Монголын дэлхийд амбиц хөөх боломж

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Монголын дэлхийд амбиц хөөх боломж

Монголын дэлхийд амбиц хөөх боломж

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын төлөөх олон улсын зургаан талт яриа хэлэлцээнд Монгол Улс нэгдэх боломжтой хэмээн ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов “Тасс” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Зургаан талт яриа хэлэлцээг дахин эхлүүлэх цаг нь ирсэн гэж харж байна. Түүнчлэн бид яриа хэлэлцээний хэлбэрт зарим өөрчлөлт оруулж болох юм. Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, энх тайвны механизмын тухай яривал Монгол Улсыг зургаан талт яриа хэлэлцээнд орох боломжтой. Бүс нутгийн тогтвортой байдал, энх тайвны төлөө чин хүсэл тэмүүлэлтэй бүх улсад  ОХУ нээлттэй хандана” хэмээжээ. Хэрэв энэхүү олон улсын яриа хэлэлцээнд Монгол Улс нэгдэж чадвал бидний хувьд дэлхийн улс төрд амбиц хөөх маш том боломж юм.

Хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын төлөөх зургаан талт яриа хэлэлцээнд хоёр Солонгос, АНУ, Япон, ОХУ, Хятад багтдаг. Зургаан талт яриа хэлэлцээ 2003 оны наймдугаар сард эхэлсэн боловч Хойд Солонгосын хүсэлтээр 2008 онд зогсчээ. Харин өнгөрсөн оны сүүлээс хойш Хойд Солонгосын хандлага зөөлөрч, хойгийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөөд байна. Тухайлбал, дайсагнасан хоёр Солонгосын төрийн тэргүүн нар өнгөрсөн дөрөвдүгээр сард гар барин уулзсан. Дараа нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай Сингапурт уулзсанаар хойгийн зөрчил намжиж, энхийн уулзалт ярианууд цуварч эхэлсэн юм.

Солонгосын хойгийн зөрчил, тэмцлийг намжаахын төлөө Монгол Улс эртнээс ажиллаж ирсэн. Тухайлбал, “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг Монгол Улсын санаачилгаар 2014 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулж байна. Үүнээс гадна Японы “Кёдо”  агентлагт мэдээлснээр тус улсын тагнуулын албан тушаалтан энэ аравдугаар сарын 19-нд Улаанбаатар хотноо Хойд Солонгосын албаныхантай уулзжээ. Тэд 1970-1980-аад оны хооронд Хойд Солонгосын тагнуулын албаныхан Японы иргэдийг хулгайлан авч явсан хэргийг ярилцсан байна. Өмнө нь өнгөрсөн есдүгээр сард Японы ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын Владивосток хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, хулгайлагдсан иргэдийн асуудалд хамтарч ажиллахаар ярилцсан байв.

Монгол Улс нь Хойд Солонгосын тусгаар тогтнолыг ЗХУ-ын дараа хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрснөөс хойш найрсаг харилцаатай явж ирсэн цөөн хэдэн орны нэг. Түүнчлэн Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сен 1990 оноос өмнө Монгол Улсад хоёр удаа айлчилсан байдаг. Хожим Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2013 онд Пеньянд айлчилжээ. Тэрбээр хоёр Солонгосын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн загварыг Пеньянд танилцуулсан аж. Үүгээр ч зогсохгүй тэрбээр АНУ болон Хойд Солонгосын удирдагч нарын уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах урилгыг тавьж байв. Хэдийгээр эхний уулзалт Сингапурт болсон ч Ким-Трамп нарын хоёр дахь уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах боломжтой гэгдэж байна. Энэ оныг дуустал зургаан талт яриа хэлэлцээнд оролцогч орнуудын төрийн тэргүүн нар ээлж дараалан уулзах тов зарлагдаад буй. Тухайлбал, Хойд Солонгосын удирдагч ОХУ-д, БНХАУ-ын дарга Пеньянд айлчлах талаар Сөүлийн тал мэдэгдсэн. Энэ бүх уулзалтуудын үр дүнд хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын төлөөх яриа хэлэлцээ дахин нээгдэх боломжтой гэж ажиглагчид харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж