Валют, шатахууны үнийн асуудлаар Монголбанкинд чиглэл өгнө

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Валют, шатахууны үнийн асуудлаар Монголбанкинд чиглэл өгнө

Валют, шатахууны үнийн асуудлаар Монголбанкинд чиглэл өгнө

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар валютын ханш, шатахууны үнийн асуудлаар Засгийн газар Монголбанкинд чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулсан талаар танилцуулгыг сонслоо. Танилцуулгыг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцууллаа. Валютын ханш, шатахууны үнийн асуудлаар Засгийн газар Монголбанкинд чиглэл өгөх байнгын хорооны шийдвэрийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг тус байнгын хорооны  2018 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 31-дүгээр тогтоолоор байгуулсан. Ажлын хэсгийг Б.Жавхлан гишүүн ахалсан. Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж байнгын хорооны тогтоолын төслийн заалт бүрийг хэлэлцэн томьёолсон хэмээн танилцуулгад дурдаад  хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг гишүүдээс хүссэн юм.  Тогтоолын төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж хариулт авлаа.

ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ:

-Гадаад худалдаа төлбөрийн тэнцлийн асуудал хариуцсан Засгийн газрын одоогийн бүтцийг илүү үр дүнтэй ажиллуулах гэж тогтоолыг төсөлд тусгасан байна. Одоо ч гэсэн үр дүнтэй ажиллаж байгаа шүү дээ. Өөрчлөн шинэчлэх боловсронгуй болгох тухай асуудлыг тусгахаас бус одоо байгаа бүтцийг ажиллуул гэсэн тогтоол байж болохгүй. Энэ тухайгаа ажлын хэсэг дээр ярилцах хэрэгтэй болов уу гэсэн асуултад,

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

-Төсвийн бодлоготой хамт Засгийн газрын бүтцийн бодлогын өөрчлөлт орж ирэх ёстой гэж бид ярилцсан. Монгол Улсад гадаад худалдааны чиглэлээр ажилладаг нэг сая гаруй хүн байна. Гадаад худалдаа бол дэлхийн эдийн засгийн цусны эргэлт гэж ОУВС-гийн төлөөлөөгч хэлсэн байдаг. Гэтэл манайд гадаад худалдаа хариуцсан бүтэц гэж байдаггүй. Яамны дэргэд гадаад худалдааны салбар гэж  10 аад хүнтэй бүтэц бий. Монгол Улсын 2019 оны  төсвийг хэлэлцэхэд мөн мөнгөний бодлогыг ярилцахад энэ хүмүүс оролцсонгүй.Тиймээс гадаад худалдаа төлбөрийн тэнцэл хариуцсан Засгийн газрын одоогийн бүтцийг илүү үр дүнтэй ажиллуулах талаар тусгасан юм. Хэрэв энэ чигээр нь ажиллуулах юм бол үүнийгээ илүү үр дүнтэй ажиллуулж хариуцлагажуулах шаардлагатай байна. Энэ утгаар нь энэ саналыг оруулж ирсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВА:

-Эдийн засгийн байнгын хорооноос гарч байгаа тогтоолын төслийн хэрэгжилтийн асуудалд хяналт тавьдаг болмоор байна. Зөндөө л тогтоол гардаг. Гэвч энэ бүхний биелэлтэд хяналт тавих асуудал орхигдоод байна.

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Д.ДАМБА-ОЧИР:

-Сангийн яамны зүгээс татваруудыг тэглээд дуусч байна.  Шатахууны өсөлтөд өөр авах арга хэмжээ байхгүй гэж хэлдэг. Монголбанк шатахууны үнийг тогтворжуулах тал дээр юу хийж байгаа вэ. Үнийг тогтворжуулахын тулд шатахуун импортлогч компаниудад нь  мөнгийг нь өгөлгүйгээр Орос руу төлбөр тооцоог нь хийж шатахууны үнийг барих боломж бололцоо хэр байна вэ. Уул уурхайн яамны зүгээс  шатахууны үнийг барьж чадахгүй гэдгээ хэлсэн байдаг. Гэтэл Оросын талаас үнээ нэмнэ гээд зарлачихсан. Энэ асуудалд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хариулт өгнө үү.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН:

-2012-2016 онд Монголбанк Үнэ тогтворжуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд  Дэлхийн банкны захиалгаар гаднын аудитын компани шалгалт хийгээд дуусч байгаа. Тайлан мэдээ энэ долоо хоногт бэлэн болсны дараа байнгын хороонд танилцуулах болно. ОУВС-аас бидэнд тавигдаж байгаа үндсэн шаардлага нь Монголбанк төсвийн шинжтэй аливаа үйл ажиллагаа явуулахаа зогсоох ёстой гэдэг  шаардлагыг тавьж байгаа. Нэгэнт бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчихсан байгаа учраас хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Хэрэв УИХ, Засгийн газраас чиглэл өгвөл бид аливаа үйл ажиллагаанд оролцохгүй гээд хойш суухгүй. Төвбанкны тухай хуулиар Монголбанк Засгийн газар болон банкуудтай харилцах учиртай. Бид хоёр үндсэн харилцагчтай. Засгийн газар аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн хэрэгцээ  шаардлагатай байгаа бол асуудлаа тавиад Төвбанкнаас өрийн бичиг гаргаад  эх үүсвэр авах бололцоотой. Энэ бол хуулиараа нээлттэй. Мөн арилжааны банкуудаар дамжуулж авах боломжтой. Тийм учраас Засгийн газар тодорхой чиглэлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН:

-Жил бүр УИХ-аас  Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах   үндсэн чиглэлийг баталдаг. Гэвч ганц хэрэгждэггүй тогтоол энэ юм. Жил бүр батлах шаардлагатай байгаа юм уу. Валютын ханшийн өсөлтийг Монголбанк барьж чадахгүй. Тийм учраас шатахууны үнэ савлагаатай байгаа юм.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН:

-УИХ-аас  Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах   үндсэн чиглэлийг жил бүр батална гэж Үндсэн хуульд заасан байдаг. Энэ дагуу л баталдаг. Бид энэ тогтоолыг хэрэгжүүлэх гэж Монголбанкны 500 гаруй ажилчид өдөр, шөнөгүй зүтгэж байгаа. Бид тайлангаа Эдийн засгийн байнгын хороонд тогтмол ирүүлдэг.  Монгол төрийн төлөө бид зүтгэж байна. УИХ-аас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхийн төлөө бид зүтгэж байгаа. Тиймээс гишүүдийг энэ талаас нь бүү яриасай гэж хүсч байна. Ханшийн өсөлтийн асуудал  дан ганц манай улсын асуудал биш болсон. Дэлхий даяар  ханш өсөж байгаа. 174 оронд судалгаа хийж үзэхэд  142 улсад ханшийн өсөлт гарсан. Бид оны эхнээс 5.7 хувийн  ханшийн сулралттай байна. Бид боломжоороо ажиллаж байгаа. Мөн том гүрнүүдийн хоорондох худалдааны маргаан ам.долларын өсөлтөд нөлөөлж байна. Энэ бол богино хугацааны үйл явц биш шүү  гэдгийг Хятадын ардын банкны Ерөнхийлөгчийн амнаас сонслоо.  Бид үүнд бэлтгэлтэй байж валютын нөөцтэй байх ёстой. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа 5.5 тэрбум ам.долларыг  манай улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх гэж  өгч байгаа мөнгө болохоос биш  үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг барих мөнгө биш шүү гэдгийг ОУВС бидэнд  сануулсан. Бид боломжоороо интервенц хийж байгаа. Оноос хойш өнөөг хүртэл 750 сая ам.долларын интервенц хийгээд байна. Он дуустал үлдсэн хугацаанд нийтдээ тэрбум ам.доллар орчим интервенц хийгдэхээр байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН:

-Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан сүүлийн үед валютын ханшийн өсөлтийг  дэлхийн бусад улс орнуудтай харьцуулж өөрийгөө өмөөрөх болсон.  Тэгж болохгүй  л дээ. Бид дэлхийн ихэнх оронтой чөлөөтэй худалдаа хийж байгаа. Гэвч худалдааны тэнцэл нь эерэг бараг гараагүй.

Ингээд гишүүд асуулт асууж дууссаны  дараа байнгын хорооны тогтоолын  төслийг баталъя гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн юм.

Дараа нь Монгол улсын алтны салбарын геологи хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо. Тус танилцуулгад дурдсанаар өнөөдрийн байдлаар манай улсад 3238 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас ашиглалтын тусгай зөвшөөрөл 1654, хайгуулын тусгай зөвшөөрөл 1584 байна. Эдгээрээс алтны ашиглалтын 548 тусгай зөвшөөрөл байгаа нь нийт ашиглалтын тусгай зөвшөөрлийн 33 хувь, алтны хайгуулын 850 тусгай зөвшөөрөл байгаа нь нийт хайгуулын тусгай зөвшөөрлийн 53 орчим хувийг эзэлж байна.

Алтны ашиглалтын тусгай зөвшөөрөл /аймаг тус бүрээр/

Д/ДАймагТусгай зөвшөөрлийн тооАж, ахуй нэгжийн тоо
1Архангай1810
2Баян-Өлгий86
3Баянхонгор6565
4Булган4831
5Говь-Алтай98
6Дархан-Уул3428
7Дорноговь32
8Дорнод2722
9Дундговь53
10Завхан64
11Өвөрхангай2014
12Өмнөговь1810
13Сүхбаатар62
14Сэлэнгэ10168
15Төв14082
16Увс137
17Ховд65
18Хөвсгөл11
19Хэнтий2015
Нийт548383

2017 онд 12.66 тонн алт тушаагджээ. Гэхдээ алтыг ямар ордоос олборлосон эсэхийг хянаж, бүртгэх боломжгүй болгосон. Иймээс иргэдийн тушаасан алтыг нөөцийн бүртгэлд оруулах асуудлыг зохицуулах шаардлагатай гэдгийг салбарынхан хэлж байна. Цаашид алтны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд “Алт” хөтөлбөрт тусгагдсан орд газруудыг төлөвлөсөн хугацаанд ашиглахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгцээтэй бөгөөд эдгээрт банкны зээл, бонд болон бусад эх сурвалжийг ашиглах, алтны томоохон төслүүдэд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг өргөнөөр татах шаардлагатай байгаа аж. Алтны олборлолтын хэмжээ сүүлийн жилүүдэд багасаж буй нь хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал, түүнээс үүссэн дарамт, ачаалал зэргээс салбарын үйлдвэрлэлийн өсөлтөд нөлөөлж, хөрөнгө оруулалт саарснаас үүдэлтэй аж.

Цаашид алтны олборлолтыг нэмэгдүүлж энэ чиглэлийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэхийн тулд төр болон хувийн хэвшлийн хамтарсан үйл ажиллагааг явуулах шаардлагатай байгаа гэж тус салбарынхан үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж