"Ерөнхийлөгчийн санал УИХ тарах үндэслэл болохгүй"

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

"Ерөнхийлөгчийн санал УИХ тарах үндэслэл болохгүй"

"Ерөнхийлөгчийн санал УИХ тарах үндэслэл болохгүй"

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ өөрөө тарах саналыг ирүүлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатараас зарим зүйлийг тодрууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах талаар санал өргөн мэдүүлсэн. Энэ асуудлыг хэрхэн хэлэлцэн шийдвэрлэх вэ?  

-Үндсэн хуулийн 22 дугаар зүйлд УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Ерөнхийлөгч үзвэл УИХ-ыг тараах талаар УИХ-ын даргатай зөвшилцөн санал гаргахаар заасан байдаг. Мөн УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал нэгдэж УИХ бүрэн эрхээ  хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлэх заалттай. Иймээс хуулийн дагуу эхлээд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр Их хурлыг тараах асуудлаар зөвшилцөж санал нэгдэх ёстой, үүний дараа Ерөнхийлөгч тогтоолын төслөө УИХ-д өргөн мэдүүлснээр их хурал түүнийг нь хэлэлцэж, нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батлах учиртай. Одоогийн байдлаар Ерөнхийлөгч тогтоолын төсөл өргөн мэдүүлээгүй, УИХ-ын даргатай зөвшилцөөгүй, Зөвшилцөх тухай санал хүргүүлсэн гэж ойлгож байна. Хуулийн дагуу тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн нөхцөлд ажлын долоон өдрийн дотор Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороод, нам, эвслийн бүлэг урьдчилан хэлэлцэж, хэлэлцэж эхэлснээсээ хойш ажлын долоон өдрийн дотор нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

Ерөнхийлөгчийн УИХ-ыг тараах саналын талаар та хувь гишүүний хувьд ямар байр суурь ямар байгаа вэ? 

-Ерөнхийлөгч Үндсэн хуульд зааснаар УИХ-ыг тараах саналаа УИХ-ын даргатай зөвшилцөх эрхтэй. Ямар үндэслэлээр энэ саналыг гаргах нь мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Гэхдээ Үндсэн хуульд “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл” Ерөнхийлөгч УИХ-ыг тараах саналаа гаргахаар заасан. Үндсэн хуульд хууль батлах, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, улсын төсөв батлах, улсын хил тогтоох гэх зэрэг УИХ-ын 18 онцгой бүрэн эрхийг заасан байдаг. Ерөнхийлөгчийн саналд энэ бүрэн эрхүүдээс яг алийг нь хэрэгжүүлж чадахгүй байгаагаас Их хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн талаарх үндэслэл албан бичгээс нь харагдахгүй байна лээ. Ер нь бол “Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн”  гэж Үндсэн хуулиар заасан. Иймд Ерөнхийлөгч ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төрийн институциудын хооронд, улс төрийн намуудын хооронд, магадгүй нийгмийн бүлэг, хэсгийн хооронд хямрал, үл ойлголцол, зөрчил үүсвэл тэдгээрийг хуулийн хүрээнд  шийдэхэд нь зохицуулагч нь болж, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Энэ бол Ерөнхийлөгчийн эрх нь биш үүрэг. Ерөнхийлөгчийн саналд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зарцуулалт болон 2019 оны улсын төсвийн тухай хуулийн төсөлд “гишүүний” гэх мөнгө орсон талаар дурдсан байна лээ. Жижиг, дундын үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудал байгаа бол УИХ-ыг тараах аргаар биш, хуулийн дагуу эрх бүхий байгууллагаар нь шалгуулж, шийдвэрлүүлэх, УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал байгаа бол Ёс зүйн дэд хороо, шаардлагатай бусад байгууллагад нь хандах нь зүйтэй байх. Харин 2019 оны улсын төсвийн тухай хуультай холбоотой асуудал байгаа бол УИХ одоо уг асуудлыг ид хэлэлцэж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн тааллаараа нэгдсэн хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлэх эрхтэй, түүнчлэн хууль батлагдсаны дараа хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой байдаг шүү дээ. Тиймээс эхлээд бүрэн эрхээ хэрэгжүүлж, хуулийн механизмаа ашиглах хэрэгтэй гэж үзэж байна.

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд “гишүүний мөнгө” гэх найман тэрбум төгрөг туссан талаар яригдаж байна. Үнэхээр ийм мөнгө байгаа юм уу?

-“Гишүүний мөнгө” гэх төсвийн зардал улсын төсвийн тухай хуульд байхгүй. Харин төсвийн төслийг боловсруулах болон төсвийн хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад гишүүд боловсрол, эрүүл мэндийн талаарх төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй байлгахад шаардлагатай барилга, байгууламжийн талаар саналаа холбогдох яамд болон Байнгын хорооны хуралдаан, ажлын хэсэгт  гаргадаг. Эдгээрээс дэмжигдсэн саналуудыг ингэж нэрлэж байх шиг байна. УИХ-ын гишүүн тойргийнхоо асуудал, зовлон, жаргалыг аль нэг яамны мэргэжилтнээс илүү мэддэгийн хувьд аль суманд дотуур байр, эмнэлэг,  шаардлагатай, аль суманд Тамгын газрын байр хэрэгцээтэй байгаа, аль сумын сургууль баригдаад 70 жил болж, одоо ашиглагдах боломжгүй болсныг хэлэх, уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардах, уг асуудлаар санал гаргах үүрэгтэй гэж боддог. Түүнчлэн ийм байдлаар гишүүний гаргасан саналаар улсын төсөвт тусгагдсан төсөл, арга хэмжээг УИХ-ын гишүүн хэрэгжүүлдэггүй, хуулийн дагуу улсын төсөвт тусдаг бусад бүх төсөл, арга хэмжээний нэгэн адилаар яамд эсхүл орон нутаг нь тендер зарлан өөрсдөө хэрэгжүүлдэг гэдгийг хэлэх нь зүйтэй байхаа.

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ-ын зарим гишүүний хамаарал бүхий хүмүүс зээл авсан, эхнээсээ салбарын сайдад нь хариуцлага тооцож байх шиг байна? 

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хуульд заасан шаардлагыг хангасан хэн боловч зээл авах, зээл авах хүсэлт гаргах эрхтэй. Одоо яригдаж байгаа тухайн тохиолдлуудад зээл хэрхэн, яаж олгогдсоныг нь би мэдэхгүй байна. Уг асуудлаар Нийслэлийн прокурорын газраас хэрэг нээж, шалгуулахаар Авилгатай тэмцэх газарт шилжүүлсэн талаар мэдээлсэн байна лээ. Үүний дагуу л шалгаж, тогтоох байх. Ер нь бол, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийн хөрөнгийг Улаанбаатарт төвлөрүүлэх биш, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалынхаа хүрээнд хөдөө, орон нутагт түлхүү хүргэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ нь орон нутгийн хөгжлийг дэмжихээс гадна, төвлөрлийг сааруулахад түлхэц болох болов уу. Төсвийн хөрөнгө, төрийн сангуудын зарцуулалтад хяналт тавих хамгийн үр дүнтэй арга бол үйл ажиллагаа нь ил тод, мэдээлэл нь нээлттэй байх явдал байдаг. Ингэснээр иргэд, иргэний нийгмийн байгууллагууд маань ч мэдээлэл авах, “хардах” эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой болдог. Иймд цаашдаа Засгийн газрын тусгай сангууд, ялангуяа зээлийн сангуудын үйл ажиллагааг ил тод болгох шаардлагатай байна. Бүр шаардлагатай бол магадгүй арилжааны банкуудаар зарим хэсгийг нь дамжуулах хувилбар байж болно. Гэхдээ арилжааны банкууд эргээд зээл хүсэгчдэд хэт өндөр босго тавьж, зээл олголт багасдгийг анхаарах хэрэгтэй байгаа. Мөн өнгөрсөн хаврын чуулганаар баталж, өнөөдрөөс эхлэн хэрэгжих Улсын бүртгэлийн багц дөрвөн хуулийн хүрээнд компанийн эзэд, эзэмшигчдийн мэдээллийг нээлттэй болгохоор заасан тул цаашид төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх зээл, төсөл хөтөлбөрийг хэн, хэрхэн авсныг хянахад илүү дөхөм болох байхаа. Төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавихад аудитын болон хууль хяналтын байгууллагаас гадна иргэдийн хяналт маш чухал ач холбогдолтой байдаг. Иймд иргэдэд аливаа мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр, хэрэглэхэд хялбар байхаар хүргэх нь төсвийн хөрөнгөд тавих иргэдийн хяналтыг илүү үр дүнтэй болгох боломжтой.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж