Нийслэлийн Ерөнхий боловсролын 33-р сургуулийн 3е ангийн сурагч одоогоос яг нэг жилийн өмнө ангидаа гэмтэл авснаас болж өдгөө хөлгүй болохдоо тулаад байгаа гэнэ. Энэ талаар охины ээж болон түүний өмгөөлөгч Г.Баасан нар өнөөдөр /2018.10.31/ мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Г.Ботажан охин жилийн өмнө буюу 2017 оны аравдугаар сарын 30-нд хөлдөө гэмтэл авчээ. Түүнээс хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, шаардлагатай эмчилгээг хийлгэсэн боловч эдгээгүй. Одоо гадаадад эмчлүүлэхээс аргагүй болсон бөгөөд 60 сая төгрөг шаардлагатай байгаа гэдгийг дуулгав.
Охины ээж М.Гульсекер "Хүүхэд хичээл дээрээ хөлдөө гэмтэл авсан байхад ангийн багш нь үл тоомсорлосон. Бүтэн нэг жилийн хугацаанд эмнэлгээр явж, хичээлдээ сууж чадаагүй атал нэг ч удаа эргэж очоогүй. Тэр бүү хэл ийм хэрэг явдал болсныг сургуулийн захиргаанаасаа нуусан байсан. Энэ явдлыг охины ээж сургуулийн захиралд нь хэлж байж, болсон явдлыг мэдсэн. Түүгээр үл барам охиныг өшиглөсөн хүүхдийн эцэг, эх “Манай хүүхэд танай хүүхдийг гэмтээсэн гэдгийг хэн нотлох юм бэ. Өвчтэй байсан хүүхдийнхээ хөлийг эмчлүүлэхийн тулд элдэв шалтгаан, шалтаг тоочиж байна” хэмээн болсон хэргийг өөрсдөөсөө зайлуулахыг оролдож байна" гэв
Ангийнх нь багшийн хариуцлагагүй хандсан үйлдлээс болж, ангид нь байсан камерын бичлэгийг шалган үзэх боломжгүй болсон аж. Учир нь камерын бичлэгийг 7-14 хоног хадгалаад устгадаг юм байна. Гэтэл болсон явдлыг багш нь сургуулийнхаа захиргаанд мэдэгдээгүйгээс камерын бичлэг устжээ. Охины хөл рүү өшиглөж байхыг харсан ангийнх нь хүүхэд байгаа ч өшиглөсөн хүүхдийн ээж аав нь “Тэр манай хүүхдэд өшөөтэй байсан учраас худлаа ярьж байна” гэдэг тайлбар мөн хийжээ.
Иймээс охины ээж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан аж. Гэвч уг хэлтэс хэрэгт хяналт тавин ажиллах ёстой ч хохирогчийн талаас мэдүүлэг аваагүй. Хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газрын ажиллуулдаг 108 утсанд хандаад ч анхааралдаа аваагүй хэмээн ярилаа.
Иймээс энэ хэргийн үнэн мөнийг олоход холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулж, ажиллахыг хүсэж байгаагийн зэрэгцээ гадаад эмчлүүлэх шаардлагатай болсон тул хандив хүсэж буй аж. Г.Баасан энэ хэрэг дээр хохирогчийн талын хүсэлтээр өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм байна.
Охины ээж хүүхдийн өвчний оношийг Өмнөд Солонгос, Энэтхэг улсын эмнэлгүүдэд цахимаар явуулж, тусламж хүссэн байна. Өмнөд Солонгосын эмнэлгээс охины хөлд хагалгаа хийлгэхээс өөр эмчилгээгүй гэсэн хариу ирсэн аж. Хагалгааны зардал нь 60 гаруй сая төгрөг болно. Гэвч өшиглөсөн хүүхдийн ээж аав туслахаас татгалзсан төдийгүй хүүхдийн ээжийг доромжилсон гэдгийг тэд хэлж байна. Энэ тухай өмгөөлөгч Г.Баасан "Өвчтэй хүүхдээрээ далимдуулж, биднээс мөнгө авах гэж байна гэж ээжийг нь доромжилсон. Тэр бүү хэл өмгөөлөгч намайг гүжирдсэн. Энэ анги камертай. Камерын бичлэгийг үзээд ангийн багш хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах боломжтой байсан. Гэтэл бичлэгийг үзээгүй, сургуулийн захирлаас үйл явдлыг бүтэн есөн сар нуусан" хэмээн ярилаа.
Мөн охины ээж М.Гульскер цэцэрлэгийн багш мэргэжилтэй ч охиноо эмчлүүлэх хугацаанд ажлаасаа гарч гэрийнхээ ойролцоох цайны газарт ажиллах болжээ. Тэдний зүгээс энэ асуудлыг олон нийтийн анхааралд энэ асуудлыг хүргэж, Боловсролын яаманд хичээлийн танхимд хүүхэд эрүүл мэндээ алдсан асуудалд хариуцлага тооцож, охины хөлөнд мэс засал хийлгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг Эрүүл мэндийн яам, Хүүхдийн төлөөх байгууллагууд, иргэдээс хүсч буй юм.
Э.АРИУН
Холбоотой мэдээ