УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэх Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөл, мөн Татварын багц хуулиудын өөрчлөлтийн талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.
-Өнгөрсөн хавар хийхээр төлөвлөж байсан ч хойшлуулсан Татварын багц хуулийг УИХ намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтад багтаасан. Бизнес эрхлэгчдийн зүгээс уг хуулийн төслүүдэд нэлээд хүлээлт тавьж байгаа шүү дээ?
-2014 оноос хойш татварын системд нэлээд өөрчлөлт хийгдэж байгаа. Энэ нь сүүлийн дөрвөн сарын бус дөрвөн жилийн ажил л даа. 2012-2016 оны хооронд Монгол Улс их хямралыг туулсан. Энэ хямралын үед нэг гарц нь татварын, мөн банкны системээ өөрчлөх шаардлага тулгарсан. Татварын багц хуулийн гол онцлог нь эдийн засагт өсөлт авчирна. Нөгөө талаас татварын эрх зүй гэж бий. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд татварын системээ гурван удаа өөрчилсөн. 1993, 2006 онд, гуравдах өөрчлөлт нь энэ удаагийн Татварын багц хууль юм. 2006 онтой харьцуулбал манай улсын эдийн засаг томорсон. Энэ хэрээр бизнесийн тоглогчдын хэмжээ өөрчлөгдсөн. Тиймээс энэ бүхэнд тохирсон систем үйлчлэх учиртай. Ингэхдээ энэхүү өөрчлөлтөөр эдийн засагт маш том хөшүүрэг бий болгоно гэдгийг би өнгөрсөн хавраас хойш хэлж байгаа. Жишээ нь, өнөөдөр НӨАТ-ын системийн үр дүнд оны эцэс гэхэд 2 их наядаар татварын орлого давж биелнэ. Өнгөрсөн жил татварын орлого 1 их наяд төгрөгөөр давж биелсэн нь НӨАТ-ын системийн үр дүн юм. Бид энэхүү бүртгэлийн системээ хийчихсэн учир үүн дээрээ тулгуурлан бусад төрлийн татварын нөхцөлүүдээ уян хатан болгох механизмыг оруулах гэж байгаа нь татварын хуулийн гол зорилго. Өнөөдөр зайрмагаас эхлээд үйлчилгээний бүх төрлийн бизнесийг бүртгэж чадаж байгаа. Хоёрдугаарт, татварын системээс харах гол зүйл нь шударга ёсны хэмжүүрийг бий болгох явдал юм. Шударга ёсны хэмжүүр эрх зүйгээр л илэрдэг. Шүүх засаглал, хүчний байгууллагууд Татварын багц хуулийн эрх зүйг ашиглаж шударга ёсны хэмжүүрийг гаргаж ирэх ёстой. Нөгөө талаар зах зээлийн шударга ёс гэж байна.
–27 жил үйлчилсэн татварын системийн үндсэн үүрэг нь аж ахуйн нэгжид маш их ачаалал өгсөөр ирсэн гэдгийг бизнес эрхлэгчид дуу нэгтэй хэлдэг. Татварын реформын хүрээнд төсвийн орлого өснө гээд байгаа. Тэгвэл аж ахуйн нэгжүүдэд ямар боломж олгож байгаа юм бэ?
-Таны хэлсэнчлэн бүртгэлийн ажиллагаа, санхүүгийн тайлангуудын ажиллагааг илүү хялбаршуулж, энгийн болгох тал руу нь хандуулж байна. Бизнес эрхлэгчдийг санхүү бүртгэлийн хүнд механизмаас чөлөөлөх, хялбаршуулсан тайлан гаргадаг болгох, мөн зарим аж ахуй нэгж маш бага татвар төлөх зэрэг энэ бүхэн аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуульд суугдсан.
-Хэрэв тус хуулийн төслийг хаврын чуулганаар баталчихсан байсан бол өнгөрсөн хугацаанд эдийн засагт ямар хожил ирэх байв?
-2019 оны төсвийн төсөл шинэ хуульд тулгуурлаж хийгдэх байсан юм. Өөрөөр хэлбэл, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар ирэх оны төсвийг оруулж ирсэн. Гэхдээ ирээдүйн орлогыг 2019 оны Татварын багц хуулийн өөрчлөлтөөр Сангийн яам оруулж ирсэн. Тийм учраас ирэх оны төсөвтэй зэрэгцээд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөл батлагдчих болов уу гэсэн хүлээлттэй байна. Яагаад гэвэл тун бага хугацаа үлдсэн. 2019 оны төсөв ирэх сарын дундуур батлагдлаа гэхэд татварын багц гурван хуулийг дагаж 40 журам гарна. Журмыг гаргахад мөн л хугацаа шаардагдана. Гэхдээ Сангийн яам зүгээр суулгүй уг 40 журмыг боловсруулахад 70 хүн ажиллаж байгаа юм билээ. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс бид шинэ дүрмээр тоглоно гэж ойлгох хэрэгтэй. Шинэ дүрмээр тоглохын өмнө Татварын багц хуулийн талаарх ойлголтыг татвар өгөгч, авагч, иргэдэд таниулах шаардлагатай. Хуучин бол татварын системд эрхзүйн өөрчлөлт хийхдээ сэмхэн хийчихдэг байсан. Гэтэл үүнийг нь бизнес эрхлэгчид мэдэлгүй өнгөрөх нь олонтаа. Үүнээсээ болж янз бүрийн асуудал үүсдэг. Үүнийг давтахгүйн тулд Татварын багц хуулийг танин сурталчлах үйл ажиллагаа өнгөрсөн хавраас хойш өргөн хүрээнд явагдаж байгаа.
-Гишүүдийн зүгээс Оюутолгой компанид илүү давуу эрх олгосон хуулийн төсөл оруулж ирлээ гэсэн шүүмжлэл хүчтэй өрнөсөн. Ингэж хардах, хардуулах болсон шалтгаан юу байв. Үнэхээр анх орж ирсэн хуулийн төсөл нь гадаадын компаниудад ашигтай хувилбар байсан уу?
-Үгүй дээ. Яг үнэндээ МАН-ын 32,33 бүлгийн хоорондын хэрүүлээс болж хуулийн төслийг буцаасан. Ний нуугүй хэлэхэд, унасан Засгийн газрынхан хуулийн төслийг унагаасан. Бизнес эрхлэгчдээс өндөр хүлээлттэй татварын системийн өөрчлөлтийг яагаад дэмжихгүй байна вэ гэдэг нь өөрөө асуудал юм. Хэсэг бүлэг этгээдэд хар зах зээлийг байлгах сонирхол маш их бий. Цаашлаад үүгээр дамжуулж авлига авах сонирхолтой байдаг. Бид бол эсрэгээрээ бизнесийн орчин, татварын системээ ил тод байлгахыг хүсдэг. Энэ нь энгийнээр бол зах зээлд хэн тоглогч байна, тэр нь татвараа төлчих гэдэг л дүрэм шүү дээ. Ингэснээр шударга ёсны эхний алхам хэмжигдэнэ.
-Шударга ёсны хэмжүүрийг бий болгох тухай та нэлээд хөндлөө. Яаж шударга ёсны хэмжүүрийг бий болгох юм бэ?
-Шударга ёс нь яаж харагдах вэ гэвэл мэдээж хэлээд шууд сайжрахгүй. Үндсэн хуульд заасанчлан “Иргэн өмчтэй байх эрх, цэвэр худалдаанд орох эрх, өмчөө өмчлүүлэх эрхтэй байх” зэрэг энэ бүхнийг Татварын багц хуульд тусгаж өгсөн нь шударга ёсны хэмжүүрийг бий болгоно гэж харж байгаа. Хоёрдугаарт, татвараа төлсөн нь зах зээлийнхээ эзэн нь байя гэсэн санаа. Орчин үед шударга ёсны хэмжүүр рүү бүгд тэмүүлж байна. Хуучин Ил тод байдлын тухай хуулиар 34 их наяд төгрөгийн ажил үйлчилгээ нуугдаж байсан. Үүнийг төр л хуулийн системээрээ хамгаалсан.
-Хууль батлагдсанаар эдийн засгийн өсөлтийг иргэн бүрт хүргэнэ гэж ойлголоо. Үүний тулд УИХ-ын хаалгаар л орох үлдэж. Хуулийн төсөл хэлэлцэх үеэр гишүүд юуг анхаараасай гэж та хүсч байна вэ?
-УИХ-ын гишүүд уг хуулийн төслөөс хоёр зүйлийг харах хэрэгтэй. Татварын багц хуулийн төслийн эдийн засагт үзүүлэх үр өгөөжид нь би өөрөө баталгаа өгнө. Хоёрдугаарт, манай улсын эдийн засгийн төлөв хоёр жилийн дараа ямар түвшинд очих уу гэдгээ харах хэрэгтэй. Жишээ нь, 2021 он гэхэд эдийн засаг хоёр дахин тэлнэ. Тэр үед уг хуулийн төсөл яаж хэрэгжих үү гэдгийг УИХ-ын гишүүд харж тунгаах ёстой. Өнөөдөртөө зориулсан хууль биш юм. Тиймээс Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлтэй гишүүд сайтар уншиж танилцаасай гэж хүсч байна. Энэ асуудал нь өөрөө өргөн асуудал учир томоор нь харалгүйгээр нэг, хоёр улс төрийн тоглолтоор хандах шаардлагагүй юм. Татварын багц хуулийн өөрчлөлтөөр 2019, 2020 оны татварын орлого хангалттай биелнэ. Үүнээс гадна татварын системтэй холбоотой бусад хуулиуд Татварын багц хуульд нэгтгэгдсэн. Аж ахуй нэгж эрхлэгчид татвараас бултдаг асуудал байхгүй болно. Өнөөдөр НӨАТ-ын системийг ухаантай дарга эсвэл ухаантай татварын байгууллагаар хийгдээгүй. Энэ бол иргэн таны тусламжтайгаар бүх татварын орлого бүртгэгдэж байгаа.
-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Татварын хууль аж ахуйн нэгжүүдийг "үнээ, гахай" болгоход хүргэсэн хууль гэж олон хүн шүүмжилдэг. Ялангуяа татвар төлөгч аж ахуйн нэгжээс илүү татварын байцаагч хуулийн цоорхойг ашиглан баяжих боломж олголог хууль ч гэж ярьдаг л даа?
-Үнэн. Өнөөгийн татварын эрх зүйн орчин нь татвар төлж байгаа жижиг аж ахуй нэгжүүдийг байхгүй болгох зорилготой. Хоёрдугаарт, нөгөө олон тайлан нь буцаагаад жижиг аж ахуй нэгж, жирийн иргэдийг маш их зовоодог. Жишээ нь, хоёр га газар төмс тарилаа гэхэд жилийн дараа тарьсан төмснийхөө татварыг төлөөгүй гээд бараг шоронд оруулахаас наагуур асуудал үүсдэг.
-Тэгвэл шинэ хуулийн өөрчлөлтөөр дээрх асуудал яаж өөрчлөгдөх вэ?
-Тухайн аж ахуй нэгж жилийн 20 сая төгрөгийн орлоготой ажиллалаа гэхэд жилд 200 мянган төгрөг тушаасан байхад л болох юм. Жилийн орлого нь 50 сая төгрөгт хүрэхгүй бол орлогынхоо нэг хувийг тушаах эсвэл өөрөө тайлангаа гаргаад буцааж 90 хувиа авч болох зэрэг давуу байдлыг шинэ хуулиар олгох юм. Энэ нь аж ахуй эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдэд өсөж өндийх үүд хаалгыг нь нээж өгнө. Ер нь жижиг аж ахуй нэгжүүдийг бичиг цаасаар дарамтлах шаардлага байхгүй. Бизнесээ өсөж хөгжүүлье гэвэл дараагийн шатны татвараа төлөөд тайлангуудаа мэргэжлийн хүмүүсээр гаргуулдаг болно. Гол нь татварын тайлангийн үйл явцыг мэргэжлийн байгууллагуудад нь шилжүүлж байгаа гэсэн үг. Энэ төрлийн 400 гаруй компани бий. Тэдэнд багахан хэмжээний төлбөрийг төлөөд л тайлангаа гаргуулчих юм. Өөрөөр хэлбэл, Татварын Ерөнхий газар дээрх 400 компанийн дата баазтай тулж ажиллана гэсэн үг. Аж ахуй нэгжүүдийг бичиг цаасны дарамтаас ингэж л суллах хэрэгтэй.
-Хууль санаачлагч дунд аж ахуй нэгж эрхэлдэг гишүүд олон бий. Тэд мэдээж, татварын багц хуулийн төслийг хоёр гараа өргөөд л дэмжиж байгаа байх. Тэгвэл нөгөө талд дэмжихгүй байгаа хэсэгт ямар шалтгаан байна вэ?
-Яг нарийндаа ярихад, УИХ-ын гишүүн бизнес эрхэлдэг байлаа гээд татварын хуулийг тэр бүр дэмжээд байдаггүй юм л даа. Энэ нь тухайн гишүүн ямар замаар бизнестэй болсон бэ гэдгээс нь шалтгаална. Хууль бус аргаар чөлөөт худалдаа, бизнес эрхлэгч болсон нөхдүүд бол уг хуулийг дэмжихгүй. Яагаад гэвэл нийтийн мөнгөнөөс хулгайлахыг илүүд үздэг гэсэн үг. Мөн нөгөө талд манай бизнесменүүдийг энхийн цагаан тагтаа гэж харж болохгүй. Одоо аль болох цагаан бизнесменүүдийг олон болгохын төлөө ажиллаж байна. Үүнд татварын систем нь өөрөө эрүүл, зөв шударга байх ёстой. Ингэж чадвал цагаан бизнесменүүд маань олширно. Хар бизнесээр томорч, нийтийн мөнгөнөөс хүртсэн нөхдүүд үүний эсрэг байгаа гэдгийг дахин хэлье. Нийтийн орлогыг бүрдүүлдэг зүйлийг манай танхимын зүгээс эрдэмтэн мэргэдтэй нийлээд хийгээд өгчихсөн. Гэтэл бидний толгойн өвчин юу болж хувирав гэхээр цуглуулсан нийтийн мөнгөний захиран зарцуулалт Монголд тэг байгаа.
Нийтийн мөнгөний зарцуулалтад хяналт тавих зайлшгүй шаардлага тулгарч байна. Бидний давуулан биелүүлж өгсөн татварын орлогыг захиран зарцуулж байгаа эрх мэдэлтнүүдэд нийтийн мөнгөний дахин зарцуулалтын менежмент, мэдлэг алга. Төсөв батлах үеэр жалга жалга руугаа авчихдаг. Энэ жил 2 их наядаар татварын орлогыг давуулж өгсөндөө би харамсч байна.
Татвар төлөгчдийн бий болгосон мөнгийг нийтэд ашигтай зүйлд зарцуулж чадахгүй байна. Польш улсын Үндсэн хуульд Нийтийн санхүү гэдэг бүлэг оруулж дээрх асуудлыг хуульчилсан байдаг. Тухайлбал “Хуулиар тодорхойлсон хүрээнд Сеймийн гишүүн Улсын сан эсвэл орон нутгийн өөрөө удирдах байгууллагын хөрөнгөөс ашиг олох зорилготой аж ахуйн үйл ажиллагаа явуулж болохгүйгээр барахгүйгээр энэ хөрөнгөнөөс худалдан авч болохгүй” гэж Үндсэн хуульдаа хуульчилсан байгаа юм. Хэрэв дээрх заалтыг зөрчсөн тохиолдолд Сейм болон Сенатын гишүүний эрхээ хасуулдаг. Харамсалтай нь манайд үүнийг Үндсэн хуульдаа тусгаагүйгээс үүдэж АН, МАН-ын аль аль нь нийтийн мөнгөнөөс хулгайлдаг. Хэн нь ч үүний төлөө хариуцлага үүрдэггүй. Жишээ нь 2013 онд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд таван тэрбум ам.доллар тараасан. Энэ мөнгийг тараахдаа ямар ч хууль, журамгүй тараасан байдаг. Сүүлийн 20 гаруй жил бид нийтийн санхүүгийн менежментийн хариуцлагын асуудлыг хуульчилж өгөөгүйгээс өнөөдөр энэ нь томорсоор байгааг ЖДҮХ-сантай холбоотой саяхны жишээ хүртэл бидэнд харууллаа. Эрх мэдэлд хэн ч очсон бай нийтийн мөнгийг "шог" хуваарилдаг. Өөрсдөдөө давуу эрхийг бий болгодог. Энэ нь эцэстээ нийгмийг хямрааж эдийн засагт хор уршиг дагуулдаг.Сүүлдээ УИХ-ыг тараая гээд улсын Ерөнхийлөгч нь хүртэл арга ядаад л явж байна шүү дээ.
-УИХ-аар ирэх оны төсвийг ид хэлэлцэж байна. Таны хувьд ирэх оны төсвийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Ирэх оны төсөвтэй танилцаад танхимын зүгээс УИХ-ын гишүүдэд бичгээ явуулчихсан. УИХ-ын гишүүн З.Нарантуяа манай бичгийг уншсан гэдэг нь хэвлэлд өгсөн ярилцлагуудаас нь харагдсан. 2019 оны төсөв бол 2020 оны сонгуульд зориулсан төсөв болсон. 2018 онд татвараас давж биелсэн орлого нь 2 их наяд төгрөг. Үүнийг яаж тараах уу гээд л 2019 оны төсвийг хэлэлцэж байгаа шүү дээ. Уг нь энэ мөнгөөр 2.7 их наядын төсвийн алдагдлаа хаах хэрэгтэй. Монгол Улс төсвийн зарцуулалт, төсвийн хөрөнгө оруулалт нь оновчгүй гэдгийг гаднынхан хүртэл шүүмжилдэг. Энэ хэрээр нийтийн мөнгөний дахин зарцуулалтыг хяналтгүйг далимдуулдаг. Мөнгө нь ихдэх тусмаа авлигал нэмэгддэг. Эдийн засгийн бага ч гэсэн өсөлттэй байгаа энэ сиймхийг ашиглан илүү гарсан орлогоо дуусгаж болохгүй. Дахин цуглуулж хурааж хуримтлуулах ёстой.
Төсвийг хэлэлцэх үе бол УИХ эдийн засагт оролцдог 45 хоног юм. Хоёрдугаарт, төсөв бол ДНБ-ний 28-хан хувь нь. Цаана 70 хувь нь чөлөөт зах зээлд бий. Төсвөөс гарсан бодлогын оновчлол нь буцаад 70 хувьдаа эерэг тусч байх ёстой.
Энэ бол бодлого. Гэтэл үүнийг өнөөгийн улстөрчид олж харахгүй байгаа нь харамсалтай. УИХ-ын 76 нөхөр татвараас цугласан хэдэн төгрөгийг яаж хуваарилах уу гэж зодолдож байгаа болохоос биш дээрх 70 хувьд яаж нөлөөлөх үү гэдгээ огт хардаггүй. Уг нь 2018 оны эдийн засгийн багахан өсөлтөө 2019 онд яаж хадгалах уу гэдгээ ярилцах ёстой. Гэтэл одоогийн улайрсан популизм буюу 76 жалга руу мөнгө чирэх үйл явц л илэрч байна. Үүний цаана 2020 оны сонгуулийг ямар ч үнээр хамаагүй авъя гэсэн улс төрийн намуудын зорилго явагдаж байна. Хүссэн хүсээгүй 2021 оноос манай улсын эдийн засаг өнөөгийнхөөс хоёр дахин томорно. Ялангуяа татварын өөрчлөлтийн системийг хийж чадах юм бол төсөвт мөнгө дутна гэсэн ойлголт үгүй болох юм.
-Уг нь энэ богино хямралыг давчихвал эдийн засагт гэрэл гэгээ асахад ойрхон байна гэж ойлголоо, тийм үү?
-Тэгэлгүй яахав. Үүний төлөө дөрвөн жил хямралаа шүү дээ. 2012-2016 он бизнес эрхлэгчдэд зовлонгийн дөрвөн жил байсан. 2011 онд 17 хувь хүртэл эдийн засаг өсөлттэй байж үзсэн. Тэр өсөлтөө бид микро эдийн засаг руу шингээж чадаагүй. Учир нь банк, татварын системээ өөрчилж чадаагүйгээс дээрх өсөлтөө алдсан. Одоо дахин ийм хувь заяа хүлээж байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл эрх баригчид ядруу байх, төсөв тасарч байх үедээ хүлээцтэй, чих нь зөөлөн болчихдог. Харин татварын орлогыг өөрсдийнх нь огт оролцоогүй бэлдээд өгчихлөөр тэд сэхүүн зантай болчихдог. Энэ нь эргээд татвар төлөгчдийг хохироодог. Уг нь татварын орлого илүү гарсан тохиолдолд түүнийгээ улсын хөгжлийн сан руу хийдэг баймаар байгаа юм. Бид нийтийн мөнгөө засаглаж чадахгүй байгаа учраас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. 2019 оны дунд үе хүртэл тэднээс бид жоохон ч гэсэн зүйл сураад үлдэх хэрэгтэй.
-ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдснаар үр дүн хэр гарсан гэж та хэлэх вэ?
-Үр дүн тодорхой хэмжээгээр гарсан. ОУВС манай эдийн засгийг барьж байгаа учраас төрд байгаа нөхдүүдийг жоохон ч гэсэн хазаарлаж байна. ОУВС-д хамрагдсаны гол зорилго нь санхүүгийн менежментээ монголчууд өөрсдөө хийдэг болъё гэж уг нь орсон юм. Үүний төлөө бид төлбөр төлж байгаа. Мөн ОУВС–гаас орж ирэх нийт 5.5 тэрбум ам.доллараар монголчуудыг нийтийн санхүү дээрээ ажилладаг болгох гэсэн санаа. Одоогийн нөхдүүд буцаагаад тараагаад байхыг нь харахад тэд юм сурахгүй л байгааг илтгэж байна. Нэг ч дарга макро түвшний алдаа хийснийхээ төлөө нэг төгрөг ч төлж байсныг би хувьдаа мэдэхгүй. Харин баяжаад гарсан нь л олон байгаа байх.
–Манайд жижиг аж ахуй нэгжүүд томрохгүй байгаа шалтгаан нь хууль эрхзүйн орчноос гадна өөр юутай холбоотой вэ?
-Эдийн засаг гэдэг жам ёсны үзэгдэл. Энэ үзэгдэлд аж ахуй нэгжүүд бизнесийн жам ёсоороо явах ёстой юм. Гэтэл манайхан зохицуулж байна гээд жам ёсных нь үзэгдлийг хааж боогдуулчихдаг. Аж ахуй нэгжүүд томрохгүй байгаа шалтгаан нь үүнтэй холбоотой. Нөгөө талаас өнөөдрийнх шиг банкууд нь 20-30 хувийн хүүтэй байгаа нөхцөлд ямар ч бизнес явахгүй. Тийм учраас банкны хүүгийн дарангуйллаас маш хурдан гарах ёстой. Банкууд өөр эх үүсвэрээр мөнгө босгох систем рүү орох цаг нь болсон. Мөн хадгаламжийн 12 хувийн хүүг шууд зогсоох ёстой. Банкны өндөр хүүтэй зээлээс илүү хөрөнгө оруулалтын бусад механизмыг ашиглах ёстой. Тухайлбал, хөрөнгийн бирж дээр хөрөнгөө гаргасан эсвэл ажлын байр бий болгосон энэ хоёр тохиолдолд дээрх ашгийг хүртдэг байх ёстой. Түүнээс биш 500 сая төгрөгөө банканд хадгалуулчхаад жилийн дараа 600 сая болгоод яваад байгаа хүмүүс манай нийт хадгаламж эзэмшигчдийн 90 орчим хувь нь. Өөрөөр хэлбэл 8 их наяд төгрөгийн хадгаламжийн 6 их наяд төгрөг нь дандаа хадгаламжийн хүүгээр луйвар хийдэг нь нэгэнт илэрхий болсон.
Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ