“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” эрдэм шинжилгээний хурал болж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” эрдэм шинжилгээний хурал болж байна

“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” эрдэм шинжилгээний хурал болж байна

Монгол Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлэг, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр (2018.10.31) Төрийн ордонд зохион байгуулж байна.

Монгол Улс, БНСУ, БНАСАУ, ОХУ зэрэг улс орнуудын төлөөлөгчид оролцож байгаа  тус хурлын нээлтэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн ахлагч Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн гишүүн О.Баасанхүү нар үг хэллээ.

Мөн БНСУ, БНАСАУ, ОХУ-аас хүрэлцэн ирсэн холбогдох албан тушаалтнууд мэндчилгээ дэвшүүлэв.

Тус хуралд Ази тив дэх сүрьеэгийн өнөөгийн байдал,  Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн үүсгэгчийн эх уурхай, дамжин тархах зам, өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах, нууц байдалтай сүрьеэтэй  өвчтөнийг илрүүлэх нь зэрэг сэдвүүдээр оролцогч улсуудын эрдэмтэд илтгэл хэлэлцүүлснээс гадна Монгол Улсад хэрэгжүүлж буй сүрьеэгийн төслийн үр дүнг танилцууллаа. Мөн дэлхийн сүрьеэтэй тэмцэх стратегийн өөрчлөлтийг хэлэлцсэн.

Хурлын үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн ахлагч Ё.Баатарбилэг “Сүрьеэ өвчний тархалтын байдал Монгол Улсад ноцтой түвшинд хүрсэн. 100 мянган хүнд ногдох өвчлөлийн тоогоор Монгол Улс дэлхийд эхний аравт бичигдэж байна. Сая БНСУ-ын  эрдэмтний илтгэлээр Монгол Улс сүрьеэ өвчний халдварын зэргээр, 100 мянган  хүнд ногдох өвчлөлийн тоогоор азидаа тэргүүлэх зэрэгт байгаа нь харагдлаа. Мөн энэ өвчний насжилт манайд залуу байна гэж дурдагдлаа. Японд 65 наснаас дээш насанд өвчлөлийн дийлэнх хувь тохиолдож байхад монголчуудын насжилт залуу, тэр дундаа 0-14 насны хүүхдүүдийн дунд сүрьеэгийн өвчлөл гарч байгаа нь сэтгэл түгшээж байна. Нөгөө талаар манай төр засгаас сүрьеэ өвчинтэй тэмцэх санхүүжилт маш бага, зарим жилд санхүүжилт огт тавигдаагүй байна. Ийм харьцуулалтыг гадны эрдэмтэд гаргаж ирээд тавьж байхад төр засаг үүнд анхаарахаас өөр арга байхгүй юм” хэмээн ярилаа.

Монгол улсад сүрьеэгийн өвчлөл, ялангуяа эмэнд тэсвэртэй сүрьеэ нэмэгдэж байгаа үзүүлэлтийг ХӨСҮТ-ийн СТАС-ын зөвлөх эмч Б.Буянхишиг илтгэлдээ мөн танилцуулсан.

Дэлхий дахинд бүртгэгдэж байгаа эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 47 хувь нь Монгол Улсын  өмнөд хөрш БНХАУ, хойд хөрш болон ОХУ болон Энэтхэг улсад бүртгэгджээ.

Хүн төрөлхтний нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг болж байгаа сүрьеэ өвчнөөр 2000 оноос хойш дэлхий нийтэд 30 сая гаруй хүн нас барснаас дийлэнх нь Ази болон Африкийн орнуудад тохиолдсон байна.

Тиймээс улс орнууд тус бүртээ бус  Ази тивээрээ нэгдэн энэ өвчний эсрэг тэмцэх хамтын ажиллагааг эхлүүлэх хэрэгцээ шаардлага үүсч байгааг эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан эрдэмтэд дурдаж байв.

Төрийн ордонд болж буй “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр 16.00 цагт өндөрлөнө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж