Европ дахь АНУ-ын зэвсэгт хүчний командлагч асан Бен Ходжес өнөөдөр /2018.10.30/ болж буй Варшавын Аюулгүйн Форум дээр үг хэлжээ. Тэрбээр АНУ болон Хятад улс хоорондын харилцаа улам доройтож байгааг онцлоод ойрын 15 жилд хоёр улсын хооронд дайн дэгдэж болзошгүй байна гэв. Тэрбээр 2014 оноос 2017 он хүртэл Европ дахь АНУ-ын цэргийн командлагчаар ажиллаж байв. Одоо Вашингтонд төвтэй судалгааны байгууллага болох “Европын бодлогын анализын төв”-д ажиллаж байгаа юм байна.
“АНУ-д Европын дэмжлэг маш их хэрэгтэй байна. 15 жил гэдэг яг баталгаатай биш ч маш өндөр магадлалтай таамаглал” хэмээжээ.
Вашингтон, Бээжин хоорондын эдийн засаг, улс төр, цэргийн харилцаа улам муудсаар байгаа билээ. Сүүлийн хэдэн сард АНУ-ын зүгээс Өмнөд Хятадын тэнгис дэх усан цэргийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа нь Хятадыг тойрсон усан замд АНУ эрх чөлөөгөө улам тэлж байна гэж үзэхэд хүрч байна. Бээжин үүнийг аюултай өдөөн хатгалаг гэж үзэж байгаа юм.
Эдийн засгийн харилцаа ч сайн биш, Хятад улс АНУ-ын технологийг хулгайлах явдал гаарч үүнээс үүдэн АНУ-ын худалдаа алдагдалд орж, АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд 250 тэрбум ам.долларын тариф тогтоосон. Хятад ч мөн адил аргаар АНУ-д хариу барьсан.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсыг удахгүй болох сонгуульд хөндлөнгөөс оролцох гэж байна хэмээн буруушаасан бөгөөд харин Хятад улс үүнийг ямар ч баримтгүй худал гүтгэлэг хэмээн үгүйсгэж байгаа.
Эх сурвалж: RT