Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг өчигдөр /2018.10.31/ өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдээлэв. Гэхдээ түүнээс өмнө МАН-ын бүлэг хуралдаж, “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт харъяалагддаг учраас салбарын сайдад нь хариуцлага тооцох ёстой гэсэн улс төрийн шийдвэрт хүрснээ дуулгасан юм. МАН-ын бүлэг ийнхүү ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайд ч оролцсон. Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зөвшилцөхөөр хүргүүлсэн УИХ өөрөө тарах саналыг хэлэлцэнэ гэсэн ч ЖДҮХС-ийн зээлийн асуудал дээр голчилж ярилцжээ. УИХ-ын даргын зүгээс зөвшилцөх саналд өөрийн хариугаа өгнө гэдгээ мэдэгджээ.
МАН-ын бүлгийн хаалттай хуралдаанаар гол ярилцсан асуудал бол ЖДҮХС-г тойрсон сэдэв байжээ. Намын гишүүдийн олонх нь намын нэр хүндэд халдсан, хариуцлага алдсан сайд нартайгаа хариуцлага тооцох ёстой гэдэг асуудлыг хөндсөн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Ерөнхийлөгчийн тавьж буй гол асуудал бол ЖДҮХС-ийн зээл болон төсөвтэй холбоотойгоор УИХ-ыг тараах асуудлыг хөндөж байна. Өмнөх Засгийн газраа концессоор огцруулсан байж, ЖДҮХС-ын зээлийн асуудалдаа хариуцлага тооцох ёстой. Б.Батзориг сайд, Сангийн сайд нарт хариуцлага тооцох ёстой. Ер нь энэ Засгийн газрын бүх санг нэгдсэн байдлаар шалгаж, ил тод ярилцах цаг болсон шүү” гэдэг асуудлыг хөнджээ. Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Оюунхорол, О.Содилэг нарын гишүүд УИХ сайн ажиллаж байгаа, харин Засгийн газар ажлаа сайн хийх хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлжээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Тогтохсүрэн намын нэр хүндийг муухай харагдуулж байна. Гэхдээ бид эвтэй байж, хариуцлага алдсан хүмүүстээ хариуцлагаа тооцоод явах ёстой гэдгийг хэлжээ.
УИХ-ын гишүүн Д.Ганболд “Б.Батзориг сайд аа хариуцлагаа хүлээ. Бид сахилга бат ярьж гарч ирчихээд ийм асуудалд орж болохгүй. Ер нь манай намынхан "Эрдэнэт", банкны зээлийн асуудал гээд олон юм ярьж гарч ирсэн хэрнээ энэ асуудлаа одоо болтол шийдэхгүй яваад байна. Тиймээс одоо энэ олон маргаантай асуудлуудаа шийдэх хэрэгтэй байна шүү” гэдгийг анхааруулжээ. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувьд намын нэр хүнд унагааж байгаа энэ асуудалд хариуцлага тооцож, цаашид асуудлаа шийдэх хэрэгтэй. Ерөнхийлөгч энэ байдлаараа цаашид барьцаа ахиулна гэж үзнэ шүү дээ гэжээ. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын зүгээс ЖДҮХС-ийн зээлийг анхнаас нь би дэмжээгүй, анхнаасаа ийм мөнгө тавихад нь ч би шүүмжлэлтэй хандаж байсан. Тиймээс нэр холбогдоод байгаа гишүүдийн мөнгийг татаж аваад, ил тод нээлттэйгээр асуудлаа ярих ёстой. Ер нь асуудлаа том зургаар нь харах ёстой шүү гэдгийг тодотгожээ.
Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд “ЖДҮХС-ийн асуудал олон нийтэд маш муухай харагдуулж байна. Ялангуяа гадна, дотны маш том нөлөө орж байна. Онгоц бууж, гадны хүн ирээд л маш том нөлөөлөлд орж байна шүү” гэж анхааруулжээ. Хууль зүйн байнгын хорооны дарга чухам яагаад энэ асуудлыг хөндөв, Монголын улс төрд гадны нөлөө байгаа юм биш үү гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хувьд “Намын залуу улстөрчид ямар том байна вэ. Их л цөстэй байна даа” гэж тодотгоод Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн УИХ өөрөө тарах санал нь хуулийн процессын хувьд яаж явах ёстой, хууль зөрчсөн эсэх асуудлыг хөндөж ярьжээ. Мөн Ерөнхийлөгчийн саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Ер нь бол Ерөнхийлөгчийн санал болгоод байгаа Майдар хот төсөл нь бизнесийн төсөл байна лээ шүү дээ” гэдгийг тодотгосон байна.
Ийнхүү цаг гаруй хуралдаж, Б.Батзориг сайдад хариуцлага тооцох ёстой, цаашид нэр холбогдож байгаа гишүүд сангаас авсан зээлээ буцаан төлж, асуудлаа шийдэх ёстой гэдгийг намын гишүүд онцолсон байна. Харин хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх үгээ хэлсэн байна. Тэрбээр, “УИХ-ын нэр хүнд маш муу байгаа. Би УИХ сайн ажиллаж байгаа эсэх талаар судалгаа хийлгэж байгаа. Намын нэр хүнд ийм байгаа үед та нар ч гэсэн эвтэй бай. Битгий бие биенээ муулаад бай. Би хэнд ч үгээ хэлнэ, хэнээс ч айхгүй. Би Ерөнхийлөгчтэй уулзсан. 2019 оны төсөвт тусгасан ЖДҮХС-нд тусгасан 48 тэрбум төгрөгийг эргүүлэн татах, хасах асуудлаар ч санал солилцсон. Ерөнхийлөгчийн зарим зүйлийг бид дэмжих ёстой шүү. Б.Батзориг сайдын хувьд би өчигдөр /2018.10.30/ хариуцлагаа хүлээж, огцор гэдгийг нь хэлсэн. ЖДҮХС-ийн асуудлыг ХХААХҮЯ хариуцдаг учраас салбарын сайдад нь хариуцлага тооцох асуудлыг удахгүй УИХ-д тавина" гэжээ.
Энэ хуралдааны явцад ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нэг ч үг дуугараагүй гэнэ.
Ш.ЧИМЭГ