Ямар оюутнууд тэтгэлэг авах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.01.27-нд нийтлэгдсэн

Ямар оюутнууд тэтгэлэг авах вэ?

Шийдлийн Засгийн газар хавтгайрсан халамжийг цэгцлэхээр оюутны тэтгэмжийн босго оноог өсгөсөн. Өмнө сайн, муу сурдаг нь хамаагүй оюутан нэртээ болгон цалин авдаг байсан бол энэ жилээс голч дүн нь 3.0 оноотой оюутан цалин авахаар болж байна.

Ерөнхий сайд хэлэхдээ шөнөжин хичээлээ давтсан оюутан, шөнөжин шоудсан оюутан хоёр адилхан цлаин авдаг байж болохгүйг чуулганы танхимд сануулсан юм. Үнэндээ ч оюутны тэтгэмж архины мөнгө болж буйг, оюутан болгонд хавтгайрсан халамж үзүүлснээр сурах эрмэлзлэлийг нь боомилж байгааг шүүмжлэх хүмүүс олон. Тиймээс

“Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт оруулжээ. Өөрчлөлтөд сурлагын голч дүнг дараах байдлаар өсгөсөн байна.

-Үндэсний тэтгэлэг:

1. Бакалаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-оос доошгүй
2. Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй
3. Докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-оос доошгүй байсныг 3.5-аас доошгүй

-Урамшууллын тэтгэлэг:

1. 50 хувийн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш
2. 75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магисрант, доктрантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш болгон тус тус өндөрсгөсөн байна.

“Сургалтын байгууллага суралцагчийн тэтгэлгийн асуудлаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг удаа дараа буруу гаргасан буюу сурлагын үнэлгээг бодитой бус үнэлсэн нь тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж журамд өөрчлөлт оруулжээ.

Ингэснээр оюутны сурах идэвх сэргэж, эдийн засгийн хувьд ч ашигтай байж чадна гэдгийг их, дээд сургуулийн багш нар хэлж байгаа юм. Ийнхүү онц сурвал цалин авдаг хуучны тогтолцоо эргээд сэргэж байгаа нь оюутнуудад ч гэсэн цаашдаа сурах, мэдлэг олж авахын тулд өрсөлдөх жинхэнэ өрсөлдөөнийг бий болгож байна.

Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж