ОХУ Хятад улстай эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна боловсрол, соёл, хүмүүнлэгийн чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Хятад улсад 19 мянган орос оюутан суралцаж байна хэмээн ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Татъяна Голикова Бээжингийн Их сургуулийн удирдлагатай Мягмар гаригт /2018.10.30/ Бээжин хотноо уулзах үеэрээ хэллээ.
Эдгээр оюутны зардлыг ОХУ-ын Засгийн газар хариуцаж байгаа юм.
“2012 оны арванхоёрдугаар сард баталсан ОХУ-БНХАУ-ын хооронд хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх 10 жилийн төлөвлөгөөг бид амжилттай хэрэгжүүлж байна. Хоёр улсын хооронд харилцан сургаж, солилцож байгаа оюутан, аспирант, багш нарын тоо жилээс жилд нэмэгдэж байна” хэмээн Голикова хэллээ.
Түүний хэлснээр өнөөдрийн байдлаар ОХУ-д Күнзийн 22 институт, БНХАУ-д орос хэлний сургалтын 22 төв ажиллаж байна. Одоогийн байдлаар ОХУ-д 35 мянган хятад оюутан суралцаж байна.
Татъяна Голикова Бээжин хотноо зохиогдсон ОХУ-БНХАУ-ын Хүмүүнлэгийн хамтын ажиллагааны зөвлөлийн 19 дүгээр хуралд Оросын талын төлөөлөгчдийг ахлан оролцсон юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ