Сургуулийн автобусны хүртээмжийг нэмбэл замын түгжрэл 30 хувь буурна | News.MN

Сургуулийн автобусны хүртээмжийг нэмбэл замын түгжрэл 30 хувь буурна

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Сургуулийн автобусны хүртээмжийг нэмбэл замын түгжрэл 30 хувь буурна

Сургуулийн автобусны хүртээмжийг нэмбэл замын түгжрэл 30 хувь буурна

​ЕБС-ИЙН СУРАГЧДЫН 2.1 ХУВЬ НЬ Л СУРГУУЛИЙН АВТОБУСААР ҮЙЛЧЛҮҮЛДЭГ​

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт эхэлсэн эхний өдрөөс л Улаанбаатар хотын замын ачаалал эрс буурлаа. Өглөө ажил эхлэхтэй зэрэгцэн ёс юм шиг түгжирдэг замын “бөглөө”- нөөс ангижрах боломж, бас арга зам бийг энэ өдрүүд харуулаад байх шиг. Нийслэлд 251 ерөнхий боловсролын сургуульд 250 орчим мянган хүүхэд суралцаж байна. Бага болон дунд ангийн сурагчдыг эцэг, эхчүүд нь хүргэж өгч авах нь замын ачааллыг эрс нэмдгийг хүн бүр мэднэ. Тиймээс сургуулийн автобустай болох нь замын түгжрэлийг бууруулах хамгийн боломжит хувилбаруудын нэгд тооцогддог. “Сурагчдын амралт эхэлмэгц замын ачаалал буурдаг. Яг нарийвчилсан судалгаа хийгээгүй ч ерөнхий боловсролын сургууль амармагц замын түгжрэл хамгийн багадаа 30 хувиар багасдаг. Наад зах нь хүүхдээ буулгах гэж сургуулийн ойролцоо түгжрэл үүсдэг байдал арилна.

Гэтэл Чингэлтэй дүүрэгт гэхэд хоёрхон сургууль автобустай байгаа нь чамлахаар үзүүлэлт” гэж Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Чимэдбат хэллээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд 53 сургууль, хоёр цэцэрлэгийн 123 автобус үйлчилж байна. Эдгээрийн 20 гаруй нь буюу 40 орчим хувь нь хувийн хэвшлийн сургуулийнх. Харин үлдсэн 30 орчим нь улсын төсвөөс санхүүжиж байна. Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд гурван сургуулийн автобус үйлчилгээнд нэмэгдсэн. Үүнд нийслэлийн төсвөөс 398 сая төгрөг зарцуулсан байна. Тодруулбал, 2017-2018 оны хичээлийн жилд хотын төвөөс алслагдсан, сурагчид гэр, сургуулийн хооронд олон км алхдаг хан-уул дүүргийн 59 дүгээр сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 74 дүгээр сургуулиуд автобустай болсныг нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ. Мөн 2018-2019 оны хичээлийн жилд нэмж гурван сургуулийг автобусаар хангахаар төлөвлөж байгаа аж.

НИЙСЛЭЛД 53 СУРГУУЛЬ, ХОЁР ЦЭЦЭРЛЭГИЙН 123 АВТОБУС ҮЙЛЧИЛЖ БАЙНА

Гэвч үүнийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоотой харьцуулбал чамлахаар дүн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 250 орчим мянган сурагчдын дөнгөж 2.1 хувь нь буюу 5376 нь сургуулийн автобусаар үйлчлүүлж байна. Зарим оронд сургуулийн автобусыг нийтийн тээврийн сүлжээний нэг чухал хэсэг гэж тооцдог. Тухайлбал, АНУ-д 480 мянган сургуулийн 26 сая хүүхэд сургуулийн автобусаар зорчдог. Энэ нь нийт сургуулийн 20 гаруй хувийг эзэлдэг байна. Хэрэв энэ үйлчилгээ байхгүй бол өдөрт 3.1 тэрбум галлон буюу 1.2 орчим их наяд литр шатахуун нэмж хэрэглэж, агаарын бохирдлыг төдий хэрээр нэмэх байсан гэх судалгааг American school bus council байгууллагаас гаргажээ. Түүнчлэн, сургуулийн автобус зөвхөн замын түгжрэлээс гадна эцэг эхчүүдийн цагийг хэмнэж, хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалдаг давуу талтай.

Хэдийгээр сургуулийн автобус осолдох тохиолдол гардаг ч ийм шалтгаанаар эндсэн хүүхдийн тоо замын бусад ослоос болж нас барсан тохиолдоос маш бага байдаг аж. Автобусны үйлчилгээ үзүүлдэг Blue bird корпорациас хүүхдүүд сургуулийн автобусаар зорчих нь ээж, аавынхаа автомашинд сууж явахаас 20 дахин эрсдэл багатай гэж дүгнэсэн байдаг. Уг нь Замын цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар, БСШУСЯ зэрэг энэ асуудлыг хариуцсан байгууллагууд бүгд сургуулийн автобусны хүртээмжийг нэмэх нь замын түгжрэлээс гадна хүүхдийн аюулгүй байдлыг хангах, агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөөтэй гэдгийг мэддэг, бас дэмждэг. Нийслэлийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ч тусгасан. Гэвч төсөв, хөрөнгийг нь шийдэж чадахгүй байгаагаас ийнхүү дорвитой ажил хэрэг болохгүй байна. Хүн амын өсөлтийг дагаад зөвхөн нийслэлийн хэмжээнд жилд 10 гаруй сургууль, 10 мянга гаруй сурагч нэмэгдэж байгаа. Тиймээс замын түгжрэлийг 30 хувиар бууруулах энэ үр дүнтэй аргыг цаг алдалгүй хэрэгжүүлж, нийтийн тээврийн сүлжээний нэг хэсэг болгомоор байна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-30 66.181.178.177

22 нас ХҮРСЭН ХҮНД ЖОЛООНЫ ЭРХ ӨГ ТЭГВЭЛ ТҮГЭЭЛТИЙН МАШИНААС ХАМААГҮЙ ОЛОН МАШИН ЦӨӨРНӨ.МӨН СОГТУУ МАШИН БАРЬВАЛ ТЭР МАШИНЫГ 6 САР ХӨДӨЛГӨӨНД БҮҮ ОРОЛЦУУЛ .

Avatar

Зочин 2018-10-30 202.72.244.219

1. Цэцэрлэг, сургуулийг 07:00
2. Төрийн албан хаагчдыг 08:00
3. Их, дээд болон мэргэжлийн сургууль, бусад байгууллагуудыг 09:00
цагуудаас тус тус эхлүүлдэг болговол
ямар юэ?

Avatar

od 2018-10-30 103.212.118.247

энэ ёстой зөв санал байна, сүүлийн 2-3 хоног түгжрээ эрс буурсан

Avatar

зочин 2018-10-30 202.179.25.56

Сургууль, цэцэрлэгийг хотын захын хороонд байгуулж, өргөтгөх ажлыг сайн хийх хэрэгтэй. Тэнд ажиллах багш нарт урамшуулал олгомоор байна. Хотын төвийн сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэх гэсэн урсгалыг багасгах талаар бод

Avatar

Зочин 2018-10-30 103.26.195.143

Surguilin amralt ehlmegts hot tugjrelgui bolj bna

Avatar

Зочин 2018-10-30 202.131.242.254

Эцэг эхчүүд бензин тос, цаг заваа хэмнэх, түгжрэл буурах, хичээлээсээ хоцрохгүй байх, аюулгүй байдал гэх мэт маш олон давуу талтай. Зөв санал байна.

Avatar

Зочин 2018-10-30 66.181.161.23

Түгээлтийн автомашинуудыг шөнө явуулбал замын түгжрэл 30 хувь буурна гээд байсан. Сургуулийн автобусны хүртээмжийг сайжруулбал бас 30 хувь буурах юм байна. Тэгэхээр энэ хоёр арга хэмжээг авч хэрэгжүүлээд замын 60 хувь буурна гэсэн үг үү?

Avatar

Зочин 2018-10-30 66.181.161.95

Аан нээрээ бас нэг юм мартах шахлаа. Энхтайваны өргөн чөлөөгөөр зүүн гар тийш эргэхийг хоригловол дахиад 30 хувь буурна. Энэ гурван арга хэмжээг зэрэг хэрэгжүүлвэл замын түгжрэл 90 хувь буурах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж