Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр дэлхийд нийлүүлэгч орон болох боломжтой гэж Эрчим хүчний салбарынхан харж байна. Судалгаагаар нийт нутгийн 40 хувь нь нар, салхины асар их нөөц, усан цахилгааны хүчин чадалтай болох нь тогтоогджээ.
Дэлхийд Өмнөд Солонгос, БНХАУ, Япон зэрэг орон хамгийн их эрчим хүчний хэрэглээтэй, импортлогч орнуудын тоонд ордог. Хойд Солонгос нь эрчим хүчний ихээхэн сорилттой тулгардаг. Иймд бүс нутгийн удирдагчид хамтран ажиллах хүрээнд Монгол Улсаас бусад оронд эрчим хүч экспортлох боломж бий эсэх талаар судалгааны дүнг сонсож хэлэлцүүлэг өрнүүлж байна. Өнөөдөр /2018.10.31/ Corporate and Convention Centre-т энэхүү хэлэлцүүлэг болж байгаа юм. Эл уулзалтад Зүүн хойд Азийн орнууд болох БНХАУ, БНАСАУ, Япон, Монгол, БНСУ, ОХУ болон тухайн бүс нутагт байрлах эрчим хүчний сүлжээний үйл ажиллагаа эрхэлж буй олон улсын байгууллагууд, эрчим хүчний агентлаг, эрчим хүчний корпорацууд оролцож байна. Энэ үеэр холбогдох хүмүүсийн байр суурийг сонслоо.
Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн, Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги тѳслийн зохицуулагч Б.Бямбасайхан:
-Бид өнөөдөр экспортын шинэ зах зээлийн тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл, манай үйлдвэрлэсэн цахилгааныг Япон, Өмнөд Солонгосын хэрэглэгчид мөнгөөр худалдан авах тухай юм. Энэ нь Монгол Улсад эдийн засгийн шинэ суурийг бий болгох хүрээнд шинэ төслийг хэрэгжүүлж, ажлын байр бий болно. Шинэ хөрөнгө оруулагчид орж ирэх юм. Мэдээж, дотоодын хэрэглээг хангахад найдвартай сүлжээг бий болгох ёстой. Үүний тулд бүс нутгийн орнуудтай хамтран ажиллаж, нэгдсэнээр дотоодын хэрэглэгч хамгийн хямд өртөгтэй цахилгааныг ашиглах боломж бүрдэнэ.
Япон, Өмнөд Солонгост дотоодод үйлдвэрлэсэн эрчим хүчээ ойрын хугацаанд нийлүүлнэ гэж үзэж байна. Техникийн хувьд Зүүн Азийн орнууд нэгдсэн сүлжээг бий болгох боломжтой боллоо. Монгол Улс нөөцөө ашиглаж бусад орон нийлүүлэх нь дотоодод болон бусад оронд ч санхүүгийн ашигтай гэж бодож байна. Долоон жилийн турш бүх нарийн судалгааг явуулж нарийн тооцож үзсэний үндсэн дээр ерөнхий судалгааны үр дүн сайн гарсан. Монгол Улс хамгийн их нөөц баялагтай, хямд цахилгаан станцыг барих бүрэн боломж байгаа юм”
Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хөгжил хамтын ажиллагааны Эдийн засаг, судалгааны институтийн дэд дарга Хуан Хан:
-Зүүн хойд Азийн бүс нутагт цахилгаан эрчим хүчний хамгийн том худалдан авагч нь Хятад, Солонгос, Япон. Тиймээс Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглан эрчим хүч экспортлох нь маш чухал гэж бодож байна. Жишээлбэл, Өмнөд Солонгос нефт газрын тосны хэрэгцээ шаардлагын 70 хувийг импортолдог.
Япон улсад үүнээс өндөр байх магадлалтай.Цаашид энэ хэрэгцээ өсөх хандлагатай болох учраас нүүрс, газрын тосноос өөр сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжийг ашиглах нь чухал. Тиймээс ОХУ, Монгол орны сэргээгдэх эрчим хүчний нөөцийн тухай мэдээлэл авах, улс орны бодлогын хэмжээнд ямар ажил хэрэгжүүлэх тухай санал бодлоо солилцох нь чухал гэж үзэж байна.
НҮБ-ын Ази Номхон Далайн бүс нутгийн Эдийн засаг Нийгмийн комисс Эрчим хүчний хэлтсийн дарга Хонг Пэн Лю:
“Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй. Ялангуяа говийн бүс нутагт маш их бий гэж үзэж байгаа.
Хамтын ажиллагааны хувьд сүүлийн таван жилд Зүүн Хойд Азийн орнуудад эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа эрчимжиж байгаа. Мөн тухайн орны хувьд сонирхол өндөр байгаа гэж үзэж байна”