Гашуунсухайтын замд өдөрт 4-5 осол гарч байна | News.MN

Гашуунсухайтын замд өдөрт 4-5 осол гарч байна

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Гашуунсухайтын замд өдөрт 4-5 осол гарч байна

Гашуунсухайтын замд өдөрт 4-5 осол гарч байна

Тавантолгойн ордын эдийн засгийн үр өгөөж ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг  эдийн засгийн “Өөрчлөгч клуб”  Хүний эрхийн үндэсний комисстой /ХЭҮК/ хамтран өнөөдөр /2018.10.31/ зохион байгууллаа. Энэ  үеэр  Тавантолгойн орд дахь  бүхий л үйл ажиллагаа нь орон нутгийн иргэд,   тэнд ажиллагсдын эрхийг ноцтой зөрчиж байгааг ХЭҮК-ийн захиалгаар Бодлогын инновацийн хүрээлэнгээс хийсэн судалгааны дүнг танилцуулсан юм.  Дээрх судалгаа нь  тус бүс нутагт хүний  эрхийн нөлөөллийн чиглэлээр хийсэн хараат бус, иж бүрэн анхны судалгаа гэдгийг  тэд онцолж байв. 


Судалгааны дүгнэлтэд “Тавантолгойн бүлэг уурхайн олборлолт, тээвэрлэлтэд оролцогч   төр, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа нь эрүүл аюулгүй орчинд  амьдрах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, амьд явах хөдөлмөрийн  таатай нөхцөлөөр хангуулах  мэдээлэл авах, гомдол саналаа шударгаар шийдвэрлүүлэх зэрэг хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн.  Улмаар   дээрх эрхийн зөрчлүүд  цаашид даамжрах хандлагатай байна” гэжээ.

Өмнөговь аймгийн Цогтцэцийн суурингаас  1-10 км-т нүүрсийг ил  аргаар олборлодог. Эрдэнэс   таван толгой компани  уурхайн амнаас Гашуун сухайтын  зам хүртэл  шороон замаар нүүрсээ тээвэрлэдэг. УБ-Цогтцэций сум хүртэлх  замын 59 км шороон замтай. Эдгээр нөхцөл байдал нь сумын тоос, тоосжилт үүсгэх байх ёстой хэмжээнээс  10-15 дахин ихсэхэд гол нөлөө үзүүлсэн гэж үзжээ.  Цогцтцэций сумын нийт өвчтэй хүмүүсийн тал хувь нь амьсгалын замын өвчнөөр оношлогдсон, сумын өвчлөл ихэнх сумаас 15-20 дахин өндөр болсон. Гэсэн ч ЭТТ, орон нутаг дахь “Таван толгой”, “Энержи ресурс “компанийн уурхайнууд тоосны хэмжилт, түүнтэй холбоотой мэдээллээ солилцдоггүй, мэдээлэл нь ил тод бус гээд нийгмийн хариуцлага сул байгааг судалгаанд дурджээ.

ЦАГААН ХАДНЫ ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСИЙГ ТҮР ХААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХЭҮК ГАРГАЖЭЭ

Сүүлийн найман жилд Цогтцэций сумын хүн ам гурав дахин өсөж буй ч  төсвөөс олгох эрүүл мэнд, нийгмийн  зардал нь огт нэмэгдээгүй, нүүрсний тээвэр хэт ихэссэнээс Гашуунсухайтын замд өдөрт 4-5 осол гарч, тэр хэмжээгээрээ иргэд эд хөрөнгөөрөө хохирч байна. Сард нэг хүн амь насаа алддаг гээд нүүрс олборлолт нэмэгдэх бүр дагаж өсч буй хүний эрхийг ноцтой зөрчлүүдийг уртаар жагсаасан байна. Тавантолгойн нүүрсийг тээвэрлэж байгаа 12.000 орчим жолоочийн 90 хувь нь эрүүл мэндийн анхан шатны оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломжгүй байгаа нь мөн л судалгаагаар   гарчээ. Тухайлбал нүүрс олборлолт, экспортоор тэргүүлэгч “Эрдэнэс тавантолгой” ХК, мөн орон нутгийн гэгддэг “Тавантолгой” ХК нь нүүрс худалдан авагч “Шэнхуй”, “Чалко”, “Вейнсвэй”, “Пушин” зэрэг компанид тээвэрлэлтийн асуудлаа даатгаж  тэдэнд ямар нэгэн шаардлага тавихаас зайлсхийдэг байна.

Мөн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дахь Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд хүний эрх ноцтой зөрчигдсөнийг Бодлогын инновацийн хүрээлэнгийн судалгааны  тайланд өгүүлжээ. Тухайлбал, усаа зөөврөөр авч хэрэглэдэг, суурингийн ямар ч төлөвлөлтгүй тус газарт өнөөдөр 15.000 хүн ирж очин амьдардаг гэсэн албан бус тоо бий. Тиймээс хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах наад захын нөхцөлийг хангах хүртэл Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг түр хаах зөвлөмжийг ХЭҮК гаргажээ.

8.2 КМ ЗАМЫГ ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА ГЭЖ БАЙСАН Ч БАС Л ЧАДАХГҮЙ БОЛЛОО

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга О.Бадарч “Өнөөдөр Улаанбаатар Цотцэций чиглэлд, сум талдаа 59 км хатуу хучилттай зам барих ажил Үндэсний хөгжлийн хороо, Сангийн яаман дээр гацчихаад байж байна. Концессийн гэрээгээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-ны өдөр 800 сая төгрөгөө байршуулчхаад байхад зөвлөхийн тендерийг таван сар гацааж байгаад Монгол Улсын Ерөнхий сайдыг  улсын хилээр наашаа давдаг зарлаж байгаа юм. Зураг төсөв батлагдаад дөрвөн жил, зам тавих компани нь шалгараад хоёр жил болж байна. Ажил хийх гэсэн компаниуд нь Цогтцэций суманд буучихсан кемп, үйлдвэрээ байгуулчихсан байж байхад өнөөдөр ч  энэ асуудал гацаатай л байна. Мөн У.Хүрэлсүх шадар сайд байхдаа  2016 оны арваннэгдүгээр сард “ЭТТ” ХК-д уурхайн амнаас Гашуун сухайтын зам хүртэлх хамгийн их тоос дэгдээдэг газарт  зам тавих үүрэг өгсөн. Ингээд "ЭТТ" ХК нь 8.2 км замыг энэ онд ашиглалтад оруулна гэж байсан ч бас л чадахгүй боллоо” хэмээв.

“ЭНЕРЖИ РЕСУРС” КОМПАНИ АЖИЛЧДАДАА  80 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН

“Гложекс консалтинг” ХХК Ерөнхий захирал Л.Наранбаатар   “ХЭҮК-оос мэдээлснээр 2010-2018 онд нүүрсний тээвэртэй холбоотойгоор 50 гаруй хүн  нас барсан байна.  Өнөөдөр төмөр зам байхгүйгээс болж олон аавын хүү амь насаа алдсан гэхэд буруудахгүй байх. “Энержи ресурс” компанийн  хувьд олон улсын хөрөнгийн бирж дээр гарсан компани. Ажилчдадаа бүхэл бүтэн хотхон, хөлбөмбөгийн ногоон талбай, сургууль, цэцэрлэгийг цогцоор нь шийдсэн байгаа юм. Нийтдээ 80 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Төрийн өмчит “ЭТТ” ХК-ийн хувьд  нэг тонн түүхий олборлосон нүүрсэнд 4.3 ам.долларын цэвэр ашиг олж нийтдээ 37.8 сая тонн нүүрс олборлосон.  “Энержи ресурс” компани  54.9 сая түүхий нүүрс олборлосон. Ингэхдээ нүүрсээ баяжуулаад борлуулж байгаа. Дээрх хоёр компанийг хооронд нь харьцуулахын  тулд олборлосон  нэг тонн түүхий нүүрсний ашгийг харьцуулсан. Ингэхэд 11.2 ам доллар буюу бүхэл бүтэн долоон долларын цэвэр ашгийн зөрүү гарсан.  Нэг бүс нутагт байгаа хөрш зэргэлдээ яг адилхан тогтоцтой ийм орд дээр өндөр ашгийн зөрүү гарж байгаа нь сонирхолтой.  Хувийн болон  төрийн өмчит компанийн менежментийн ялгаа нь үүн дээр мөн харагдаж байна.  Нэг тонн түүхий нүүрсний үнийг уурхайн ам дээр нь харьцуулбал ямар үнээр   зарж байсан бэ гэдгийг сонирхож үзлээ. Өнөөдрийн байдлаар “Энержи Ресурс” компани  баяжуулсан нүүрсээ 175 ам.доллараар  зарж байна. Харин “ЭТТ” компани  нь  68 ам.доллараар  зарж байна гэсэн статистик тоо бий. Гэхдээ “ЭТТ” компанийн хувьд маш  онцлогтой. Монголын 2.5 сая  иргэн энэ компанийн хувьцааг эзэмшдэг. Хэзээ ногдол ашиг өгөх, хөрөнгийн бирж дээр хэзээ эргэлтэд орох ямар хэмжээний ногдол ашиг өгөх юм гэдэг нь энэ компанийн менежмент болон технологийн шийдлүүдээс хамаарах юм” гэв.

ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР ТЭЭВРИЙН ЗАРДАЛ БУУРНА

Харин эдийн  засаг судлаач Б.Түвшинтөгс “Төмөр зам ашиглалтад орвол тулгараад байгаа ихэнх асуудлууд шийдвэрлэгдэх боломжтой. 2013 оны төмөр замын техник эдийн засгийн үндэслэл дээр  суурилж нөлөөллийн судалгааг хийсэн байгаа.  Үндсэндээ гол дүгнэлт нь төмөр зам ашиглалтад орсноор тээврийн зардал буурна. Тээврийн зардал буурахаар экспортлох хэмжээ нь огцом өснө.  Нүүрсний экспортын хэмжээ огцом өсөхөөр эдийн засагт  үзүүлж байгаа нөлөөлөл нь том гарч ирнэ. Энэ чиглэлээр нь судлаад үзэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 1-2  хувийн өсөлтийг зөвхөн төмөр замаас авахаар гарч ирсэн.  Үндсэндээ төмөр  зам  тавина гэж яриад байгаа боловч төмөр замыг дагасан нийгмийн асуудал байгаль орчны асуудал  дээрээс нь цэвэр эдийн засгийн нөлөөллийг анхаарах хэрэгтэй” гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-31 202.55.191.130

монголын баялгийг хэдэн арван сая тоннноор нь гударч байгаа юмнуудад шингэдэг л юм байна

Avatar

Зочин 2018-10-31 202.9.41.24

Арайл сөнөцөн газар бна лээ цагаад хад гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж