&#34Хямралыг хөдөлмөрлөж байж л давна гэдгийг захилаа&#34

Хуучирсан мэдээ: 2015.01.26-нд нийтлэгдсэн

&#34Хямралыг хөдөлмөрлөж байж л давна гэдгийг захилаа&#34

УИХ-ын гишүүн М.Зоригт энэ сарын 15-23-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн 13 суманд ажиллаж, нийт 10 мянга орчим иргэнтэй уулзаж, Улсын Их Хурлаар баталсан хуулиуд болон хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцсон юм. Тэрбээр Орон нутгийн хөгжлийн сан болон Сум хөгжүүлэх сангийн талаар түлхүү мэдээлэл өгч, Малын хөлийн татварын тухай, Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар, засаглалын тогтолцоог хэрхэн өөрчлөх талаар саналыг нь сонсч явжээ. Сүхбаатар аймгийг бүтэн тойрч, 10 мянга орчим иргэнтэй уулзаад ирсэн эрхэм гишүүнтэй уулзаж, наран ургах нутгаас тээж ирсэн санаа бодлыг нь хуваалцлаа.

-Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулж иргэдэд хөрөнгө санхүүгийн эрх мэдэл олголоо л гэдэг. Энэ сангийн хөрөнгө оруулалтыг бүтээн байгуулалтад зарцуулахдаа үнэхээр иргэдийн саналыг тусгаж чадаж байгаа болов уу?

-Аливаа шинэ зүйлд улс, нийгэм суралцахад тодорхой хугацаа шаардагддаг. Урьд нь гишүүд халааслаад нутагтаа авч очдог байсан мөнгийг шинээр бүрэлдсэн Улсын Их Хурал Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх болсноор ард иргэд өөрсдөө хөрөнгө санхүүгээ барьж, юунд зарцуулахаа шийддэг болсон. Энэ нь дэлхийд анхны тохиолдол болсон төдийгүй туйлын зөв шийдвэр байсан гэдэг нь өнгөрсөн хоёроос гурван жилийн хугацаанд харагдлаа. Урьд нь Их хурлын гишүүн тойрогтоо ажиллахдаа таньдаг мэддэг, адуу малны талаар яриа хөөрөөтэй багийн Засаг даргадаа хэдэн төгрөг өгчихнө. Жишээлбэл, Эрдэнэцагаан сумын нэгдүгээр багийн Засаг даргад 20 сая төгрөг олгоход хэнтэй ч ярьж зөвшилцөлгүйгээр 15 саяар нь багийн төвийн умгар байшингаа будчихсан байсан. Харин сая Орон нутгийн хөгжлийн сангаас 80 сая төгрөг хуваарилахад Засаг дарга нь багийн төвийн хаалга, цонхоо сольё гэхэд иргэд нь “үгүй” гэсэн байгаа юм. Иргэд хоорондоо зөвшилцөж байгаад өвсний хадуур худалдан авч, хадлан тариагаа хадгалах байр сав барьж, хэд хэдэн худаг гаргаад авч. Тэр хуралд баруун хойд талын өрхийн төлөөлөгч нар ирж оролцоогүйгээс дандаа зүүн урд чиглэлд шинээр худаг гаргасан байж л дээ. Хуралд оролцоогүйгээсээ болж худаггүй хоцорсноо иргэд ойлгосон болохоор үүнээс хойш багийн иргэдийн хурал 100 хувийн ирцтэй болсон байна. Энэ мэтчилэн, иргэд өөрсдөө шийдэхээрээ амьдралд нэн хэрэгтэй, хамгийн зөв шийдлүүдийг гаргадаг юм байна. Тийм учраас би аймгийнхаа нийт сум, багуудаар тойрох бүртээ Орон нутгийн хөгжлийн сангийн талаар ахин дахин ярьдаг. Иргэд энэ эрхээ мэдэж, хэрэгжүүлж байх юм бол хөгжил зөв гольдролдоо орох юм л даа.

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээс гадна татварын бодлогоор орон нутгийг дэмжих хэрэгтэй байх л даа. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Тийм ээ, бид татварын бодлогодоо өөрчлөлт оруулах цаг нь болсон. Орон нутгийн иргэд мөнгийг үрэн таран хийлгүй, зөв зохистой зарцуулж чадна гэдэг нь ОНХС-гаар нотлогдсон тул одоо татан төвлөрүүлж буй татварын орлогын хуваарилалтыг өөрчлөх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, сум 30 хувь, аймаг 30 хувь, улс 40 хувийг авдаг байя. Суманд цэцэрлэг барих уу эсвэл Соёлын төв барих уу гэдгийг Улаанбаатарт биш нутгийн иргэд өөрсдөө шийдэж, нэгэнт орж ирэх мөнгийг банкнаас эсвэл аж ахуйн нэгжээс гаргуулж ажлаа урьдчилан гүйцэтгүүлж байх бололцоо байна.

-Хөрөнгө санхүү захиран зарцуулах эрх мэдэл нь дандаа хардлага сэрдлэг дагуулж байдаг. Шилэн дансны тухай хууль мөрдөгдөж эхэлснээр энэ байдлыг халж чадах болов уу?

-Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлснийг иргэд талархан хүлээн авч байна. Өнөөдөр Их Хурлын гишүүн М.Зоригт хаанаас ямар зардал гаргаж, Сүхбаатар аймгийн 13 сумыг тойрч ажиллаж байгааг өөдөөс хэлж өгч байна. Тамгын газрын дарга нь аймгийн төв орлоо гэхэд ямар ажлаар хаанаас санхүүжиж явж байгааг Тамгын газар руугаа ороод асуучихдаг болсон байна. Тэгэхээр нөгөө захиран зарцуулах эрх бүхий иргэд нь мэдээллээр бүрэн хангагдаж чаддаг болсон гэсэн үг. Улсын Их Хурал удахгүй Үндсэн хуулийг хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулж олон хуульд өөрчлөлт орох байх. Тэр бүгдэд эрх мэдлийг аль болох иргэдэд өгөхөд чиглэсэн бодлогоо барьж ажиллах ёстой юм байна гэж энэ удаагийн тойролтоосоо дүгнэлээ.

-“Эцэг” хуульд гар хүрэхийг эсэргүүцдэг хүмүүс цөөнгүй. Хөдөөгийн иргэдийн хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хөдөөгийн иргэдийн хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна. Дэндүү их сонгуульдаж байна, ядаж дөрвөөс таван жилд нэг удаа сонгууль хийж байя гэсэн саналыг тавьж байна. Сум, баг, хорооны түвшинд намын анхан шатны нэгж болох үүрийг байхгүй болгох хэрэгтэй, төрийн ажлыг намгүйгээр явуулах бүрэн бололцоотой гэдгийг хэлж байна. Нам болж зөндөө “тоглолоо”, хүүхэд байхад чулуугаар байлдаж, бие биенийхээ тархи толгойноос цус гаргадаг байсан бол одоо намуудад хуваагдаж, тэр байтугай л юм болж байна. Гэр бүл дотор ч  ан цав үүсдэг боллоо.  Үндсэн хуулийн өөрчлөлтөөрөө орон нутгийн улс төржилтийг бүрэн зогсоогоорой гэдгийг иргэд захиж байна. Улс төрчдийг хариуцлагатай байлгах, эргээд хариуцлага тооцож чаддаг байх нөхцөлийг бүрдүүлээч ээ гэсэн шаардлага тавьж байна. Ажил олгосон хүмүүсийнхээ ажлын тайланг эргээд сонсч, дүгнэх тал дээр хангалтгүй ажиллаж байгааг шүүмжилж байсан.  

-Малын хөлд татвар ногдуулах тухай хуулийн төслийг УИХ удахгүй хэлэлцэнэ. Хөдөөгийн иргэд, малчид үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Малын хөлийн татвартай болсноор малчид өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэдгийг ойлгож дэмжиж байгаа ч тодорхой саналуудыг дэвшүүлж байсан. Тухайлбал, энэ татварыг төрөл тус бүрээр ялгаатай тогтоож, түлхүү өсгөх бодлого барьж буй төрлийнхөө татварыг тэглэх нь зүйтэй гэж байв. Мөн бэлчээрийг нь ашиглаж буй өөр аймаг, сумын иргэдийн малд арай өндөр татвар ногдуулж, татварын орлогыг аймаг, улсад хуваалгүйгээр 100 хувь суманд үлдээх хэрэгтэй гэсэн саналуудыг иргэд хэлж байсан л даа.

-Нэг үеэ бодвол иргэд эрх мэдэтнүүдтэй уулзахдаа хувийн шинжтэй хүсэлт тавихаас илүүтэй бодлогын чанартай асуудал дэвшүүлдэг болсон нь анзаарагддаг л даа. Сүхбаатарчуудын хувьд сэтгэлгээний ямар өөрчлөлт гарсан байна вэ?

-Урьд нь Сүхбаатар аймгаас сонгогдсон Ч.Улаан, Р.Буд гэдэг хоёр хүн тэрбум, тэрбум төгрөгтэй тойрогтоо очихдоо дээвэр туурга гэх мэтийг шийддэг байсан, иргэд тэднээс шуудай гурил мэтийг хүсдэг байсан бол одоо намайг очиход хувийн шинжтэй зүйл нэхэж шаарддаг хүн байхгүй болжээ. Их хурлын гишүүн М.Зоригттой хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийн талаар, аймаг сум төдийгүй улс орны хэмжээний томоохон зорилтуудыг хэлэлцэж ярилцдаг болсон байна.

Иргэд маань нэг зүйлийг онцлон хэлж байна. Монгол Улс хямарч байна гэж сонин хэвлэлээр их бичих юм. Хэдий тийм байлаа ч сүхбаатарчууд хөгжил дэвшлийнхээ төлөө санаа зорилгоо нэгтгэж, зүтгэх хэрэгтэй. Хямралыг хөдөлмөрлөж байж л давах юм шүү гэдгийг захиж  байсан. Тиймээс би хямралтай үед сүхбаатарчууд хямраагүй мэт ажилах юм байна гэсэн итгэл төгс буцаж ирлээ.

Э.ИРЭХБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж