Монголын хөлбөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид өнөөдөр Филиппин, Тажикстан улсыг зорилоо. Эрэгтэйчүүдийн шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд өрсөлдөхийн өмнө Филиппинд долоон хоногийн бэлтгэл хийгээд хуваарийн дагуу тоглох юм. Эрэгтэй багийн хувьд эхний тоглолтоо арваннэгдүгээр сарын 11-д БНАСАУ-тай, арваннэгдүгээр сарын 13-д Тайваньтай, 16-д Хонгконийн багтай тоглоно.
Ц.Ганболд дасгалжуулагчтай эмэгтэйчүүдийн шигшээ баг “Токио 2020” олимпийн эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдөхөөр Тажикстан улсыг зорилоо. Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудаас анх удаа олимпийн наадмын эрхийн төлөө өрсөлдөх эмэгтэй баг Тажикстан, Сингапур, Филиппин, Тайвань гэсэн дөрвөн багтай тоглох юм. Тоглолт арваннэгдүгээр сарын 4-8-ны хооронд Тажикстанд болно.