З.Энхболд: Ерөнхийлөгч өлсгөлөн зарлана гэж хэлээгүй

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Ерөнхийлөгч өлсгөлөн зарлана гэж хэлээгүй

З.Энхболд: Ерөнхийлөгч өлсгөлөн зарлана гэж хэлээгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг чадамжгүй болсон тул өөрөө тарах ёстой гэсэн хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн.  Энэ асуудлаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.


-Ерөнхийлөгч УИХ-ыг тараах хүсэлтээ хүргүүлсэн.  Гэхдээ Ерөнхийлөгчид  УИХ тараах эрх мэдэл байхгүй шүү дээ?

-Үндсэн хуулийн заалтыг анх удаа ашиглаж байна. Төсөв, ЖДҮХ сангийн асуудлаар АТГ-аас Ерөнхийлөгчид мэдээлэл өгч байгаа. Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар нөлөөллөө ашиглаж, өөрөө болон хамаарал бүхий этгээдээ баяжуулбал ял авдаг хуультай байдаг. Дээрээс нь төсвийн асуудал байна. Энэ бүгдээс УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж, өөрөө тарах шийдвэрээ гарга гэдгийг УИХ-ын даргад мэдэгдсэн. Энэхүү бичиг хүргүүлснээр ямар нэг хугацаа тооцдоггүй.

УИХ-ын тухай хуулийн 31-р зүйлд УИХ-ыг хугацаанаас өмнө тараах хуулийн бүх гаргалгаа нь байгаа. Нийт гишүүдийн 3/2, эсвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцсөн бол, Ерөнхий сайдыг 45 хоногийн дотор томилоогүй бол зэрэг гурван тохиолдолд Их хурал бүрэн эрхийн хугацаанаас өмнө тарах заалттай. УИХ-ын тараах тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн бол ээлжит чуулганы үед ажлын долоо хоногийн  хугацаанд эхэлж, багтаан шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, 14 хоногийн хугацаанд УИХ шийдвэрээ гаргах ёстой. 14 хоногийг хэзээнээс тоолох вэ гэдэг нь хязгааргүй. УИХ-ын дарга зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэсэн хариуг  бичгээр ирүүлсний дараа Ерөнхийлөгч УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн хууль, УИХ-ын тухай хуулийн заалтуудыг үндэслэн “УИХ-ыг тараах тухай” тогтоолын бичгээ хамтад нь хүргүүлнэ. Энэ өдрөөс хойш долоо хоногийн дотор хэлэлцэж, долоо хоногийн дотор хэлэлцэх хоног тоологдоно гэсэн үг. Одоогоор УИХ-ын даргын зөвшилцөх бичгийн хариуг хүлээж байна.

-Ерөнхийлөгчийн саналыг  УИХ хэлэлцлээ гэхэд  51 гишүүн дэмжих ёстой. Үнэндээ үүнийг УИХ-ын гишүүд хүлээж авах уу? 

-Тарахаас өөр аргагүй шүү дээ. Энэ олон эрүүгийн гэмт хэрэг хийсэн гишүүдээ яах вэ. Хуулийн байгууллага шалгаад эхлэхээр яах вэ. Ийм учраас л Ерөнхийлөгч анх удаа Үндсэн хуульд байдаг зүйлийг ярьж, хөндөж байна. Ийм зүйл бий болоогүй бол Ерөнхийлөгч ярихгүй байсан. Гишүүд жил бүр 47, 70 тэрбум төгрөг төсөвлөөд өөрсдөө аваад байсан нь харамсалтай. Жирийн иргэдэд зээл олгох асуудал АН-ын үед банкаар дамжуулдаг байсан бол сонгуулийн маргааш  ХХААХҮЯ-нд эрхийг нь өгсөн юм билээ. П.Сэргэлэн, Б.Батзориг сайд нар тушаал гаргаж, зөвхөн УИХ-ын гишүүд биш, Ерөнхий адуитор, МАН-ын генсек гэх мэт маш олон хүн авсан юм билээ. Үүнийхээ учрыг МАН олох хэрэгтэй.

-Парламентыг тараахаас өмнө Засгийн газарт хариуцлага тооцох гарц байж болох юм биш үү?

-Тэр бол парламентын өөрсдийнх нь  шийдэх асуудал. Ерөнхийлөгчийн ярьсан зүйл биш. Ерөнхийлөгчийн бичигт ч энэ асуудлыг ярьсан. Та нар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг концесс идсэн гэж хариуцлага тооцсон, У.Хүрэлсүхийн Засгийн газар ЖДҮШХС-ийн мөнгийг идсэн байна. Та нар гуравдах, дөрөв дэх Засгийн газраа байгуулсан ч юу ч засрахгүй юм байна. Тиймээс өөрсдөө тараад шинэ УИХ хариуцлагатай Засгийн газар байгуулах байлгүй дээ гэсэн.

-УИХ тарахгүй бол Ерөнхийлөгч өлсгөлөн зарлана гэсэн. Үнэхээр өөрөө өлсгөлөн зарлах уу?

-Ерөнхийлөгч өнөө, маргаашгүй өлсгөлөн зарлах тухай яриагүй. Надад өөр ямар гарц байна вэ, өлсгөлөн зарлах юм уу, яах юм гэж хэлснийг өлсгөлөн зарлах гэж байна гэж бичээд байгаа хэвлэл мэдээлэл чинь буруу байна. Аргаа барсан хүний үг болохоос маргааш өлсгөлөн зарлана гэж хэлээгүй шүү дээ. Ерөнхийлөгчөө өлсгөлөн зарлатал дэлхий даяар шившиг болохгүйн тулд энэ УИХ тарах нь хамгийн зөв гарц.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
25
ЗөвЗөв
9
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж