Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд төрийн бүх шатны байгууллагын оролцоо чухал гэв

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд төрийн бүх шатны байгууллагын оролцоо чухал гэв

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд төрийн бүх шатны байгууллагын оролцоо чухал гэв

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ХЗДХЯ, ЦЕГ, Монголбанк, Монголын банкны холбоо хамтран "Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал" сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгууллаа. Тус хуралд АНУ-ын холбооны мөрдөх товчоо, Канад улсын Хатан хааны морьт цагдаагийн алба, БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар зэрэг гадаад дотоодын 400 гаруй төлөөлөл оролцов.

Хурлын үеэр мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй нийтлэг болон тусгай асуудлуудыг хөндсөн үндсэн таван илтгэлийг хэлэлцүүлсний нэг нь Монголбанкны дэргэдэх Санхүү мэдээллийн албанаас танилцуулсан “Монгол Улсын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал” сэдэвт илтгэл байв. Тус илтгэлийг Санхүү мэдээллийн албаны дарга Х.Батчулуун танилцуулсан юм. Түүний тавьсан илтгэлд, Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн  арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын бүс нутгийн байгууллага болох Ази, Номхон далайн бүсийн байгууллагаас 2016-2017 онд Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд хийсэн 2 дахь удаагийн үнэлгээний үр дүн, цаашид анхаарах асуудлыг авч үзсэн байна.

Энэ тухай дурьдахдаа, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэрэг бага, тус гэмт хэргийг дангаар нь буюу суурь гэмт хэргээс тусад нь шийдвэрлэх шаардлагатай, мөн гэмт хэрэгт бага дүнтэй, хохирол багатай гэмт хэргийг хамруулж байгаа нь сайн хэдий ч хохирол ихтэй, олон нийтийн анхааралд өртсөн, зохион байгуулалттай гэмт хэргийг хамруулахгүй байвал Монгол Улсын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо буруу замаар явж байгааг харуулах тул яаралтай засах зэрэг асуудлыг хөндлөө. Тэрээр илтгэлийнхээ дүгнэлт хэсэгт Монгол Улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чин эрмэлзэлтэй байгаа гэдгээ илэрхийлж харуулахын тулд төрийн бүх шатны байгууллагууд хамтран  ажиллаж, нэгдсэн үзэл баримтлал, бодлоготой болох шаардлагатай байгааг онцлоод Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлагдах бодит аюул заналхийллээс сэргийлэх, эдийн засгийн гэмт хэргээс хамгаалах, иргэд, ААН-ийн бизнесийн таатай орчинг бүрдүүлэх болно гэсэн юм.

Манай улсад төдийгүй дэлхийн улс орнуудад мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, тус гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын улс дамнасан хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулаад байна.

Эх сурвалж: МОНГОЛ БАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж