Ричард Слаби: Алт олборлогчдын буруугаас бэлчээргүй болсон мал ойг сүйтгэж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Ричард Слаби: Алт олборлогчдын буруугаас бэлчээргүй болсон мал ойг сүйтгэж байна

Орон нутгийн иргэд өөрсдөө ойн менежментийн төлөвлөгөөгөө боловсруулж, доройтсон ойг нөхөн сэргээх арга зүйд суралцжээ.

Тодруулбал, 2015-2018 оны хооронд Чехийн хөгжлийн агентлаг, БОАЖЯ-тай хамтран “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийг амжилттай хэрэгжүүлж, хаалтын хуралдаанаа хийлээ. Уг төслийг гурван жилийн хугацаанд Шарын гол орчимд хийсэн байна.

Энэ талаар БОАЖ-ын Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа “БОАЖЯ болон Чех улсын хөгжлийн агентлаг хамтран гурван жилийн турш Шарын гол суманд уг төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Энэхүү төслийн үр дүнд орон нутгийн иргэд ойн менежментийн төлөвлөгөөг хамтран боловсруулахаас гадна түүний хэрэгжилтэд оролцож, үр шимийг нь хүртэх боломжтой болсон. Ялангуяа ойн болон генетикийн нөөцийг хэрхэн хамгаалах, мод үржүүлгийн газраар дамжуулж тарьц, суулгацыг бэлтгэх, байгалийн ашиглалтаас болж доройтсон ойг нөхөн сэргээх арга зүй, механизмд суралцсан. Хэнтийн нурууны баруун хойд хэсэг буюу Шарын гол орчмын 3000 га-д ойн менежментийн төлөвлөгөөг иргэдтэйгээ хамтран боловсрууллаа. Учир нь энэ хэсэгт алтны олборлолт явагддаг төдийгүй нөхөн сэргээлт тааруухан байдаг” гэлээ.

Эхний ээлжид Чех технологиор 20 га газарт бортоготой үрээр мод тарьсан байна. Ингэхдээ арван өөр орчинд тарьсан аж. Тухайлбал, мод огтолсон хэсэгт, ойн цоорхойд, энгэр хөрсөнд яаж ургаж байна гэх мэтээр ойжуулалт хийжээ. Мөн давхардсан тоогоор 21 аймаг, гадаадын төсөл хөтөлбөрүүдээс нийт 500-гаад хүнийг сургалтад хамруулсан байна. Төслийн гол зорилго нь 3000 га талбай бүхий жишиг болсон газарт Ойн менежментийн төлөвлөгөөг бий болгох явдал юм. 10 жилийн хугацаатай ойн менежментийн төлөвлөгөө нь Монгол дахь “жижиг ойн аж ахуй” зарчмыг хэрэгжүүлэх хэтийн төлөвийг харуулахад оршиж байгаа аж.

Уг төслийн удирдагч Ричард Слаби “Бид төслийнхөө хүрээнд алт олборлож буй компаниудтай уулзаж, нөхөн сэргээлт хийж байгаа газар дээр нь хүртэл очсон. Үүнээс ажиглахад алт олборлохоосоо өмнө өнгөн хөрсөө хуулж, тусад нь тавьж байгаад дараа нь нөхөн сэргээлтэд өнгөн хөрсөө ашиглах үйл явц нь муу байсан. Доороос нь үржил шимгүй хэсгийг нь гаргаж ирээд холихоор ургалтын явц муу байгаа юм. Мөн зөвшөөрөлтэй алт олборлож буй томоохон компаниуд нөхөн сэргээлтийг тодорхой хэмжээнд хийдэг. Гэтэл бидний хэлдгээр нинжа буюу хувиараа алт олборлогчид нөхөн сэргээлт хийсэн талбайг дахин ухсанаар нөхөн сэргээлт ямар ч үр дүнгүй болж байна. Түүнчлэн бас нэг тулгамдсан асуудал нь мал ой руу орж байгаа явдал юм. Хэдийгээр алт олборлож буй газар нь ой биш бэлчээр боловч малчдын мал нь бэлчээргүй болонгуут ой руу орж байна. Монголын хуулиар ойд бэлчээрлэх нь хориотой ч идэх бэлчээргүй учир ой руу орохоос аргагүй нөхцөл байдал үүсээд байна” гэв.

Төслийн хүрээнд

  • орон нутгийн ойн хөгжлийн төлөвлөгөө болон ойн тогтвортой менежмент бий болгох
  • модны үр бэлтгэх арга барилд сургах
  • жишиг болсон хоёр ойн үржүүлгийн газар байгуулах
  • ой модны нэг шилмэл үрийн цэцэрлэг байгуулах
  • ой модыг нөхөн сэргээх ба цаашдын арчилгааны сургалт явуулах
  • багш нарт зориулсан сургалт явуулах
  • орон нутгийн ТББ-ын олон нийттэй хамтран ажиллах чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайд Ийржи Бродский “Нийт нэг сая 300 мянган ам.долларын төслийг гурван жилийн хугацаанд Монголд амжилттай хэрэгжүүллээ. Уг төслийг Дархан-Уул аймгийн Шарын гол суманд хэрэгжүүлсэн бөгөөд мод үржүүлгийн газар байгуулснаас гадна тухайн ойн хэсгийн генийн сангийн судалгааг хийсэн. Мөн ойг нөхөн сэргээх чиглэлийн сургалтуудыг явуулсан. Монголын ой Унгар, Польш, Чех улсын ойг нийлүүлсэнтэй адил маш том газар нутгийг эзэлдэг. Бид бүх зүйлийг нь шийдэж өгөөгүй ч тодорхой хэмжээнд ойг хэрхэн, яаж нөхөн сэргээх талаарх суурийг нь тавьж өгсөн гэж бодож байна” гэв.

Монголд оронд хэрэгжсэн энэхүү төсөлд Ой судалгаа хөгжлийн төв, Дарханы ХААИС, Бизнесийн сургууль, Хонгорын ойн анги, Монголын хөдөө аж ахуй хоршоологчдын үндэсний холбоо, Домогт шарын гол болон бусад холбогдох байгууллагууд хамтран ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж