангуяа үндэснийхээ хувцсаа өмсөөд тайзан дээр зогсох мөчид хамгийн их сэтгэл хөдөлдөг.

-Ингэхэд та загварын салбартай хэрхэн холбогдсон юм бол?

-Одоогоос 12 жилийн өмнө Эра төвийн загварын дугуйланд орсон байдаг. Тэрнээс өмнө арван жилдээ загварын шоу уралдаанд ордог байсан. Түүнээс хойш маш олон загварын уралдаан, олон улсын загварын шоу арга хэмжээнд оролцсоор ирсэн. Энэ удаагийн тэмцээнд миний туулж өнгөрүүлсэн туршлага маань давуу тал болох юм болов уу.

-Цаашдаа юу хийх талаар зорилгоосоо хуваалцаж болох уу?

-Загварын салбарт би маш их хайртай. Тэгэхээр салбартаа өөрийнхөө хувь нэмрийг оруулж, ажил, мэргэжил, гэр бүл гээд олон дэвшилтийг хийх болно. Би байгал экологийн мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллах бодолтой байна.

-Нууц биш бол жингээ хэрхэн барьдаг вэ? Мисс байх нь тухайн хүнээс хичээл зүтгэл, бүхий л зүйлсийг шаарддаг байх гэсэн бодол төрлөө?

-Миний хувьд фитнесс, усан сэлэлтээр хичээллэдэг. Тэмцээний байнгын бэлтгэлтэй байгаа учраас жингээ барих шаардлагатай болж байна. Тэмцээнд оролцоход дэмжигч нарын оролцоо чухал байдаг. Бидэнтэй нэг сарын хугацаанд хамт байгаад намайг дэмжээсэй гэж хүсч байна.

-Тэмцээний ялагчийг ямар шагнал хүлээж байна вэ?

-Охидын хүсэн хүлээдэг цол хэргэм гэж хэлж болно. Мисс Монголиа гэж хэлэхийн бол дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрөгдөх стандарттай байдаг. Тэмцээний ялагч нь нэг жилийн хугацаатайгаар “Miss Universe”-тэй IMG агентлагтай хамтарч ажилладаг. Тиймээс 67 жилийн түүхэнд байгаагүй өнгө төрхийг хамтдаа бүтээцгээе.

-Гэр бүл зохиох тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Болох ёстой зүйл болох ёстой цагтаа болно гэж боддог. Тэгэхээр хараахан цаг нь ирээгүй байгаа юм болов уу.

-Цаашдаа олон улсын ямар тэмцээнд оролцох вэ? Төлөвлөсөн зүйл бий юу?

-Энэ тэмцээн бол томоохон тэмцээний нэг юм. Үүнээс цааш миссийн тэмцээн гэж байхгүй. Миний хувьд оролцож буй хамгийн сүүлийн тэмцээн энэ юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж