Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

"Мөнхийн канцлер"

"Мөнхийн канцлер"

Долоо хоног бүрийн Пүрэв гаригт хүргэдэг "Хүмүүс" булангаараа 2021 онд улс төрөөс буух болсноо зарлаад байгаа, Герман улсын канцлер Ангела Меркелийг онцолж байна.


ТОВЧ НАМТАР:

  • 1954.07.17-нд ХБНГУ-ын Хамбург хотод мэндэлсэн
  • 2000 оноос хойш Германы улс төрийн томоохон хүчин болох Христийн ардчилсан холбоог удирдаж байгаа
  • 2005 оноос хойш Герман улсын канцлерын албан тушаалыг хашиж байгаа бөгөөд анхны эмэгтэй канцлер
  • Нийт 4 удаа канцлераар сонгогдсон
  • “Форбес” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий улстөрч эмэгтэйчүүдийн нэгээр зарлаж,  2015 оны “Таймс” сэтгүүлийн оны онцлох хүн болсон

ГЭР БҮЛ

Ангела Меркел буюу Ангела Доротеа Каснер нь 1954 онд Хорст Каснер, Хэрлинд Каснер нарын анхны хүүхэд болон мэндэлжээ. Аав нь шашин судлаач, сүмийн пастер, харин ээж нь латин, англи хэлний багш байв. Тэрбээр Маркус болон Ирене нэртэй хоёр дүүтэй. Бага насаа зүүн Германы Тэмплин хотод өнгөрөөжээ. Аав нь сүмийн пастер байсан ч Ангела Меркель атеист үзэлтэн байсан нь хожим олон дэмжигчтэй болоход нь ч нөлөөлсөн аж.

Өвөг эцэг Людвиг Казмирчек нь Польшоос Германд дүрвэж ирсэн бөгөөд овгоо герман хэлэнд дөхүүлэн Каснер болгон өөрчилсөн гэдэг. Харин Меркел гэдэг нь түүний анхны нөхрийнх нь овог юм.

Анхны нөхөр Ульрих Меркелтэйгээ 1974 онд ЗХУ-ын залуучууд солилцооны үдэшлэгийн үеэр танилцаж, гэр бүл болсон. Харамсалтай нь, гэрлэлт 5 жилийн дараа салалтаар төгсөж,  угаалгын машин, Меркел гэдэг овогтой л үлджээ. Сонирхолтой нь түүний анхны нөхөр нь Христийн ардчилсан холбооны сөрөг хүчин болох Ногоон намыг дэмждэг байсан гэдэг. Тухайн үед Ангела Меркел улс төрд нэрээ таниулж эхлээд байсан тул гэрлэлтээ цуцлуулсан ч нөхрийнхөө овгийг солиогүй аж.

Дараа нь 1998 онд алдартай квантын физикч Иохим Зауэр хэмээх мэргэжил нэгт хүнтэй амьдралаа холбожээ. Ангела хүүхэдгүй байсан бол Иохим Зауэр нь хоёр хүүхэдтэй байжээ. Нөхөр нь даруухан, олны нүдэнд төдийлөн өртөх дургүй нэгэн бөгөөд Ангелаг канцлерын тангараг өргөх ёслолд ч очоогүй гэдэг. Тэрбээр Германы алдарт Хумбольдтын их сургуулийн доктор төдийгүй Нобелийн шагналд нэр дэвшиж байжээ.

ХУВИЙН СОНИРХОЛ

Ангела Меркел хөл бөмбөг үзэх дуртай. Энэ сонирхол нь эрэгтэйчүүдтэй хэл амаа амархан ололцоход тус болдог байж болох юм. Сургуулийн сурагч байхдаа физик, математикийн хичээлдээ дуртай байсан нь хожим физикч мэргэжлийг эзэмшихэд хүргэжээ.

Түүний ажлын өрөөнд Герман гаралтай, Оросын хатан хаан 2-р Екатеринагийн зураг байдаг гэнэ.

Эмэгтэй хүн хэдий ч тэрбээр даашинз, бошинз бараг л өмсдөггүй, ээмэг, бөгж зүүдэггүй, үнэртэй ус ч хэрэглэдэггүй байна. Түүний өмсөх дуртай өмд, хүрмийн хослолыг Хамбургийн зохион бүтээгч Беттина Шенбах урладаг.

Улс төрийн өндөр дээд албан тушаалтан хэдий ч гэртээ бол жирийн л нэг эзэгтэй. Өглөө бүр нөхөртөө цайг нь бэлдэж өгч, гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс хүнсээ цуглуулан, хоолоо хийдэг. Тэрбээр шницель болон чавганы бялууг чадварлаг хийдэг байна.

Өөөрийгөө эрч хүчээр дүүрэн, залуу хүмүүсээр хүрээлүүлэх дуртай. Өрсөлдөгчид нь түүний багийг “хөвгүүдийн баг” ч гэж шоглодог.

Хориод жилийн өмнө хөршийнхөө нохойд хазуулснаас хойш айдаг болжээ. Нэгэн удаа Ангела Меркелийг Орост айлчлахад Владимир Путин хэргээр хэлэлцээр хийх өрөөндөө том нохойнуудаа дагуулан орж ирж байсан гэдэг.

Зүүн Германд өссөн тэрбээр Орос хэлээр чөлөөтэй ярьдаг нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй сайн ойлголцоход нь нөлөөлдөг байна.

БОЛОВСРОЛ

Хамбургт мэндэлсэн ч Берлинд өсөж, боловсрол эзэмшсэн байна. Физикийн хичээлд нугасгүй байсан тэрбээр хожим Лайпцихийн их сургуульд элсэн суралцаж, физикч мэргэжлийг эзэмшсэн бол 1978 онд квантын физикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ.

КАРЬЕР

1978-1990 он буюу хоёр Германыг нэгдэх хүртэл Ардчилсан Герман улсын шинжлэх ухааны хүрээлэнд физикчээр ажиллаж байсан.

1990-1994 онд ХБНГУ-ын эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал хариуцсан сайд

1994-1998 онд Байгаль орчны сайд

1998-2000 онд Германы Христийн ардчилсан холбооны ерөнхий нарийн бичгийн дарга

Берлиний хана нурсны дараа Зүүн Германд анхны ардчилсан сонгууль болоход Ангела Меркел нэр дэвшжээ. Түүний нэр дэвшсэн нам нь Христийн ардчилсан холбоотой эвсэж, сонгуульд өрсөлдсөн байна. Улс төрд орсныхоо дараа тэрбээр Христийн ардчилсан холбооны гишүүн болсон бөгөөд 1993 онд Мекленбургийн Христийн ардчилсан холбооны дарга татвараас зайлсхийсэн хэргээр огцроход орлогч болж, тойргийнхоо намын хорооны даргын албан тушаалыг авчээ. 2000 он гэхэд хууль бус санхүүжилттэй холбоотойгоор тус намын нэр хүнд ихэд унаж, хүч нь сулраад байсан үед Меркел даргын албан тушаалд өрсөлдөж, 96 хувийн саналаар сонгогдсон юм.

Германы эдийн засгийн тогтолцооны шинэчлэлийг дэмжсэн бодлого нь түүний нэр хүндийг өсгөхөд нөлөөлжээ.  Германы улс төр дэх дутагдлыг шударгаар шүүмжилж чаддаг байсан түүнд хүмүүс дуртай байв. Намын дарга болон сайдын албан тушаалыг амжилттай хашсан түүнийг 2005 оны сонгуулиар олонхийн саналаар, ХБНГУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй канцлер болгожээ. Канцлерын сарын цалин нь 290,000 евро юм.

2016 онд канцлерын албан тушаалд дөрөв дэх удаагаа өрсөлдөн ялахад түүнийг “мөнхийн канцлер” хэмээн цоллох болжээ. Гэхдээ саяхан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ 2021 оноос хойш улс төрийн амьдралд оролцохгүй тухайгаа хэлсэн юм. Энэ нь түүний нам сүүлийн сонгуулиар муу үр дүн үзүүлсэнтэй холбоотой. Өдгөө 64 настай тэрбээр, намын даргын албан тушаалаа ч бас ойрын хугацаанд өгөх гэж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж