Автомашины дугуйг ариутгах ажлаа үргэлжлүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Автомашины дугуйг ариутгах ажлаа үргэлжлүүлнэ гэв

Автомашины дугуйг ариутгах ажлаа үргэлжлүүлнэ гэв

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2018.10.30/ хуралдлаа. Хуралдаанаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжив.

Гишүүдийн зүгээс малын гоц халдварт өвчин дэгдсэн бүсээс ирж байгаа машин техник, иргэдийг нийслэл рүү нэвтрүүлэхэд ариутгах ажлыг шинэчлэхэд арга хэмжээ авч байгаа эсэх, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, махны экспортыг дэмжин, үйлдвэр барих асуудалд шуурхай ажиллаж байгаа талаар тодруулав. Хүнс, хөдөө аж ахуйн Дэд сайд Ж.Сауле “Засгийн газраас баталсан “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн онцлогт тохирсон мах, сүүний үйлдвэрийг барих бэлтгэл ажил үргэлжилж байна. Одоогоор махны чиглэлийн 42, сүү, сүүн бүтээгдэхүүний 216 үйлдвэр  орон нутагт ажиллаж байна” гэв.

Мөн тэрбээр, нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоогоор автомашин, иргэд, тэдгээрийн ачаа тээшийг иж бүрэн ариутгаж, халдваргүйжүүлэн нэвтрүүлэхэд олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн техник, технологи ашиглахад шаардагдах төсөв, хөрөнгийн зардал өндөр байна. Тиймээс боломждоо тулгуурлаад автомашины дугуйг ариутгах ажлыг үргэлжлүүлж байна гэлээ.

Үүний дараа Мал тооллого, хадлан, тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамжийн талаарх тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн хувьд малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сангийн системийг шинэчлэх ажил удаашралтай, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг анхааруулаад хуулийг хэрэгжүүлэхэд нийт хэчнээн төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгааг тодруулав.

Ажлын хэсгийн зүгээс, малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх, тодорхойлоход 27 тэрбум төгрөг, малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сангийн системийг шинэчлэхэд эхний ээлжинд 10 тэрбум төгрөг шаардлагатай байна. Гэвч төсөв, мөнгөний хүрэлцээгүйгээс энэ асуудлыг шийдвэрлэх зардал улсын төсөвт суугаагүй гэв. Хэдийгээр хөрөнгө төсөвлөөгүй ч, Швейцарь, Франц зэрэг олон улсын төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран хэрэгжүүлэх боломж эрэлхийлж байгааг салбарын сайд нь онцолсон юм.

Т.НОМИН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж