Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-д өргөн барилаа. “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд:
- Эдийн засгийн өсөлт өрх бүрд бүлгийн 6 зорилтын хүрээнд 76 арга хэмжээ;
- Хот байгуулалт, дэд бүтэц бүлгийн 5 зорилтын хүрээнд 116 арга хэмжээ;
- Байгал орчин, ногоон хөгжил бүлгийн 3 зорилтын хүрээнд 54 арга хэмжээ;
- Нийгмийн хөгжил бүлгийн 8 зорилтын хүрээнд 135 арга хэмжээ;
- Засаглал бүлгийн 4 зорилтын хүрээнд 61 арга хэмжээ,
Нийт 5 бүлгийн 26 зорилтын хүрээнд нийт 442 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд бид нийслэл хотоо иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхээр өнгөрсөн хугацаанд “Нэг өрх-нэг ажлын байр”, “Улаанбаатарт үйлдвэрлэв”, “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл”, “Нийслэлийн боловсрол-2020”, “Нийслэлийн эрүүл мэндийн салбарын хөгжил”, ““Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих”, “Нийслэлийн залуучуудын хөгжлийн хөтөлбөр”, “Соёлын үйлдвэрлэл”, “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”, “Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ”, “Хүн амын ахуйн үйлчилгээ”, “Нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” зэрэг 17 дэд хөтөлбөрийг НИТХ-ын болон Тэргүүлэгчдийн тогтоолоор батлуулан хэрэгжүүлж байна.
Хэт төвлөрлийг сааруулах дагуул хот, тосгон, шинэ суурьшлын бүс, дэд төвийг үргэлжлүүлэн хөгжүүлж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, агаар, орчны бохирдлыг бууруулах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулан нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр авах бодлогын арга хэмжээг тусгах шаардлага байна.
Түүнчлэн авто замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх ачаа тээврийн нэгдсэн ложистик төвүүд болон нийтийн тээврийн тусгай замын автобусыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхээр зорилт дэвшүүлсэн.
- ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ӨРХ БҮРТ
Нийслэл Улаанбаатар хотын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, үйлдвэрлэл, бүтээмж, ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулан ажиллуулах зорилтыг дэвшүүлэн улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар паркуудын техник, эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн ажлын зураг төслүүд хийгдэж дууссан тул нэн тэргүүнд шаардлагатай дэд бүтцийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Паркуудын бүтээн байгуулалтын төслийг Улсын хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрт тусгуулсан бөгөөд Засгийн газраас эдгээр төслийг эрчимжүүлэх зорилгоор төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад тусган хэрэгжүүлэх чиглэлийг гаргаад байна.
- ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЭЦ
Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн үзэл баримтлал, Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинэ концепцийн дагуу “Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулна.Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Улаанбаатар хоттой таталцан хөгжих боломжтой Булган, Дархан-Уул, Орхон, Төв, Сэлэнгэ аймгуудтай хамтран эдгээр аймгуудын нийгэм, эдийн засгийн боломж, нөөцийг нэмэгдүүлэн харилцан хамтдаа хөгжих боломжийг эрэлхийлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2019 онд аймгуудад төрийн байгууллага, төрийн өмчит их, дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх асуудлаар санал боловсруулан Засгийн газарт хүргүүлнэ. Агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хотын шинэ дэд төвд нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон төр захиргааны байгууллагын нэгдсэн цогцолборын эхний ээлжийг барьж, ашиглалтад оруулна.
- БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан агаар орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгалийн нөөцийн хамгаалалт зохистой ашиглалтын бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг үндсэн чиглэлд тусгасан. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө”, Засгийн газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 43, “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг чиглүүлэн ажиллана.
- НИЙГМИЙН ХӨГЖИЛ
Нийслэлийн хүн амын өсөлттэй уялдуулан, нийгмийн хамгаалал, үйлчилгээний дэд бүтцийг сайжруулж, иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай орлоготой, амар тайван ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, бүх сургууль 3 ээлжид, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 85 хувьд хүргэж, хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, үндэсний ухамсар, эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаан, бие даах чадвар, харилцааны зөв дадал эзэмшсэн иргэн төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлсэн.
- ЗАСАГЛАЛ
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээнд шинэ менежмент нэвтрүүлэх, мэдээллийн технологийн ухаалаг шийдлүүдийг ашиглах, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, тэгш, нээлттэй хүргэнэ.Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлэх үйлчилгээний тоог 2019 онд 10-аар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Одоогоор Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв 28 байгууллагын 336 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бөгөөд 2018 онд уг төвөөс үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг 16-аар нэмэгдүүлсэн гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ