Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газраас Монгол банк, Монголын банкны холбоотой хамтарч “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2018.10.30/ Төрийн ордонд зохион байгууллаа.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХЗДХЯ, Монгол банк, АТГ, УЕПГ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургууль, АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Канад Улсын Хатан хааны морьт цагдаагийн алба, БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар зэрэг гадаад, дотоодын 400 гаруй байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцов.
Мөнгө угаах үйл ажиллагаа нь дэлхий нийтийг түгшээж, улс орнуудын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах, нийгэмд шударга ёсыг тогтооход саад бэрхшээл болж байдаг.
Манай улсад мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэг нь ихэнхдээ залилах, хөрөнгө завших, авлигал, хээл хахууль, хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх, байгаль орчны эсрэг, татвараас зайлсхийх, хар тамхи, хүн худалдаалахтай холбоотой гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгийг хувиргах, шилжүүлэх, гүйлгээнд оруулах байдлаар үйлдэлдэгддэг аж.
Мөнгө угаах гэмт хэргийг бүртгэн шалгасан тоон мэдээг үзэхэд, Цагдаагийн байгууллагаас 2011 онд нэг , 2013 онд зургаа , 2014 онд долоо, 2015 онд дөрөв, 2016 онд ес, 2017 онд найм, 2018 оны эхний хагас жилийн байдлаар 26 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Дээрх мэдээнээс харахад энэ төрлийн гэмт хэргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь харагдаж байна.
Цагдаагийн байгууллагаас илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөнгө угаах онцлог гэмт хэргүүдээс дурдвал:
- “МИАТ” ТӨХК-ний албан тушаалтнууд дайны эрсдэлийн даатгал нэрээр 7.2 сая ам долларыг гадаад улсын банкуудад шилжүүлж завшсан,
- БНСУ-ын иргэн нь БНСУ-ын нутаг дэвсгэрт хууль бус казиногийн үйл ажиллагаа явуулж олсон орлого болох 4.5 сая ам долларын орлогыг Монгол Улсад оруулан уг мөнгөөр зочид буудал бариулсан,
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн 600 гаруй аж ахуйн нэгжид холбогдох 20 гаруй тэрбум төгрөгийн хохиролтой гэмт хэргийг илрүүлж Улсад учирсан 2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн,
- Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий албан тушаалтнууд нь бусадтай бүлэглэн сэргээн засах, өдрийн үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллага байгуулан үйлчилгээнд хамрагдаагүй хүмүүсийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэн улсын төсвөөс 1,1 тэрбум төгрөг завшиж мөнгө угаасан,
- ИНЕГ-ын “Зорчигч бүртгэлийн сүлжээний операторыг сонгон шалгаруулах төсөлд зарцуулагдах хөрөнгөнөөс албан тушаалтнууд нь нэр бүхий компаниудыг ашиглан 783,167,600 төгрөгийг завшиж Хонг Конгийн оффшор бүс рүү шилжүүлж мөнгө угаасан.
20 сая төгрөгөөс дээш төгрөгийн гүйлгээг Монголбанк хянаж байдаг. Энэ төрлийн сэжигтэй гүйлгээ жилдээ 200 гаруй бүртгэгдсэн байдаг байна. Энэ талаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгээс тодруулахад тэрбээр “Сэжигтэй гүйлгээ хийсэн тохиолдолд арилжааны банкууд Монголбанкны дэргэдэх Санхүү мэдээллийн албанд хүргүүлдэг. 20 сая төгрөг хүрэхгүй байлаа ч гэсэн давтамжтай буюу 15 саяар таван удаа, таван саяар дөрвөн удаа гэх мэт 20 сая төгрөгөөс дээш гүйлгээг нэг данснаас олон удаа хийсэн тохиолдолд сэжигтэй гүйлгээ гэж тооцон Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлдэг. Энэ дагуу шалгалт хийж холбогдох хууль сахиулах байгууллагуудад шилжүүлдэг. Сүүлийн үед олон улсын түвшинд мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой асуудал хүчтэй яригдах болсон. Уг асуудалд энэ хэрээр улс орон бүр өндөр ач холбогдол өгч байгаа. 2013-2016 онуудад Монголын төрийн байгууллагуудаас энэ чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагаанд Ази номхон далайн бүлгээс үнэмлэж өгч байгаа. Бид энэхүү тайлангаа 2019 оны нэгдүгээр сар гэхэд хүргүүлнэ” гэлээ.
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч С.АРИУНБОЛОР:
-Мөнгө угаах гэмт хэрэг гэдэг нь Эрүүгийн хуульд заасанчлан гэмт хэргийн замаас олсон эд зүйлийг мэдсээр байж бусдад шилжүүлсэн, хувиргасан, худалдан борлуулсан эсвэл халхавчлах байдлаар бусдад шилжүүлсэн гэсэн хэлбэрүүдэд хамаарагддаг. Энэ нь гэмт хэргийн замаар буюу Эрүүгийн хуульд заасан бусад төрлийн гэмт хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нотлох түүний дараа мөнгө угаасан гэмт хэргийг нотлох гэсэн хоёр шатлалтайгаараа бусад төрлийн гэмт хэргүүдээс ялгаатай. Нэлээд хугацаа шаардагддаг. Мөн гэмт хэргийн замаас олсон орлого юм гэдгийг нотлохын тулд бусад холбогдох санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага тулгардаг. Тухайлбал Татварын Ерөнхий газар, Гаалийн байгууллагатай хамтран ажиллаж тухайн орлогыг татварт тайлагнасан эсэхийг шалгадаг. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж байгаа асуудал харьцангуй бага. Эрхзүйн орчин нь бүрдсэн. Боловсон хүчин асуудалд анхаарч ажиллах шаардлагатай байгаа. Иргэдийн хувьд мөнгө угаах гэмт хэргийг зөвхөн хууль сахиулах байгууллагууд эсвэл төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой гэмт хэрэг гэж ойлгодог. Гэвч мөнгө угаах гэмт хэрэг нь санхүүгийн системд оролцож байгаа бүх хүнд хамааралтай. Жишээ нь гадаад худалдааны чиглэлээр бизнес эрхэлдэг байлаа гэхэд магадгүй харилцагчаа буруу таньснаас үүдэж таны гадаад руу хийгдсэн гүйлгээ царцах цаашлаад худалдаа эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Харилцагч байгууллагаа эсвэл хувь хүний аль алийг нь мөнгө угаах эрсдэлтэй байна уу үгүй эсэхийг мэдэх хэрэгтэй. Энэ байдал манай улсад маш хангалтгүй байгаа.
Сүүлийн зургаан жилийн хугацаанд манай улс мөнгө угаах зүйл, ангиар хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн, эрүүгийн хэрэг үүсгэсэн 60 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Нийгмийн хөгжлийг дагаад энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй бүлэг этгээдүүд, зохион байгуулалтад орж үйлдлийн арга, хэлбэр улам боловсонгүй болж техник, технологийн дэвшлийг ашиглах, гэмт хэргийн улмаас олсон орлогыг улс, орон руу дамжуулж шилжүүлэх хандлага ажиглагдаж байгаа энэ үеэр онцолсон юм. Тухайлбал цахим орчныг ашиглах, цахим мөнгө ашиглах, улс, орон дамжуулан мөнгөний эх үүсвэрийг нуун дарагдуулах, хар тамхи мансууруулах холбоотой орлогыг угаах, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах гэх мэт хэлбэрээр мөнгө угаах гэмт хэрэг илэрдэг аж.
Холбоотой мэдээ