"Азийн наадмын алтан агшнуудыг номондоо багтаав"

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Азийн наадам 2018: Индонез

"Азийн наадмын алтан агшнуудыг номондоо багтаав"

"Азийн наадмын алтан агшнуудыг номондоо багтаав"

Азийн олимп буюу дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадам өнгөрөгч наймдугаар сарын 18-аас есдүгээр сарын 2-ны хооронд Индонезийн Жакарта, Палембан хотуудад болсон билээ. Уг наадамд 45 орны 11 мянган орчим тамирчид 40 спортын төрөлд 465 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Монгол Улсаас спортын 18 төрөлд өрсөлдсөнөөс нийт 25 медаль хүртсэн. Энэхүү наадамд МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Д.Өлзийсайхан ажилласан бөгөөд тэрбээр өнөөдөр “Индонезийн тэнгэрт Монголынхоо далбааг мандуулсан тамирчид” номынхоо нээлтийг хийлээ. Түүнтэй номын нээлтийн үеэр ярилцсанаа хүргэе.

-Азийн наадмын XVIII наадам өндөрлөөд хоёр сарын хугацаа өнгөрлөө. Наадмыг тойрсон үйл явдлууд олон улсад өрнөсөөр байна. Монголын тамирчдын мэдээллийг цаг алдалгүй Индонезиас мэдээлж байсан таны баярын сэтгэгдлийг сонсмоор байна?

-“Жакарта-Палембан 2018” Азийн наадам онцгой байсан. Миний хувьд хоёр дахь Азийн наадмыг сурвалжлахаар явсны хувьд өөрийн бүхий л боломжоо ашиглан мэдээллийг дамжуулахыг хүссэн. Монголын тамирчдын Улаанбаатарт нээлтээ хийсэн үеэс эхлэн номын үйл явдал эхэлнэ. Мэдээж нээлтийн үйл ажиллагаанаас эхлэн сүр дуулиантай байсан Азийн наадмын түүх одоо ч хуучраагүй бичигдсээр байгаа. Миний хувьд номондоо Монцамэ агентлагаар дамжуулан мэдээллэж байсан мэдээллийг багтааснаас гадна гэрэл зурагчдын онцгой агшнуудыг оруулсан. Өнөөдөр өөрийн номоо олны хүртээл болгож, залуу хойч үеийнхэнд багагүй нэмэр болох болов уу гэж мэдээллээ эмхэтгэн орууллаа. Дараа дараагийн наадмуудад томоохон сургамж болох байх. Мөн Азийн наадмын түүхийг бид ном болгон олонд хүргэх нь чухал байгаа. Азийн олимп буюу Азийн наадмын түүх 1951 оноос эхтэй. Монголын тамирчдын түүхэн амжилтын буухиа энэ онд Индонезид үргэлжилж түүнийг сурвалжилсанд сайхан байна.

-Азийн наадмын мэдээллийг дамжуулах үед бэрхшээл гарч байв уу. Таны хувьд олон зурагчидтай хамтран ажилласан байна. Наадмын торгон агшнууд номонд багтжээ. Энэ номын олон үйл явдлын гэрч болон үлдлээ?

-Монголчуудын хувьд Индонезид болсон тэмцээн уралдаан үргэлж ээлтэй байдаг. Энэ удаагийн Азийн наадамд ч Монголын тамирчдын амжилт өндөр гарсныг бид бүхэн мэднэ. Сэтгүүлчдийн хувьд аливаа спортын наадмыг дамжуулахад хүндрэлтэй бэрхшээлүүд бага сага гардаг. Гэхдээ энэ удаагийн наадам сайн бэлтгэлтэй байсан нь харагдсан. Сэтгүүлчийн хувиар олон улсын сэтгүүлчдийн хамт хэвлэл мэдээллийн төвд байрлаж, бүхий л төрлийг шуурхай дамжуулахад саадгүй байлаа. Мөн Э.Харцага, Ч.Ганбат, Г.Мэргэн нарын гэрэл зурагчид маань наадмын торгон агшныг гэрэл зургийн хальсанд буулгаж мэдээлж байсан нь бидэнд их дэм болсон. Тийм учраас номондоо гэрэл зурагчдынхаа фото агшинг багтаасан байгаа. Наадмаас наадмын хооронд зохион байгуулагчид улам сайн ажиллаж байна. Монголын тамирчдын болох тэмцээн ойр болж байснаараа онцлог байлаа. Боксын хувьд зайтай газар болсон нь очиход хүндрэлтэй байсан. Бусдаар бол бидэнд ажиллахад хүндрэл бага гарсан. Индонезийн ард иргэд зочломтгой, элгэмсэг байдал нь биднийг ажлаа явуулахад саадгүй байсныг онцолмоор байна.

-Азийн наадмын дараахан Монголын тамирчдын нэг медалийг хассан. Тухайн үед ажилласан сэтгүүлчийн хувьд  ямар тайлбар хэлэх вэ?

-Манай тамирчид энэ удаагийн наадамд таван алт, есөн мөнгө, 11 хүрэл, нийт 25 медаль авсан. Гэхдээ наадмын дараа зохион байгуулагчдаас нэг тамирчин допингийн асуудалтай холбогдсон учир одоогоор 24 медальтай болчихлоо. Мэдээж чөлөөт бөхийн шилдэг тамирчин П.Орхоны амжилтыг дэргэдээс нь харж байсан хүний хувьд харамсаж байна. Энэ наадмын амжилт өмнөх Азийн наадмуудын амжилтыг ахиулсан үйл явдал байлаа. Магадгүй шинээр самбо бөх, жиү жицү, кураш зэрэг бөхийн төрлүүд оролцож медалийн буухиаг нэмэгдүүлсэн нь нөлөөлсөн болов уу.

-Таны хувьд идэр залуу насандаа боксын спортоор хичээллэж байсан гэдэг. Тэгэхээр спортын салбарт өнөөг хүртэл ажиллаж байгаагийн хувьд олон зүйл нөлөөлсөн байх?

-1976 онд Канадад болсон зуны олимпийн XXI наадмын дараа Д.Банди агсан, Х.Алтанхуяг багш нар зодог тайлж боксын дугуйланг нээсэн. Тэгэхэд манай үеийн болон тухайн үед бокс сонирхдог байсан олон хүүхдүүд бүртгүүлж орсон. Нэг мэдэхэд 100 гаруй хүүхдүүд дугуйланд явсан. Гэхдээ тэднээс удалгүй 20 гаруй хүүхэд тунаж үлдсэн. Эдгээр үлдсэн тамирчдаас “Сөүл 1988” олимпийн наадмын хүрэл медальт Н.Энхбат нарын шилдэг тамирчид төрөн гарсан. Саяхан Х.Алтанхуяг багш Ардын багш болоход анхны шавь нар нь гэхэд 7-8 хүн байна. Дунд сургуулийн долдугаар ангиас эхлэн хичээллэж, цэргийн албанд “Алдар” нийгэмлэгт байх хүртэл арваад жил боксын спортоор хичээллэсэн миний хувьд бокстой байнга холбоотой явдаг. Спортод байх энэ цаг үе минь үүнээс улбаатайг хэлэхэд сайхан байна.

Гэрэл зургийг Э.ХАРЦАГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж