Улс төрийн хүрээнд нэг ийм “ хэлц” байдаг. “МАН нууж, АН-ынхан ил иддэг” гэж. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгодог зээлийн дуулианаар “пий, паа” болж, ажил хаялт зарлаж байсан Ардчилсан намынхан ч энхийн цагаан тагтаанууд биш байжээ.
Ердөө долоо ч хүрэхгүй хоногийн өмнө “Ардчилсан намынхнаас хэн, хэн хэдэн төгрөгийн зээл авсныг гаргаад ир” хэмээн тодорч суусан АН-ын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Эрдэнэбат нартай холбоотой их мөнгөний баримтууд өдгөө илчлэгдээд байгаа юм. Тухайлбал, С.Эрдэнэ гишүүний охин Э.Содгэрэлийн хувь эзэмшдэг компанитай холбоотой асуудал шүүх дээр очсон гэх мэдээлэл цацагдсан бол Д.Эрдэнэбат гишүүн Аж үйлдвэрийн сайдаар ажиллах үедээ ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг баруун солгойгүй цацсан баримт байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр АН-ын гишүүд “ЖДҮ-ийг дэмжих сангийн бүх орлого, зарлагыг ил гаргах ёстой” гэсэн зарчмын шаардлага тавьсан. Энэхүү зарчмын шаардлагын хүрээнд Д.Эрдэнэбат гишүүний Аж үйлдвэрийн сайд байхдаа сонгон шалгаруулалтгүйгээр олгосон олон тэрбумын зарцуулалт болон эргэн төлөлтийг ил болгох нь зөв биз.
Өөрөөр хэлбэл, 2014-2016 оны хооронд Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа "шударга ардчилагч" Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийн сангийн олон тэрбум төгрөгийг сонгон шалгаруулалтгүйгээр олгосон гэх “хэрэгт” холбогдсон арван баримтыг дэлгэе.
БАРИМТ 1: 2015 оны зургадугаар сарын 8-ны өдөр тэрбээр 108 тоот тушаал үйлдэн “Само” компанид хоёр тэрбум , “Он энд офф” компанид нэг тэрбум , “Гэтженероус” компанид 988 сая төгрөг, “Сити палас” компани нэг тэрбум 40 сая гээд нийтдээ 5.02 тэрбум төгрөгийг хөнгөлттэй нөхцөлөөр сангийн эргэн төлөлтөөс өгчээ.
БАРИМТ 2: 2015 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 170 тоот тушаалаар “Топ шилэн хийц” компанид 350 сая, “Замбага трейд” эмнэлгийн өргөтгөлд 350 сая, “Бумконстракшн”-д 430 сая төгрөгийг олгосон байна.
БАРИМТ 3: 32015 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр 183 дугаар тушаал гаргаж “ВИДҮ” компанид хоёр тэрбум төгрөгийг сангийн эргэн төлөлтийн мөнгөнөөс олгох шийдвэр гаргасан бөгөөд хүү болон зээлийн эргэн төлөлтийн хугацааг тусгаагүй.
БАРИМТ 4: 2016 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 61 тоот тушаалаар “Глобал аппарел лимитед” компанид хоёр тэрбумыг өгчээ.
БАРИМТ 5: 2016 оны дөрөвдүгээр сарын 15-нд нийт 40 төсөлд хоёр тэрбумыг сонгон шалгаруулалтгүйгээр мөн олгохоор шийдвэрлэж, үүнээс “Буян од” компанид 987 тэрбум төгрөгийг өгчээ.
БАРИМТ 6: 2016 оны тавдугаар сарын 4-ны өдөр “Ораметалл” компанид 1.3 тэрбум төгрөгийг олгожээ. Сонгуулиас болохоос ердөө нэг сарын өмнө гэсэн үг.
БАРИМТ 7: Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа 2016 оны зээлийн эргэн төлөлтөөс 17 тэрбум 799 сая төгрөгийн зээлийг санхүүжүүлсний дийлэнх нь Сэлэнгийн, тодруулбал өөрийнх нь тойргийнх нь иргэд байжээ.
БАРИМТ 8: “Тэгшхан” ХХК, “Эн жи Ди” ХХК ба М.Золзаяа /Шилдэг ширмэл ХХК/, “Левел Юнит” ХХК-иуд болон “Аж үйлдвэрийн цогцолбор” төрийн өмчийн оролцоотой хаалттай хариуцлагатай компани гэрээ байгуулснаас хойш зээлийн хүү төлсөн мэдээ байхгүй байна.
БАРИМТ 9: Аж үйлдвэрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн А/25 дугаар тушаалын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Аж үйлдвэрийн цогцолбор” төрийн өмчит хувьцаат компанитай байгуулж үүнээс хэдхэн хоногийн дараа тус компанид хүүгүй, барьцаагүй 1,800,000,000 төгрөгийн зээл олгон, үүнийгээ Говийн бүсэд барих газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын гүйцэтгэгчээр шалгарсан Унгарын Евройл компанийн ажлын хөлсөнд шилжүүлсэн нь гэрээг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.
БАРИМТ 10: УИХ-ын сонгуулиас ердөө зургаахан хоногийн дараа буюу “Локал менежмент” ХХК-д 600.0 сая, иргэн Н.Гүрбаатарт 200 сая, “Ё-Эс-Би” ХХК-д 500сая нийт 1,3 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд дээрх компаниуд ямар нэгэн сонгон шалгаруулалтад хамрагдаагүй байна.
Сангийн яамны Санхүүгийн хяналт, шалгалтын хэлтсийн улсын ахлах байцаагч Г.Янжинсүрэнгийн тайлбарыг хүргэе.
Ийнхүү УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат сайд байхдаа сангийн мөнгийг таалсандаа хүүгүй, сонгон шалгаруулалтгүй, барьцаагүйгээр олгодог байсан бол таалагдаагүйдээ таван хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай зээл өгдөг байсан бололтой. Ямар ч байсан Аж үйлдвэрийн экс сайдын ашиг сонирхлын гэх 17 тэрбумын баримт дэлгэгдэж эхэлсэн нь “алив тэгээд, бидний идсэн, уусан баримтыг гаргаад ир” гэж аархаж суусан АН-ынхныг ичээндээ бүгж, ичсэндээ дүлий болоход хүргээгүй байлтай.
Д.МЯГМАР
Холбоотой мэдээ