Зам тээврийн хөгжлийн яам газрын дарга нараа томилжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Зам тээврийн хөгжлийн яам газрын дарга нараа томилжээ

Зам тээврийн хөгжлийн яам газрын дарга нараа томилжээ

"Ньюс"агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт "Яам агентлагаар сонин юутай вэ" буланг бэлтгэн хүргэдэг. Энэ удаагийн дугаарт Зам тээврийн хөгжлийн яамыг онцолж байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ажлаа аваад удаагүй байгаа. Тэрбээр энэ богино хугацаанд ямар ажил амжуулсныг сонирхоё.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг "Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр "Тал нутгийн хөгжлийн зам” компанитай концессын гэрээ байгуулахаар шийдлээ.

Дээрх компани гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 2.5 жилд багтаан хатуу хучилттай авто зам барих бөгөөд 12 жил ашиглаж төрд шилжүүлэх юм. "Тал нутгийн хөгжлийн зам” компанид төрөөс санхүүгийн ямар нэгэн дэмжлэг, баталгаа гаргахгүй. Зам баригдсанаар нүүрсний экспортын 50-60 хувийг тээвэрлэдэг замын урсгал сайжирч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө эрс багасна гэж үзсэн байна.

Мөн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км замын төгсгөлөөс Цагаан дэл уул хилийн боомт хүртэлх 270 км замыг "Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр "Ундрах говь” компанитай концессын гэрээ байгуулахаар болов. Төрөөс санхүүгийн ямар нэгэн дэмжлэг, баталгаа гаргахгүй бөгөөд компани шаардагдах хөрөнгийг гаргах аж.

Үүний зэрэгцээ Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн хатуу хучилттай автозамын төслийн явцыг хэлэлцэв. УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолд заасны дагуу Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэл болгон өөрчлөн "Нако” компанитай концессын гэрээний хэлэлцээ хийж, санал дүгнэлтээ танилцуулахыг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд даалгажээ.


Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурснаас нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Эл хэрэгтэй холбоотойгоор хэд, хэдэн газрын дарга нар албан тушаалаасаа чөлөөлөгдөж, шинээр хүн томилох шаардлагатай болсон.

Тодруулбал, тус яам Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах саналаа Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байдаг. Гэвч төд удалгүй Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг тус яамны хүсэлтээр хойшлуулжээ.

Иймээс хүсэлтийнх нь дагуу Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт зарлахад Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар А.Буяннэмэх, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Д.Доржханд нар шалгарсан байна.

Т.НОМИН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж