Ш.Сүрэнжав: Тэнгэртэй уран барилдаан үгүйлэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.11-нд нийтлэгдсэн

Ш.Сүрэнжав: Тэнгэртэй уран барилдаан үгүйлэгдэж байна

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавтай наадмын талаар хууч хөөрлөө.

-Mонгол түмний үндэсний их баяр наадмын мэнд хүргэе. Та хэрхэн баярлаж байна?

-Сүүлийн жилүүдэд наадмаар  гэртээ телевизээ үзээд л баярладаг боллоо. Өмнө нь олонтой хамт дарвидаг л байлаа. Тэр үед чинь төрийн шагналтнууддаа урилга өгөөд би очиж үздэг байсан. Одоо ч гэрээсээ гарахаа байж л дээ. Олон хүнтэй дарвиж, хөөрч наадам үзэх үнэхээр сайхан шүү.

-Таны эрийн гурван наадмын тухай кино жил бүрийн үндэсний их баяр наадмаар бараг суваг болгоноор гардаг. Өөрийнхөө зохиосон киног хараад суухад мэдээж сайхан байдаг байх даа?

-Тэгэлгүй яахав. Асар их сэтгэлийн хүч өгдөг. Би залуу байхдаа бөх болдог ч юм уу гэж боддог байсан. Түүнийнхээ дурсгал болгож  “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” кино зохиолоо бичсэн юм л даа.  Дээрх кино зохиолоо наадмаар гаргахаар та нарын одоогийн хэлдгээр кайф авч байгаа юм даа. “Жинхэнэ урлаач хүн л  эрмэлзлэлээр шаналж, магтаалын үг түүнд зүрхний хатангиршлаас хамгаалах сэтгэлийн витамин юм” гэж Галина Серебрялкова хэлсэн юм.  Үнэхээр энэ кино зохиолууд маань надад маш их урам  хайрладаг. Монгол оронд маань бусад оронд байхгүй гайхамшиг цогцолсон. Энэ сайхан оронд төрсөн та бид их хувь заяатай улс.

“Дэлхий дээгүүр зөндөө явлаа
Дели, Нью-Йорк, Парисаар ч орлоо
Дэнж дээрээ л би ганцхан жаргалтайг ухаарлаа
Дэлхийд ганцхан Монгол минь байвал би байна гэж мэдлээ” гэж бичсэн минь сэтгэлийн уулгалал биш зүрхний үг юм. 

“Өсөхөөс сурсан үндэсний хэл
Мартаж болохгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг
Салж боломгүй орон”

гэж их зохиолч Д.Нацагдорж хэн ч цаана нь гарч давж чадахааргүй гүн яруу сэтгэмжтэй сайхан хэлсэн. Дуу хуур, баяр хөөрөөр цалгисан өдөр Монголд хоёр болдог. Нэг нь үндэсний их баяр наадам, нөгөө нь цагаан сар юм. Энэ л өдрүүдэд монгол сэтгэл хамгийн тод илэрч гардаг. Их зохиолч Д.Нацагдорж гуай “Амьд явбал наадам үзнэ” гэж хэлсэн. Энэ их учиртай үг шүү дээ. 

-Та  залуучууддаа хундаган дээр хэлэх үг бичсэн гэсэн. Түүнийгээ сонирхуулаач?

-Аан тийм. Миний хүү англи хэл сайн сураарай. Аав нь сурч амжаагүй юм шүү. Миний хүү архи бага уугаарай. Аав нь хувийг нь уучихсан юм шүү гэж хэлдэг юм.

-Бөхийн барилдаан ямар байгаасай гэж бодож байна. Хэн түрүүлэх бол?

-“Уяа” бөхчүүд битгий тунаж үлдээсэй гэж бодох юм. Олныг баясгуулагч гэж наадмын сайхан цол байдаг. Энэ бол унасан ч  түмнийг шагшуулж бахдуулдаг эрэмгий хурц, тэнгэртэй сайхан барилдаан байдаг. Одоо олныг баясуулагч гэхээсээ өмнө олныг уйдуулагч гэж цол өгмөөр юм. Тийм учраас миний бодлоор цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлээсэй, Улсын харцага Ө.Даваабаатар дээшээ гарч цолд хүрээсэй гэж бодож, залбирч сууна. Энэ хоёр хүү их сайн барилдаж байгаа. Чухал сайхан тэнгэртэй уран барилдаан үгүйлэгдэж байна. Жилээс жилд наадам улам сайхан болоосой. Бөхчүүд маань уран сайхан барилдаанаараа олныг гайхшруулж, сум нь мэргэн, буянт ажнай нь хурдтай байгаасай. Энэ жил наадам сайхан болох байх аа.

-Би өмнө нь таниас яриа авч байхад та “Чи хурдан асуултаа асуу, сумогоо үзмээр байна. Сумо эхэлбэл чамтай юу ч ярихгүй шүү” гэж хэлж байсан. Одоо их аварга Асашёроюү Д.Дагвадорж зодог тайлчихлаа, сумо үзэх сонирхол тань буурсан уу?

-Сумо чинь их тэнгэртэй шүү дээ. Нэг хүний үүрэг гэдэг маш чухал гэдгийг нэг хэсэг үгүйсгэсэн. Гэвч үгүй ш дээ. Нэг хүн маш чухал үүрэгтэй бөгөөд улс орныг нь ч өөд нь татдаг юм.  Өөрөөр хэлбэл Дархан аварга Б.Түвдэндоржгүй наадам болох нэг л юм дутуу санагдаад байдаг байсан гэж хууччуул ярьдаг. Тэгвэл одоо Асашёорюү Д.Дагвадорж аварга барилдаагүй сумогийн дэвжээ нэг юмаар дутуу байх шиг бодогддог юм. Хүнд үгүйлэгдэнэ гэдэг маш сайхан л даа.

-Хэрвээ та бөх байсан бол хэр байх бол?

-Ямар ч байсан бээрсэн зуурсан “үхээнц” бөх болохгүй. Унасан ч, давсан ч наадамчин олныг баясгах байсан.  Гэхдээ болоогүй. Найрагч болох хувь тавиланг хайрласан бурхандаа баярладаг.

-Таны “Гарьд магнай” киноны гол баатар газрын хөрсийг хуруугаараа ухдаг чадалтай атлаа барилдаад унасан хойноо ухаж чадахаа больдог…?

-Энэ бол сэтгэлийн хүч юм л даа. Сэтгэл хүчгүй болоод унтрахаар юу ч хийж болдоггүйг харуулж байгаа юм. Миний бяр дуусчихаж гэдэг. Гэтэл бяр дуусна гэж байдаггүй. Чамд сэтгэлийн тэнхээ алга болж  гэж хэлдэг шүү дээ. Бөхийн тухай кино бичихдээ түүнтэй холбоотой материалыг маш их уншиж судалсан. Би тэр кинонд зүгээр нэг барилддаг хүний  тухай биш, бөхийн арга мэх, ёс зүй, монгол хүний үндэсний сайн чанарын тухай гаргахыг хичээсэн. Дэлхий дэлэгнэсэн энэ цагт дуу хуртай монголынхоо үндэсний их баяр наадмаар, дэнж хотойтол дэлгэр сайхан наадахыг зон олондоо хүсэн ерөөе.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж