&#34Би шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж байгаа&#34

Хуучирсан мэдээ: 2015.01.27-нд нийтлэгдсэн

&#34Би шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж байгаа&#34

Д.Загдсүрэн: Би шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж байгаа

Монголын үндэсний олимпийн хороо(МҮОХ)-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн­тэй ярилцлаа.

-Таныг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, МҮОХ-нд ноцтой хохирол учруулсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан. МҮОХ-г удирдаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж  нарын хүмүүс хэдэнтээ хэвлэлийн бага хурал хийсэн. Харин та өнгөрсөн хугацаанд нам гүм байлаа. Нийгэмд нэлээд шуугиан дэгдээгээд байсан энэ асуудал юу болсон бэ гэдгээс ярилцлагаа эхэлмээр байна л даа…

-2013 онд манай байгууллагын сүүлийн арван жилийн санхүүгийн болон бусад бичиг баримтад АТГ-аас шалгалт хийсэн. Үүний дагуу 2014 онд шүүх хурал ч болж, шийдвэрлэсэн. Шүүх хурал нэгдүгээрт,  Д.Загдсүрэн нь МҮОХ-ны болон олон улсын байгууллагаас ирсэн хөрөнгө мөнгийг завшсан үйлдэл нотлогдоогүй гэж шийдвэрлэсэн. Хоёрдугаарт, Д.Загдсүрэн нь Тамирчдын сэргэлтийн төвийн барилгыг МҮОХ-ны санхүүжилтээр барьж, өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийг хувийн компанид шилжүүлж, завшсан гэх үндэслэлгүй байна. Гуравдугаарт, “Төрийн бус байгууллагын өмчлөх эрхийг албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар хууль бусаар авсан” субьектив тал болох шунахай сэдэлтэй, шууд санаатай эд зүйл материаллаг ашиг олох зорилготой болох нь нотлогдон тогтоогдохгүй байна. Харин МҮОХ-ны эзэмшил газраас МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурлын шийдвэргүйгээр “Нийслэл өргөө” ХХК-д 30х100 метрийн хэмжээтэй газрыг шилжүүлэх хүсэлт гаргасан  нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 266.2-д зааснаар гурван жил хорих, хоёр жил албан тушаал эрхлэх эрхийг хасах ял оноосон. 2009 онд гарсан Өршөөлийн хууль гэж байдаг юм билээ. Уг хуулийн дагуу надад оноосон ялыг өршөөн хэлтрүүлсүгэй гэсэн шийдвэр гарсан.

-Та яагаад МҮОХ-ны эзэмшлийн газраас хувийн компанид дур мэдэн шилжүүлж өгсөн юм бэ?

-МҮОХ-ны удирдах дээд байгууллага бол Олимпийн Чуулган. Чуулганаас Гүйцэтгэх зөвлөл болон гишүүд сонгогддог. Энэ чуулганаас надад “Спорт” зочид буудал барих чуулганы тогтоол 2004 онд гарсан юм.

Энэ тогтоолын дагуу “Нийслэл өргөө” ХХК-тай гэрээ байгуулж, тэд өөрийн хөрөнгөөрөө “Спорт” зочид буудал барихаар болж дээрх 30х100 метрийн хэмжээтэй газрыг “Нийслэл өргөө” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн миний гарын үсэгтэй албан бичгийг Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн. Газар шилжүүлэх эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудлыг Нийслэлийн засаг даргын шийдвэрээр олгодог. Материалаа бүрдүүлээд газрын албанд чуулганы шийдвэрийн хамт хүргүүлсэн. Ингээд 2006 онд  газрыг “Нийслэл өргөө”-д шилжүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гарсан.  Тус компани газраа томсгож авч чадаагүйгээс болоод дээрх газар дээр барилга байгууламж баригдаагүй. Гэхдээ өнөөдрийг хүртэл уг газар дээр байт харвааны тамирчид бэлтгэлээ хийсээр байгаа. Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр гаргуулаагүй нь миний алдаа байсан. Тиймээс миний бие шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж байгаа.

-АТГ-аас таныг байгууллагадаа ноцтой хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байсан байх аа. Мөнгө санхүүтэй холбоотой асуудал байгаа юм биш биз дээ?

-Спортын зочид буудал бариулахаар “Нийслэл Өргөө” ХХК-д шилжүүлсэн газрыг 47.0 сая төгрөгөөр үнэлсэн юм. Үүнийг байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн хэрэг л дээ. Одоо энэ газар шүүхийн шийдвэрийн дагуу МҮОХ-ны мэдэлд  шилжсэн байгаа.

-Таны эсрэг хэвлэлийн бага хурал хийж байсан хүмүүс Д.Загдсүрэнгийн талаар Олон улсын олимпийн хороонд мэдээлэл хүргүүлсэн гэж  байсан. Юун тухай бичиг явуулсан юм бол?

-Миний талаар Даамын холбооны дэд ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ, Оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар угаасаа  олон жил ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахд хандан захидал хүргүүлсэн байсан. Тэд одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2014 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр болсон шүүх хурлын шийдвэрийг явуулсан. Энэ нь  Олон улсын олимпийн Харти зөрчиж байна гэсэн утгатай байсан л даа.

Саяхан Олон улсын олимпийн хорооноос   захидлынх нь хариу ирсэн. Хариунд ОУОХ-нд ирүүлсэн мэдээлэл  болон  холбогдох  бичиг  баримтуудыг ОУОХ-ны ёс зүйн хороотой хамтран нарийвчлан судалсан гэдгийг тэмдэглэсэн байна лээ. Тэгээд “ОУОХ нь энэхүү асуудал нь ҮОХ-ны гишүүдийн хурал, тухайн улсын холбогдох байгууллагуудын мэдэж байгаачлан дотоодын асуудал мөн гэсэн дүгнэлтэд хүрлээ. ОУОХ-ны Олимпийн Хартийг зөрчсөн асуудал  байхгүй тул дотоодын асуудалд оролцох шалтгаан байхгүй гэж үзэж байна” гэсэн ийм хариу ирсэн.

-МҮОХ нь ам.долларт умбасан газар мэтээр олон нийтэд ойлгогдоод байгаа. Яагаад гэ­вэл энэ талаарх мэдээл­лийг Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөн­хийлөгч Д.Дагвадорж  нарын хүмүүс хангалттай түгээсэн. Танай байгууллага ОУОХ-ноос сард ямар хэмжээний санхүүжилт авч, хэрхэн яаж зарцуулдаг юм бэ?

-МҮОХ-нд сар бүр биш, жилд дунджаар 300 мянган ам.долларын санхүүжилт орж ирдэг юм. Үүнээс хөтөлбөр, төсөлд зориулагддаг юм. Жишээлбэл, дасгал­жуулагчдын сургалт, тамирчдын тэтгэлэг, олимпийн хөдөлгөөнд, спортын холбоодод дэмжлэг үзүүлэх гэх мэтээр зарцуулагддаг. Бид хөтөлбөр бүрийн тай­ланг  тухай бүрт нь гаргаж ОУОХ-нд явуулдаг. Дээрх санхүүжилт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хангалттай хүрэлцдэггүй гэдгийг манай спорт холбоодынхон сайн мэднэ дээ.  Манай байгууллага Хянан шалгах зөвлөлтэй. Тэр зөвлөл маань жил бүрийн санхүүгийн болон бусад бичиг баримтыг шалгаад, тайланг нь МҮОХ-ны бүх гишүүдийн хуралд тайлагнадаг. Мөн жилийн эцэст хөндлөнгийн Аудитын байгууллагаар шалгуулдаг. МҮОХ нь тухайн жилд хийсэн аж­лын тайлангаа гишүүддээ тараадаг. Тэр тайланд санхүүгийн тайлан ч дэлгэрэнгүй байдаг.

Манай ажилтнуудын дун­даж цалин 450-600 мянган төгрөг. Ажилласан жил, эрхэлж буй ажлаас шалтгаалан хэлбэлзэлтэй байдаг.

-Оны өмнөхөн бол­сон танай Гишүүдийн хурлаар таны энэ албан тушаалдаа үлдэх эсэхийг хэлэлцсэн гэсэн. Ганц, хоёр хүний гомдлоор ингэж гишүүд хуралддаг юм уу?

-МҮОХ-ны дүрмийн дагуу жил болгоны 12 дугаар сард гишүүдийн хурал болдог юм. Тус хурлаар  тухайн жилийн үйл ажиллагааны тайлан, хянан шалгах зөвлөлөөс санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, мөн гишүүн байгууллага, гишүүдийг нөхөн сонгох чөлөөлөх тухай асуудал хэлэлцдэг. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-ний өдөр хуралдсан МҮОХ-ны гишүүдийн хуралд Д.Жаргалсайхан, Ч.Бат-Эрдэнэ, Н.Баярсайхан, Д.Дагвадорж нар хү­сэлт тавьснаар Д.Загд­сүрэнгийн тухай асуудал  оруулж хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийн үеэр МҮОХ-ны гишүүн бус Даамын холбооны дэд ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ болон Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж нар ажиглагчаар оролцсон юм.  Энэ  хурлаар намайг цаашид МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллуулах итгэл хүлээлгэх эсэх талаар ярилцаж, санал хураалт явуулсан. Хурлын ирц  73 хувьтай байсан. Нийт гишүүдийн 96.89 хувь нь надад итгэл хүлээлгэх нь зүйтэй гэж санал өгсөн юм. Ингээд миний бие нийт гишүүддээ талархал илэрхийлээд, та бүхний итгэлийг алдахгүй Олимпийн их үйлсийн төлөө ажиллах болно гэдгээ хэлсэн. Энэ үгийг одоо дахин хэлмээр байна.

-МҮОХ нь Энэтхэгийн Үндэс­ний олимпийн хороо шиг болох нь гэж мэдээлээд байгаа л даа. Үнэхээр танай байгууллагын дотоод ажилд төр хөндлөнгөөс оролцсон зүйл бий юу?

-Энэтхэгийн Үндэсний олимпийн хорооны сонгуульд төр нь оролцсон юм. Тиймээс ОУОХ Энэтхэгийн Үндэсний олимпийн хорооны бүрэн бие даасан байдлыг хамгаалах зорилгоор эрхийг түр түдгэлзүүлж сонгуулийг төрийн оролцоогүй дахин хийлгэж шийдсэн. Манай улсын хувьд МҮОХ-ны ажил, дотоод хэрэгт төр засгаас оролцсон зүйл байхгүй.

-Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөс таныг огцруулсан нь дээрх мандсан үйл явдлаас улбаа­тай юу. Эсвэл төрийн албан хаагчдыг цомхотгосонтой холбон харж байна уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус 15 зөвлөхийн 13-ыг нь болиулсан. Тэднийг нэг дор чөлөөлсөн юм. Тэгэхээр дээрх хүмүүсийн тавьсан шаардлагаас болсон гэж бодохгүй байна.

-2016 оны Бразилийн олимп хаяанд ирсэн байна. Манай тамирчид ямар амжилт үзүүлэхээр зорьж байна вэ?

-2016 оны олимп болоход жил гаруйн хугацаа үлдэж байна. Манай спортынхон байнга өмнөх амжилтуудаа ахиулах зорилго тавьдаг. Олимпийн наадамд бэлдэх гол ажлыг Бэлтгэлийн төв хариуцдаг. Одоо тамирчид маань бэлтгэл сургуулиа хийгээд явж байна. Олимпийн наадамд бэлтгэх энэ ажилд дэмжлэг үзүүлэх холбоод, МҮОХ, ТББ-ууд дэмжиж туслалцаа үзүүлж, хамтран ажил­ладаг. Ингээд олимпийн наадамд амжилттай сайн оролцоно гэдэг бол олон хүний, олон байгууллагын хамтын ажиллагаа юм. Үүн дотроо хамгийн гол ачааллыг төр засаг үүрч, төсөвтөө суулгаж, мөнгөө зарцуулж явдаг зүй тогтолтой. Бид Лондонгийн олимпоос таван медаль авсан. Үүнийгээ ахиулж, алт авах гол зорилготой. Энэ бол тамирчин хүний, дасгалжуулагчдын, спортын холбоо болгоны, бэлтгэлийн төв шигшээ баг гээд бид бүгдийн зорилго. Үүн дээр яг төвлөрдөг дөө.

-Чөлөөт бөх, жудо, буудлага, бокс бол манай улсын олимпод оролцдог топ дөрвөн төрөл. Тэгэхээр энэ төрлүүдээ хэрхэн ахиулахаар бэлтгэл сургуулилтаа хийж байна?

-Топ дөрвөн төрөл дээр Хөнгөн атлетик, хүндийн өргөлт орж байсан. Гимнастик болж байна. Усанд сэлэлт эрхээ аваад  орж байсан. Одоо дугуй, таэквондогийн төрөл олимпод орох эрхээ авах тэмцээнд орох гэж байна. Ер нь бол 2016 оны олимпод долоо, найман төрөл олимпод очих байх гэж бодож байгаа.

2008 оны олимпод бэлдэхээс эхлээд төрөөс маш их анхаардаг болсон. Төсөв ч огцом нэмэгдсэн. Улсын төсвийг дагаад тамирчдын байрлах хоногийн тоо болон оролцох тэмцээн уралдааны тоо нэмэгдсэн. Үүнийгээ дагаад амжилт нь ч ахисан. Дээрээс нь зарим холбоод менежмент сайтай ажиллаж, төрийн ачааллыг хөнгөлж байна. Төрөөс тамирчдыг таван тэмцээнд оруулдаг байсан бол холбоод арван тэмцээн болгож байна. Тиймээс тамирчдын амжилтууд сайжирч байна. Ялангуяа Жудо, Чөлөөт бөх, Буудлагын холбоод сайн ажиллаж байгааг энд онцолмоор байна.

-Жудоч Г.Отгонцэцэг Бразилийн олимпод Казахстаны нэрийн өмнөөс зодоглоно гэж байна. Ер нь манайх гаднаас легионер авч тэмцээн уралдаанд оролцуулах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Манайх гаднаас легионер авч орлцох боломжтой. Дэлхийн бүхий л орон легионер авч байгаа. Тэгэхээр манайд болохгүй гэх газар байхгүй. Манай холбоод өөрсдөө хөөцөлдөөд, төрийн байгууллагуудтайгаа яриад зөвшилцөөд явахад болохгүй гэх зүйлгүй л дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж