Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг дараах асуудлаар зөвшилцөхөөр УИХ-ын дарга М.Энхболдод албан хүсэлт өчигдөр өгсөн билээ. УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу ажлын тав хоногт багтаан Ерөнхийлөгчөөс ирсэн саналыг хэлэлцэх хуультай. Тиймээс уг асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг тодрууллаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.ОЮУНДАРЬ:
-УИХ-ыг тараах эрх нь УИХ-д өөрт нь хадгалагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд УИХ тарна гэсэн хуулийн заалт бий. Өмнөх үеийн парламентуудтай одоогийн УИХ-ыг харьцуулахад сайн ажиллаж байгаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ бүрдснээс хойших энэ хугацаанд бие даасан хуулийн төсөл, хуулийн нэмэлт өөрчлөлт зэргийг тоон дүнгээр авч үзвэл өмнөх парламентуудаас өндөр үзүүлэлттэй байгаа.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ:
-УИХ тарах ёстой эсэхийг УИХ-ын даргаас нь очиж асуух хэрэгтэй. Тэр ЖДҮ-ийг тойрсон асуудал дээр хууль хяналтын байгууллагынхан ажиллаж эхэлсэн юм билээ. Шалгаж дуусаад, үр дүнгээ ярих байх. Ер нь бол УИХ-ыг тараах асуудлаар Ерөнхийлөгч санал гаргах бүрэн эрхтэй. Тэр бүрэн эрхээ эдлэж, саналаа гаргасан. Харин шийдвэр гаргах эрх нь УИХ-д байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН:
-Би УИХ-ыг тарах шаардлага үүсээгүй гэж харж байгаа. Энэ нь ард түмний сонголт. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдал УИХ-ыг тарах хэмжээнд хүргээгүй байна. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудал ярьж байгаа юм билээ. Жишээ нь, Хөвсгөл аймаг дээр байгаа бүх хөрөнгө оруулалтуудыг над дээр тавьчихвал нэлээд хэдэн тэрбум болох нь тодорхой. Өмнө нь 1 тэрбумыг өгчихөөд, янз бүрээр хуваарилдаг байсан нь үнэн. Гэхдээ энэ бол өөр. Ихэнх хөрөнгө оруулалтаар одоо сургууль цэцэрлэг л барьж байгаа. Жил бүр л сургууль, цэцэрлэг барих зардал тусч байдаг. Ер нь хараад байхад Ерөнхийлөгч зарим асуудал дээр бухимдсан бололтой байна лээ.Төрийн хариуцлагын тогтолцоо гэж юм байхгүй болчихоод байна. Тиймээс бухимдсан байж болох юм. Би өмнө нь УИХ-д сууж байсан. Өнөөгийн парламент өмнөхөөсөө дордсон зүйл байхгүй. Энэ чинь төр. Төрөөрөө бас тоглоод байж болохгүй.
УИХ-ЫН ГИШҮҮН М.БИЛЭГТ:
-УИХ хуулийн дагуу ажиллаж байгаа. Уг асуудлыг УИХ-аар хэлэлцээд гишүүд шийдвэрээ гаргана байх гэж бодож байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ-ын гишүүд сайн ажиллаж байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАР:
-УИХ өөрийнхөө бүрэн эрхийг хэрэгжүүлээд ажиллаж байна. Би хувьдаа энэ удаагийн парламентыг харьцангуй ажил хэрэгчээр асуудалд ханддаг гэж хардаг. Ерөнхийлөгч төсөвтэй холбоотой асуудлыг хөндөж ярьсан байна лээ. Төсөв дээр хориг тавих нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх. Хоригоо тавиад, санал шүүмжээ хэлээд явах бүрэн боломжтой. ЖДҮХС тойрсон асуудал бас ярьсан билээ. Манай намын бүлэг дээр энэ асуудлыг ярьж, ажлын хэсэг байгуулан, шалгахаар болсон. Ерөнхийлөгчийн саналыг гишүүдийн гуравны хоёроор дэмжих ёстой. Мөн Ерөнхийлөгч УИХ-ын даргатай санал нэгдсэн тохиолдолд асуудлыг УИХ-аар хэлэлцэх боломжтой юм билээ.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЖАВХЛАН:
УИХ-ыг тараах эсэх асуудлаарх яриа цаашаа нэлээд хөвөрнө гэж би хувьдаа харж байгаа. С.Жавхлан гэдэг бие даагч гишүүний хувьд энэ асуудлаар байр суурь илэрхийлэхэд эрт байна. Ерөнхийлөгчийн бичигт УИХ-ын дарга байр суурьтай хандах юм. Шууд буцаах юм уу эсвэл УИХ-аар хэлэлцүүлэх юм уу гэдэг нь тодорхой болоогүй байна. Ер нь УИХ маш муу ажиллаж байгаа нь үнэн. Гол нь УИХ-ыг тараах асуудал дээр энэ олон хулгайч гишүүд юу гэж ярих нь сонин байна.
Холбоотой мэдээ