Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг тандах төвийн судалгаагаар оросуудын хамгийн дуртай баяр нь шинэ жил болон Ялалтын баяр ажээ. Ямар баярыг илүү өргөн дэлгэр тэмдэглэдэг вэ гэсэн асуултад шинэ жил гэж судалгаанд оролцогчдын 96 хувь нь хариулсан бол Ялалтын баяр гэж 95 хувь нь хариулжээ.
Эдгээрийн дараа Мартын 8 буюу эмэгтэйчүүдийн баяр /88 хувь/, хоёрдугаар сарын 23-нд тэмдэглэдэг цэргийн баяр /84 хувь/, үнэн алдартны шашинтны гол баяр болох пасха /82 хувь/, зул сарын баяр /77 хувь/, Майн баяр /63 хувь/, Оросын өдөр /54 хувь/ гэсэн баяруудыг өргөн дэлгэр тэмдэглэдэг ажээ. Харин ач холбогдол өгдөггүй баярт Ард түмний нэгдлийн өдөр /42 хувь/, Валентины баяр /27 хувь/, Сансрын нисэгчдийн өдөр /26 хувь/ тооцогдож байна.
Гадаад улс орнуудын өргөн тэмдэглэдэг зарим баярыг оросууд огт тэмдэглэдэггүй болохыг судалгаа харуулсан байна. Тухайлбал, Гэгээн Патрикийн өдөр, Дорнын цагаан сар, Халловийн, Курбан-байрам зэрэг баярыг тэмдэглэдэггүй гэжээ.
Судалгаагаар ажиглагдсан өөр нэг сонирхолтой зүйл нь Москва, Петербург зэрэг том хотын оршин суугчид хүн ам цөөнтэй жижиг хот, сууринд оршин суугчидтай харьцуулбал элдэв баярыг цөөн тэмдэглэдэг ажээ. Тухайлбал, Мартын наймныг том хотынхны 85 хувь нь тэмдэглэдэг гэсэн бол 500 мянгаас нэг сая хүртэлх оршин суугчтай хот, суурин илүүтэй буюу 91 хувь нь тэмдэглэдэг гэжээ.
Судалгааг 2018 оны аравдугаар сарын 28-нд 18-аас дээш насны 1600 хүнийг хамруулан хийсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ