"Автомашины осол гарах шалтгаан нь мансууруулах бодис"

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

"Автомашины осол гарах шалтгаан нь мансууруулах бодис"

Сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийн тоо өсч байгаагаас гадна насны хувьд эрс залуужиж байгааг албаны хүмүүс хэлж байгаа юм. Тухайлбал, энэ төрлийн гэмт хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт бүртгэгдсэн мэдээллийг авч үзэхэд 2018 оны есдүгээр сарын байдлаар 131 хэрэгт 258 хүн шалгагдсан байна. Ингэхдээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан тохиолдлууд мөн бүртгэгджээ. Энэ  талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодрууллаа.


 –Хар тамхи мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэгчдийн тоо  ихсэх хандлагатай байна гэж яригдах болсон.Үүний зэрэгцээ дээрх бодисыг хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох   зөрчил танай албанд хэр бүртгэгддэг вэ?

-2018 оны нэгдүгээр сард Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас тээврийн цагдаагийн алба  хаагчдад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын ойлголт, хэрхэн илрүүлэх талаар сургалт орсон. Сургалтаар алба хаагчид үүргээ гүйцэтгэж байхдаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалж, тээвэрлэж яваа жолооч, зорчигчтой таарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар мэргэжлийн албаныхан хичээл заасан. Мөн хар тамхитай  тэмцэх газраас сургалтын үеэр Тээврийн цагдаагийн  албаны хэрэгцээнд ашиглагдах хар  тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан  шатны тест нийт 200 ширхгийг өгсөн. Мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдэж байсан. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр  23.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн Нисэхийн тойргийн постод үүрэг гүйцэтгэж байсан хоёр алба хаагчид Toyota Prius маркийн автомашины жолооч сэжиг бүхий санагдаж. Тэгээд  машиныг  шалгахад жолооч зорчигч хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй боловч нүдний харц, төрх байдал нь сэжиг бүхий мөн машин дотор  тамхи мэт ороосон зүйл байсан. Тэрхүү  ороосон зүйл нь тамхи шиг үнэртэхгүй байсан учраас тэднийг мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестээр шалгахад нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсон.  Насны хувьд 24-25 насны  залуус байсан. Машинд  үзлэг шалгалт хийх явцад олдсон тамхи мэт ороосон зүйл, тугалган цаас зэрэг эд зүйлийг харьяаллын  дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлсэн байдаг. Тээврийн цагдаагийн албаны хэмжээнд  тестээс гадна энэ   бодисыг  шалгах ганц төхөөрөмж байдаг. Тэрхүү төхөөрөмжийг жижүүрийн шуурхай удирдлагын  хэлтэс дээр ашиглагддаг.

Тэгвэл мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь  ямар сөрөг үр дагавартай вэ. Тухайн хүний сэтгэцэд хэрхэн нөлөөлдөг юм бол?

-Судалгаанаас харахад мансууруулах бодис, сэтгэцэд  нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь олон сөрөг  дагаврыг бий болгож байдаг. Тухайлбал, хүн жолоодох чадвараа алдаж, мэдээллийг хүлээн авах сэтгэн бодох чадвар нь муудах, орон зайн мэдрэмжгүй  болох, юмс үзэгдлийг дүрс өөрчлөгдөн харагдах зэргээр өөрийгөө хянах чадварт муугаар нөлөөлж ноцтой зам тээврийн осол гарах үндэс болдог.

Хуульд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд  ямар хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг  вэ?

-Зөрчлийн тухай хуульд согтууруулах ундаа  мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бодис  хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд нэг жилийн хугацаагаар жолоодох эрхийг нь хасч 400 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авахаар заасан байдаг. Гэвч Эрүүгийн хуульд зааснаар зөвхөн мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэдэг зүйлчлэлээр хариуцлага  тооцогддог. Нэг учир дутагдалтай тал нь Зөрчлийн тухай хуулийнхаа хариуцлагыг Эрүүгийн хуулийн хариуцлагатай шингээгээд тухайн хүнд ял оноочиж байгаа гэсэн үг.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж