“Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ хамтын ажиллагааны форум” Corporate and Convention Centre-т эхэллээ. Энэ удаагийн уулзалтад Эрчим хүчний яам, БНХАУ-ын Эрчим хүчний зөвлөл (CEC), Азийн хөгжлийн банк (ADB), БНСУ-ын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Эрчим хүчний системийн хүрээлэн (ESI), Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хөгжил зэрэг байгууллага хамтран оролцож байна.
Хоёр өдөр үргэлжлэх /2018.10.31-11.01/ дээрх арга хэмжээний үеэр улс орнууд 2018 онд хэрэгжүүлсэн ажлаа эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцүүлэг хийх юм. Энэ талаар Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн, Зүүн хойд азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги тѳслийн зохицуулагч Б.Бямбасайхан хэлэхдээ “Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний байгууллага зөвхөн бүс нутаг ч биш, 2030 оноос дэлхийг хамарсан эрчим хүчний нэгдсэн сүлжээ бий болгоно гэсэн зорилго тавин ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл сэргээгдэх эрчим хүч, ухаалаг сүлжээ, хамгийн сүүлийн үеийн өндөр хүчдэлийн дамжуулах шугамын технологи нийлээд дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээг бий болно. Энэ байгууллага Америк, Европ, Африк, Ази, Aвстралийг хамарсан сүлжээг бий болгох тал дээр дэлхий даяар судалгааны ажлууд хийсэн. Энэ үүднээс нь харсан ч тэр удахгүй биеллээ олох ажил гэж хэлж болно. Австралиас Зүүн ѳмнѳд Ази руу цахилгаан эрчим хүч далайн доогуур дамжуулан худалдах хѳтѳлбѳр мѳн хэрэгжиж байна. Монгол Улс Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээнд хамгийн том идэвхтэй тоглогч байх боломжтой гэсэн байр сууриа олон хүнд ойлгуулах шаардлагатай байгаа” гэлээ.
Холбоотой мэдээ