“Ялагдашгүй Армада” дэлхийн оргилд

Хуучирсан мэдээ: 2010.07.12-нд нийтлэгдсэн

“Ялагдашгүй Армада” дэлхийн оргилд

“Ялагдашгүй Армада” дэлхийн оргилд

Европын аваргууд энэ цагаас эхлэн дэлхийн аварга боллоо.

Торгуулын шар картын бороо асгарсан ширүүн тулаан Йоханнесбург хотын Соккер сити цэнгэлдэхэд өрнөж, 116 дахь минутад Андрес Иньеста гоолдсоноор багтаа түүхэн ялалт, түүхэн цом авчирч, Испанийн шигшээ баг анх удаагаа хөлбөмбөгийн хамгийн эрхэм, нэр хүндтэй шагналын эзэд болсон юм.

Сеск Фабрегасын тусламжтайгаар “Барса”-гийн “жижигхэн” хагас хамгаалагч Иньеста 116 дахь минутад Маартен Стекеленбургийн алсын буланд тоглолтын цорын ганц гоолыг оруулсан. Ийнхүү испаничууд Өмнөд Африкийн ногоон талбайд дөрөв дэхээ дараалан ганц гоолоор ялалт байгуулсан нь энэ бөгөөд FIFA-гийн дэлхийн аваргын цом дээр нэрээ сийлүүлсэн дэлхийн найм дахь улс болсон юм. Түүнчлэн өөр тивд аваргалсан анхны Буурал тивийн баг болов. Харин Голландын шигшээгийн хувьд дэлхийн аваргын финалд гурав дахиа ялагдаж, энэ удаад дэлхийн аваргын цом өргөх хувь дутлаа.

FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн цомын тэмцээний финалд өрсөлдөх хоёр багийн нэр тодорсон мөчөөс л дэлхий нийт энэ зүгт анхаарлаа хандуулж байсан. Хөлбөмбөгийн хөгжил, соёл, нөлөөгөөрөө тун ойролцоо гэгддэг Голланд болон Испанийн багийн тоглолт тун ширүүн өрнөж, эхний 116 минут тоглолтын өнгө төрхийг бүрэн тодорхойлсон юм. Дэлхийн спортын хамгийн агуу тулааныг үзэж сонирхохоор Өмнөд Африкийн ерөнхийлөгч-асан Нельсон Мандела цэнгэлдэхэд хүрэлцэн ирсэн бөгөөд Англи шүүгч Ховард Уэббийн шүглийн дуунаар финалын тоглолт эхэлсэн. Шүүгч тоглолтын анхны шар картыг 15 дахь минутад өргөж, тоглолт өндөрлөхөд нийт 13 тоглогч шар картаар торгуулсан байв. Харин Голландын багийн хамгаалагч Жон Хейтинга 109 дэх минутад улаан картны эзэн болсноор талбайг чөлөөлсөн.

“Улбар шарууд” финалд шалгарахын тулд сонгон шалгаруулалтаас эхлээд л дараалан 14 тоглолтод ялалт байгуулж, 100 хувийн амжилт гаргаад байсан бол “Ялагдашгүй Армада” 16-гаас 15-д хожил аваад байсан. Ганцхан ялагдлыг нь дурсвал, Өмнөд Африкт ирээд нээлтийн тоглолтоо Швейцарийн багтай хийж, хожигдсон билээ.

Хоёр баг өмнө нь олон улсын чанартай томоохон тэмцээнд нэг ч удаа таарч тоглож байгаагүй бөгөөд түүхийн хуудсыг гүйцэт сөхвөл нөхөрсөг тоглолт болоод Европын аваргын сонгон шалгаруулалтад нийт есөн удаа таарч тоглоход хоёул дөрөв дөрвөн удаа хожиж байжээ.

Харин энэ удаад, анх удаагаа дэлхийн аваргын дэвжээнд өрсөлдсөн тулаан Испанийн ялалтаар өндөрлөж, “Ялагдашгүй Армада” түүхэндээ анх удаа дэлхийн аваргын цомыг өргөж байна.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж