Монголд хазара үндэстний иргэдийн эрх зөрчигдөж, тэднийг ялгаварлан гадуурхах байдал газар авч байгаа талаар нийгмийн байгууллагаас өнөөдөр /2018.10.31/ мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд “Монгол хүн монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр “2016 онд манай улсын эрх бүхий байгууллага хазара иргэдийг үндэсний аюулгүй байдалд аюултай гээд, их дээд сургуульд сурахыг хориглосон. Мөн магистрын зэрэг хамгаалахаар сурч байсан 20 хазара оюутныг Монголоос гаргасан. Одоогоор Монголд ганцхан хазара хүн үлдсэн нь Цагаадай буюу Мохаммад Сафдарыг Тагнуулын ерөнхий газраас визийг сунгахгүй байх чиглэлийг Гадаадын иргэн харьяатын газарт өгчээ.
Цагаадай нь 2016 оноос Афганистан улс руу буцаагүй энд суурьшин амьдарч буй. Тэрбээр НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын хамгаалалтад байдаг бөгөөд “Хазара-Монголын найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэг” ТББ-ыг үүсгэн байгуулсан. Саяхан учир битүүлгээр гэмт халдлагад өртөж, 9500 доллар, эд зүйлсээ дээрэмдүүлж, зодуулж хохирсон.
Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Уг хэргийг шийдүүлэхийн тулд Цагаадай Монголд байх хууль ёсны эрхтэй байх шаардлагатай. Хазара хүмүүс монголчуудтай найрамдал нөхөрлөлөө бэхжүүлэх үйлст 150 мянган ам доллар цуглуулж, хөрөнгө оруулалт хийхэд түүнийг нь манай улсын иргэд залилан үгүй болгосон ноцтой хэрэг 2016 онд гарсан.
Тэд дахин 600 мянган ам доллар цуглуулж хөрөнгө оруулалт хийхэд бас л манай улсын иргэд өнгөрсөн онд завшсан. Ингээд 750 мянган ам долларыг хоёр удаагийн үйлдлээр залилаад байгаа ч гэм буруутнууд хариуцлага хүлээлгүй, мөнгийг нь буцааж өгсөн зүйл үгүй. Хазарачуудыг бүгдийн нь хөөж гаргаж буй нь дээрх асуудалтай холбоотой хуйвалдаан биш биз дээ гэж аргагүй бодож байна. Дүгнээд хэлэхэд Цагаадайн визийг сунгаж, бусад Хазара нарыг битгий ялгаварлан гадуурхаач ээ гэж шаардаж байна. Шаардлагыг үл тоовоос жагсаал цуглаан хийх, олон улсад мэдүүлэх гэх зэргээ шат ахиулан тэмцэх болно” гэдгээ мэдэгдээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ