Ардын Засгийн хурган дарга нар төсвийн хөрөнгөөр туйлж, хамаатан саднаа ажилд авахаас эхлүүлээд авлигаар ажил хэрэг бүтээдэг болсон тухай “алтан хошуу” тойргийнх нь гишүүдээс эхлүүлээд томчуулд хүрдэг ч чихийг нь халууцуулахаас цаашгүй замхраад өнгөрөх нь олонтаа.
Харин энэ удаад Авлигатай тэмцэх газар/АТГ/-ынхан зарим нэг хэргийн мөрөөр орсон нь бусдад ч сургамж болж мэдэхээр байна. Тодруулбал, тус газрынхан Дорнод аймагт ажиллах үеэрээ нэр бүхий албан тушаалтанд холбогдох хээл хахуулийн 11 үйлдэлтэй хэрэг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.
Мөн аймаг, сумын ИТХ болон тэргүүлэгчид нь хуулиар олгогдоогүй эрх эдэлж, орон нутгийн татвар, төлбөр хураамжийн хэмжээг тогтоосон байна. Тухайлбал, Баян-Уул суманд тав, Цагаан-Овоо суманд дөрөв, аймгийн ИТХ-аас гурав, ИТХ-ын Тэргүүлэгчид нэг шийдвэрийг эрх хэмжээ хэтрүүлэн гаргажээ.
Сонирхлын зөрчлөөс сэргийлэх хууль хэрэгжсээр атал аймгийнх нь албан тушаалтнууд өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргах, төсвийн хөрөнгийг хууль бусаар үр ашиггүй зарцуулах, хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаа хоцроох, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилсны дараа хянуулах, төрийн үйлчилгээний албан хаагчид иргэдээс хууль бус төлбөр хураамж авсан зэрэг үйлдлүүд ч энэ удаагийн шалгалтаар илэрсэн аж. Харин эрх мэдлээ хэтрүүлж, хуулиас давсан шийдвэр гаргасан хурган дарга нарт ямар хариуцлага тооцож, дахин авлига, хээл хахуулийн хэрэг гарахгүй байх талд анхаарч ажиллах вэ гэдэг нь шат, шатанд авах арга хэмжээнээс хамаарах учиртай.
Илрүүлсэн нь энэ болохоос хавтгайдаа л байдаг зөрчил, авлига гэж үзвэл АТГ-ынхан хөрөнгө хүч хаян хөдөө орон нутагт ажилласны хэрэг ч гарахгүй. Мөн иргэд ч орон нутагт нь авлига хээл хахуулийн хэрэг гаараад байхад нь мэдээлэх сонирхолгүй болж, тэр хэрээр төр хүчгүйдэх аюултай.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ