Монгол Улсад санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлж буй Олон улсын валютын сан /ОУВС/-гийнхан “баавар” байна. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна гэж үг байдаг хойно яалтай.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы хэлснээр бол ОУВС-гийнхан “Хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн чинь төлөө танай улсад мөнгө өгч байгаа. Хөтөлбөрийн хугацаанд 5.5 тэрбум ам.долларын төсөл хэрэгжинэ. Бид танай гадаад валютын нөөцийг нэмэх, төлбөрийн балансыг чинь сайжруулах зорилгоор зээл олгож байгаа болохоос биш үндэстний мөнгөн тэмдэгтийн ханшийг барих гэж өгөөгүй шүү" гэж хэлсэн байна.
Үнэндээ ч ОУВС-гаас хэрэгжүүлж байгаа өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь эдийн засгийн хямралыг даван туулах, төсвийг сахилга баттай болгох, арилжааны банкуудын эрсдлийг бууруулах зэрэг олон талт зорилготой байгаа.
Гэвч АНУ, Хятад улсын дунд үүссэн худалдааны дайнаас улбаатайгаар дэлхийн улс орнуудад ам.долларын ханш чангарч, үндэстний мөнгөн тэмдэгтийн ханшийг унагах болсон. Монголд энэ нөлөө хэт мэдрэг байгаа бөгөөд төв банкнаас энэ оны эхнээс өнөөг хүртэлх хугацаанд ам.долларын ханшийг тогтворжуулах зорилгоор 750 сая ам.долларын интервенц хийжээ. Оны эцэс гэхэд нэг тэрбум орчим ам.долларын интервенц хийж мэдэх төлөвтэй байгаа аж.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ