ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2019 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.30) хуралдаан 09 цаг 30 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэв. Эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулав. Ажлын хэсэг 2, дэд ажлын хэсэг 3 удаа хуралдахдаа Монголбанк, Сангийн яам төсөл дэх бодлогын талаарх төсөөлөл, эрсдлийг хэрхэн тооцсон талаар болон бодлогын бусад баримт бичигтэй уялдуулсан эсэхтэй танилцсан байна. Мөн УИХ-ын гишүүд, холбогдох бусад байгууллагаас ирүүлсэн саналуудтай нэгбүрчлэн танилцаж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэжээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг алт цэвэршүүлэх үйлдвэрийн талаар судалж, танилцуулах талаарх холбогдох заалтыг төсөлд нэмэхээр саналын томьёолол бэлтгэсэн байгаа талаар тодруулаад “шийдвэрлэх” хэмээн томьёолох нь зүйтэй гэж үзэж буйгаа хэллээ. Мөн ипотекийн зээлийг Монголбанк үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эсэхийг лавлав. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр хариултдаа, Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах чиглэлээр олон судалгаа хийсэн байдаг ба тэр бүрт өөр, өөр дүн мэдээлэл гардаг. Олон улсын жишгээр жилд 20 тн-оос дээш хэмжээний алт олборлож байгаа тохиолдолд цэвэршүүлэх үйлдвэр байгуулах нь зүйтэй гэж үздэг. Ажлын хэсгийн хуралдааны үеэр энэ асуудлаар нэлээн удаан хэлэлцээд, Банкуудын холбоо болон Монголбанкны төлөөллийн байр суурийг харгалзан өмнөх судалгаануудыг нягтлах нь зүйтэй гэж үзсэн гэв. Ажлын хэсэг уг асуудлыг сайтар судлахын зэрэгцээ, үйлдвэр байгуулах өртөг зардал, төлөвлөгөө, ашиглалтад орсон тохиолдолд үр ашгийн талаарх холбогдох тооцоо судалгаа, алт цэвэршүүлэх үйлдвэрийн стратеги, хэтийн төлөв зэргийг нарийвчлан судлах шаардлагатай гэж үзжээ. Ипотекийн зээлтэй холбоотой С.Чинзориг гишүүний асуултад хариулахдаа, энэ төрлийн зээл олголтыг Засгийн газарт шилжүүлэх эсэхийг одоогоор эцэслээгүй. Ажлын хэсгийн гишүүн Д.Эрдэнэбатаас Монголбанкаар үргэлжлүүлэх санал гаргасныг хэлэлцэн, дэмжээд холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн гэлээ.
Ийнхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал томьёолол тус бүрээр нь санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг зарчмын зөрүүтэй саналын тоьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэхээр тогтов.
ВАЛЮТЫН ХАНШ, БЕНЗИН, ШАТАХУУНЫ ҮНИЙН АСУУДЛААР ЗАСГИЙН ГАЗАР, МОНГОЛБАНКИНД ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛЫГ БАТАЛЛАА
Эдийн засгийн байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 17-ны Мягмар гарагийн хуралдаанаараа Валютын ханшийн өсөлт, цаашид авах арга хэмжээний талаарх Монголбанкны ерөнхийлөгчийн, Бензин, шатахууны үнийн асуудал, цаашид авах арга хэмжээний талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг тус тус сонссон юм. Үүнтэй холбогдуулан “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэв. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Дамба-очир танилцууллаа. Шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нар ажиллажээ. Ажлын хэсэг 2 удаа хуралдан шийдвэрийн төслийг заалт нэг бүрээр хэлэлцэн, боловсруулсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг төслийн 1.3 дахь заалт буюу “гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн асуудал хариуцсан Засгийн газрын одоогийн бүтцийг илүү үр дүнтэй ажиллуулах” гэдэг нь ямар зорилготой болохыг тодруулав. Валютын ханшийн өсөлт, цаашид авах арга хэмжээний талаарх мэдээллийг сонсох үеэр Монгол Улсын гадаад худалдааны бодлогыг хариуцсан бүтэц шаардлагатай гэдэг саналыг тал бүрээс гарсан гэдгийг Д.Тэрбишдагва гишүүн санууллаа. Ингэхдээ хууль эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай бөгөөд энэ талаарх холбогдох чиглэлийн төсөлд тусгасан байгаа учир тэр хүртэл одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг үр дүнтэй, эрчимтэй ажиллахыг үүрэг болгож буй агуулгатай хэмээн тайлбарлав. Төсвийн бодлоготой хамт Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн асуудал орж ирэх шаардлагатай байсан гэж ажлын хэсэг үзэж байгааг Б.Баттөмөр гишүүн хэллээ. Саяхан болсон ОУВС-ийн жилийн уулзалтын үеэр "худалдаа бол дэлхийн эдийн засгийн цусны эргэлт" гэж чухалчлан онцолж байсан. Монгол Улсад гадаад худалдааны салбартай хамаарал бүхий ажил хөдөлмөр, бизнес эрхэлж буй 1 сая гаруй хүн байна. Олон улсын хэмжээнд худалдааны салбарын ач холбогдлыг ийн үзэж байхад манай Засгийн газарт энэ чиглэлийг хариуцсан бүтэц байдаггүй. Өнөөдрийн байдлаар Гадаад харилцааны яамны Гадаад худалдааны газрын 10-аад хүнтэй бүтэц байна. Энэ бүтэц улсын төсөв, ирэх оны мөнгөний бодлогын төслийн хэлэлцүүлэгт оролцоогүй. Нэгэнт Засгийн газар гадаад худалдааны салбарын бодлого хариуцах бүтцийн асуудлыг холбогдох төслүүддээ тусгаагүй байгаа учир одоо ажиллаж буй бүтцээ үүрэгжүүлж, хариуцлагажуулах зорилгоор томьёолол бэлтгэсэн хэмээн Б.Баттөмөр гишүүн тайлбар хийв. Байнгын хорооны дарга Д.Дамба-очир бензин, шатахууны үнийг тогтворжуулах чиглэлээр Монголбанк ажиллах бололцоо бий эсэхийг тодруулав. Дэлхийн банкны захиалгаар 2012-2016 онд Монголбанкнаас үнэ тогтворжуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд аудит хийж байгаа бөгөөд тайланг энэ долоо хоногт багтаан судална гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч мэдээллээ. Үүний зэрэгцээ “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк төсвийн шинжтэй аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосон байгааг дуулгав. Хөтөлбөрт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төсвийн шинжтэй ипотекийн зээлийн санхүүжилтийг Засгийн газарт шилжүүлэх болзол тавьсан. Монголбанк хуулиараа арилжааны банкууд болон Засгийн газартай харилцдаг. Хэрэв Засгийн газраас чиглэл ирвэл Монголбанк түүнийг тодорхой хувилбаруудаар хэрэгжүүлэх бололцоо хуулиараа нээлттэй гэдгийг хэллээ. Хоёр дахь гарц бол Хөгжлийн банк болон Төрийн банкаар дамжуулан Засгийн газар тодорхой хэмжээний төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх бололцоо бий хэмээн харж байгаа бөгөөд Монголбанк, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулан судлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгааг танилцууллаа. Гишүүдийн асуултад хариулах үеэр Н.Баяртсайхан ерөнхийлөгч “БНХАУ-ын Ардын банкнаа ажилласан бөгөөд энэ үеэр тус банкны удирдлагуудын зүгээс том гүрнүүдийн хоорондох худалдааны маргаан богино хугацааных биш гэдийг анхааруулж байсан. Иймд Монгол Улс бэлтгэл хангах, валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хугацаанд 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирж байгаа, эдгээр нь Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн балансыг сайжруулах зорилготой болохоос биш үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн ханшийг хамгаалах зорилготой санхүүжилт биш гэдгийг ОВУС-ийн зүгээс сануулж байгаа” гэв. Төв банкны зүгээс 2018 оны эхнээс өнөөдрийг хүртэл 750 сая ам.долларын интервенци хийгээд байгаа бөгөөд энэ жилд нийтдээ 1 тэрбум орчим ам.долларын интервенци хийх магадлалтай хэмээн тооцоолж буйгаа танилцууллаа.
Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва санал хэлэв. Эдийн засгийн байнгын хороо урьд өмнө гаргасан тогтоолуудынхаа хэрэгжилтийг шалгаж байх нь зүйтэй гэв. Мөн Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж, бүх салбарын бодлогыг улсын хөгжлийн үндсэн концепцид нийцсэн эсэхийг нягталдаг, холбогдох чиглэлүүдийг өгдөг бүтэц шаардлагатай байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа. Түүний энэ саналыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Ийнхүү гишүүд асуулт асууж, холбогдох тодруулгуудыг хийн ажлын хэсгээс хариулт авсны дараа “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад 90.9 хувийн саналаар дэмжин, баталлаа. Уг тогтоолоор валютын ханшийг тогтворжуулах асуудлаар
- төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах төлөвлөгөө гаргах,
- макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн ерөнхий төлөв, тэдгээрийн уялдааг тогтмол судалж, дүгнэлт гаргаж Байнгын хороонд танилцуулах,
- гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн асуудал хариуцсан Засгийн газрын одоогийн бүтцийг илүү үр дүнтэй ажиллуулах,
- гадаад, дотоод худалдааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох,
- дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэртэй болох ажлыг эхлүүлэхийг Засгийн газар, Монголбанкинд чиглэл болгожээ.
Шатахууны хангамж, чанар, стандарт, үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Дорноговь аймгийн нутагт баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г Байнгийн хороонд товлосон хугацаанд танилцуулах, газрын тосны зарим төрлийн бэлэн болон завсрын бүтээгдэхүүнийг татвартай болгох, шатахууны экологийн ангилал, импортолж байгаа боомтоос хамааруулан татварыг ялгавартай тогтоох, шатахууны үнийн огцом хэлбэлзлийг ОАТ-ын хувь хэмжээгээр тухай бүр шуурхай зохицуулах зэрэг асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан УИХ-д яаралтай өргөн мэдүүлэхийг Засгийн газар чиглэл болгожээ. Түүнчлэн Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах, экологийн өндөр ангилал бүхий санар, стандартын шаардлагад нийсэн шатахууны үнийн хөнгөлөлт үзүүлэх асуудлаар хэлэлцэх, шатахуун импортын олон талт эх үүсвэртэй байх бодлого баримтлах зэргийг Байнгын хорооны дээрх тогтоолд тусгасан байна.
АЛТНЫ САЛБАРЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСОВ
Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Алтны салбарын геологи хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэл сонсов. Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 10 дугаар сарын мэдээгээр Монгол Улсад 3238 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас ашиглалтын тусгай зөвшөөрөл 1654, хайгуулын тусгай зөвшөөрөл 1584 байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал танилцууллаа.
Эдгээрээс алтны ашиглалтын 548 тусгай зөвшөөрөл байгаа нь нийт ашиглалтын тусгай зөвшөөрлийн 33 хувь, алтны хайгуулын 850 тусгай зөвшөөрөл байгаа нь нийт хайгуулын тусгай зөвшөөрлийн 53 орчим хувийг эзэлж байгаа аж. Үргэлжлүүлэн тэрбээр алтны олборлолтын байдлын талаар танилцуулсан юм. Алтны уурхайн төслийн 2015-2017 оны уулын ажлын төлөвлөгөө, тайлангийн гүйцэтгэлээс харахад үндсэн ордын хувьд 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн боловч 4-5 аж ахуйн нэгж тухайн жилдээ уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Шороон ордын хувьд дээрх хугацаанд 107-151 аж ахуйн нэгж олборлолт хийхээр уулын ажлын төлөвлөгөө батлуулсан боловч 51-74 нь гүйцэтгэлээ тайлагнасан байна. Аж ахуйн нэгжүүдийн тайлангаар алтны гүйцэтгэл алт тушаалтаас 2015-2017 онд жил бүр 1.05-1.6 тн-р дутуу байгаа бөгөөд алт олборлолтын тэнцлийн хөтлөлт зөв хийгддэг эсэхийг нягтлах шаардлага бий хэмээн дүгнэжээ. 2017 оны гүйцэтгэлээс харахад 548 тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлэх ёстой атал 152 нь холбогдох баримт бичгийг ирүүлсэн байна. Харин 160 нь үйл ажиллагаа явуулаагүй тухай “Х” төлөвлөгөөг ирүүлжээ.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар асуулт асууж ажлын хэсгээс хариулт, нэмэлт мэдээлэл авлаа. Мөн Монгол Улсын Алтны салбарын геологи хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэлтэй холбогдуулан үг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллэв.
Холбоотой мэдээ