Цаашид төгрөгийн ханш хүчтэй суларвал үнэ өсөхөөс аргагүй болно
Төгрөгтэй харьцах ам.долларын ханш сүүлийн хоёр сарын хугацаанд 100 орчим төгрөгөөр нэмэгдэж, 2563-т хүрлээ. Ханш ийнхүү огцом чангарсан нь импортын бараа, бүтээгдэхүүний үнэ эс хүссэн ч нэмэгдэх нь гэсэн дохиог эдийн засагт өгч эхэлсэн юм. Монголчуудын өргөн хэрэглээний барааны 40 орчим хувийг импортын бараа, бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа нөхцөлд валютын ханш чангарах нь сайн мэдээ ердөө ч биш. Гэтэл жилийн өмнөхөөс “ногоон”-ы ханш даруй 140 гаруй төгрөгөөр өссөн нь цахилгаан бараа, автомашин, түүний тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл гээд олон төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж мэдэх нөхцөл байдал үүсэв. Тэгвэл дээрх ханшийн нөлөө хэзээнээс импортын бараа, бүтээгдэхүүнээр дамжин иргэдийн худалдан авах чадварт нөлөөлөх вэ. Үнэ өсөхтэй зэрэгцээд инфляцын дарамт ч нэмэгдэх нигууртай. Монголбанкны хувьд ханшийн өсөлтийг тогтворжуулах зорилгоор энэ оны хоёрдугаар хагасаас хойш нийт 770 гаруй сая ам.доллар дотоодын зах зээлд нийлүүлсэн. Хэдий тийм боловч төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2560-г давж гарсан.
Ам.долларын ханш чангарч байгаа нь импортоос ихээхэн хараат манай улсын хувьд хүсээд байх зүйл биш. Ханш чангарах нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд илүү хүндээр тусдаг. Ханшийн энэхүү өсөлт иргэдийн тэвчиж болох импортын эрэлтийг нэг талаар бууруулж, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмждэг. Нөгөө талдаа иргэдийн худалдан авах чадвар буурч, амьжиргааны зардал нэмэгдэж, өрхүүдэд дарамт авчирдаг билээ. Өдгөө улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 85.5 мянган аж ахуйн нэгжийн 39.9 хувь нь худалдааны салбарт бүртгэлтэй байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд ханшийн өсөлтөд хамгийн их өртөж ирсэн. Тэд импортын бизнес голчлон эрхэлдэг. Тухайлбал, электрон бараа, комьпютер, тавилгын бизнес явуулж ирсэн томоохон компанийн нэг нь BSB Service групп. Тус компанийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан “Төгрөгтэй харьцах валютын ханш чангарах хэрээр тэр хэмжээний дарамт бий болно. Энэ нь үнэ тодорхой хэмжээгээр цаашид өснө гэсэн үг. Ханшийн алдагдал үнэд шингэж байгаа хэрэг. Гэхдээ ханш өчигдөр өсөөд өнөөдөр эдийн засагт нөлөө нь шууд гардаггүй. Манайх сар болгон бараагаа татаж байгаа. өнгөрсөн сарын барааны дундаж ханшийг дараа сард хэрэглэдэг.
- Уул уурхайн машин, техникийн сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлдэг компаниудад ханшийн өөрчлөлт хамгийн хүчтэй мэдрэгдэж эхэлсэн байна.
- Цахилгаан барааны ханшаас үүдсэн үнийн өсөлт шинэ жил ойртох үеэр өрхийн төсөвт мэдрэгдэнэ.
- “Ханшийн өсөлт сэлбэг хэрэгслийн үнэд шууд шингэж байгаа” хэмээн “Моннис Майнинг Экьюпмэнт” компанийн төлөөлөл ярьсан юм.
Нэг, хоёр сарын хоцрогдолтой үүнийгээ мөрддөг. Захиалсан бараа маань ч хоцрогдолтой ирдэг. Тэгэхээр нэг, хоёр сарын ханшийн хоцролттой байна” гэж өгүүлсэн юм. Дийлэнх электрон бараа импортлогч томоохон аж ахуйн нэгжүүд дээрх байдлаар ханшийн нөлөөнд өртөж, тухайн сардаа биш гэхэд дараа сараас үнээ өсгөх нөхцөл үүсдэг байна. Манай улсын хувьд жил бүрийн хоёр, гуравдугаар улиралд эдийн засгийн идэвхжил нэмэгддэг. Тэр дундаа жилийн өдийд хэрэглээний импортын эрэлт нэмэгддэг. Тэгвэл валютын ханш чангарсан нь уул уурхайн машин, техникийн сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлдэг компаниудад хамгийн хүчтэй мэдрэгдэж эхэлсэн байна. Учир нь, уул уурхайн салбарт олборлолт, бүтээн байгуулалт эрчимжих хэрээр сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн борлуулалт энэ жилийн хувьд сайн байжээ. Тэрчлэн сэлбэг хэрэгсэл агуулахад сар бололгүй шууд худалдаанд гардаг тул энэ төрлийн барааны эрэлт ч өндөр байна. “Моннис Майнинг Экьюпмэнт” компанийн төлөөлөл “Ханшийн өсөлт тоног төхөөрөмжинд шууд нөлөөлдөг. Яагаад гэвэл тоног төхөөрөмжийг дагаад сэлбэг хэрэгсэл явдаг.
Энэ утгаараа сэлбэг хэрэгсэл илүү хурдан эргэлттэй байдаг. Ихэнх компани зардлаа аль болох бага түвшинд байлгах гэж зорьж байгаа энэ үед шинэ тоног төхөөрөмж аваад байхаас илүү байгаагаа шинэчлэх, сайжруулах үүднээс сэлбэг хэрэгсэл их авдаг. Ханшийн өсөлт сэлбэг хэрэгслийн үнэд шууд шингэж байгаа. Өөрөөр хэлбэл, ханшийн эрсдэлийг эцсийн хэрэглэгч хүлээж байгаа” хэмээн ярьсан юм. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш оны эхнээс 5.7 хувиар суларсан. Харин төв банкны гадаад валютын албан нөөц гурав орчим тэрбум ам.доллартай дүйж байгаа юм. Тансаг ангиллын автомашины зах зээлд тэргүүлэгч Германы Volkswagen компанийн Porsche брэндийн Монгол дахь салбарын худалдааны төлөөлөгч С.Энхбаяраас валютын ханш танай бизнест, ялангуяа автомашины үнэд нөлөөлж байгаа эсэхийг лавласан юм. Тэрбээр “Төгрөгийн ханшийн сулрал, ам.долларын ханшийн чангарал тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэхдээ энэ удаагийн ханшийн өсөлт манай бизнест хүчтэй нөлөө бол үзүүлээгүй. Бид урьдын үнээ өсгөх бус хэвээр хадгалж, тодорхой хэмжээний алдагдал хүлээгээд, эрсдэлээ өөр дээрээ авч байгаа. Үнээ тогтвортой бариад байна. Цаашид ханшийн огцом өсөлт үүсвэл машины үнээ нэмэхээс аргагүй” гэв.
“Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгаанаас харахад нийт хэрэглэгчийн 22.2 хувь нь ойрын зургаан сарын хугацаанд томоохон эд хогшил, цахилгаан бараа худалдан авах төлөвлөгөөтэй байгаагаас давхардсан тоогоор 5.4 хувь нь зурагт, 2.8 хувь нь компьютер, 5.1 хувь нь хөргөгч авахаар байна. Томоохон эд хогшил, цахилгаан барааны эрэлт сүүлийн хоёр жилд нэлээд буураад байсан бол энэ жил эргээд өсөж, гурван жилийн өмнөх түвшинд хүрчээ. Эдийн засгийн уналтын үед хэрэглэгчид юуны өмнө автомашин, цахилгаан бараа зэрэг удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний хэрэглээний зардлаа бууруулдаг. Ийм удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүн худалдан авахаар хэрэглэгчдийн төлөвлөж буй зардал нь эдийн засгийн төлөв байдлыг илтгэдэг. Өөрөөр хэлбэл, энэ нь эдийн засаг тэлнэ гэсэн “мессеж” өгдөг. Ханшаас үүдэлтэй цахилгаан барааны үнийн өсөлт шинэ жил ойртох үеэр өрхийн төсөвт мэдрэгдэх бол уул уурхайн компаниудад тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл ханшаар дамжин нөлөөлж эхэлсэн байна. Тэгвэл жижиглэн худалдаа буюу импортын чихэр, хувцас зэрэг бараа, бүтээгдэхүүний үнэд ханш хагас сараас хэтрэхгүй хоцрогдолтой нөлөө үзүүлдэг аж. Учир нь, цахилгаан бараа болон автомашинтай харьцуулахад эргэлт нь хурдан байдаг аж. Жижиглэн худалдааны салбарт ханшийн нөлөө харьцангуй бага нөлөөлөх боломжтой. Гэвч манайд шатахуун, түрээсийн зардал нь ханшаас илүү дарамт болдог. Тухайлбал, түгээлт хийхэд шатахуун, замын түгжрэл, дэд бүтэц сайтар хөгжөөгүй нь үнэ өсөхөд нөлөөлж байна гэв.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Холбоотой мэдээ