“Бурхдын ордонд намайг…” тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

“Бурхдын ордонд намайг…” тоглолт болно

ДБЭТ-ын гоцлол дуучин
Ш.Наранчимэг гуравдугаар сарын 18-ны өдөр дуурийн театрын тайзнаа “Бурхдын
оронд намайг…” нэртэй уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр
2006 онд Италийн Ром хотод Санта Чилийн консерватурт мэргэжил дээшлүүлж, Дуурь
бүжгийн эрдмийн театрт 2003 оноос дуулж, сопран буюу эмэгтэй цээл хоолойгоор дэлхийн
алдартай олон дууриудын гол болон туслах дүрүүдийг бүтээж байсан юм. Дуучин Ш.Наранчимэг
анхны бие даасан тоглолтоо 2007 онд “Musa d`opera” нэртэйгээр хийж байсан бол хоёр
дахь тоглолтоо 2008 онд дуурийн гоцлоочид болох А.Сайнбаяр, Ө.Уянга нартай хамтран
“Grand opera” нэртэйгээр амжилттай хийсэн юм. “Бурхдын ордонд намайг…”
тоглолтондоо тэрбээр дэлхийн сонгодог урлагийн сор дээж  болсон бүтээлүүдийн ари, романсуудаас гадна
Монголын нэртэй хөгжмийн зохиолчдын мэргэжлийн томоохон дуунуудаас дуулах аж. Тухайлбал,
Дж.Вердийн “Аида” дуурийн Аидагийн ари, А.Понкьеллигийн “Жоконда” дуурийн
Жокондагийн ари, Дж.Пуччинийн “Тоска” дуурийн Тоскагийн ари зэрэг дэлхийд
хүлээн зөвшөөрөгдсөн сонгодогууд мөн Төрийн шагналт хөгжмийн зохиолч
Х.Билэгжаргалын “Ламбагуайн нулимс” дуурийн Цэрэнлхамын ари, Төрийн хошой
шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Хүний заяа” дуу, Төрийн шагналт
хөгжмийн зохиолч Б.Шаравын алдарт “Аав, ээж хоёр минь”, УГЗ, хөгжмийн зохиолч
Б.Баттөмөрийн “Цэцэгт цэнхэр алчуур” зэрэг манай алдартай хөгжмийн зохиолчдын
мэргэжлийн томоохон гэхдээ ард түмний сэтгэлд хүрсэн дуунууд энэ үдэш дуурийн
театрын тайзнаа яруу тунгалаг симфони оркестртой хоршин сонгодог урлаг, амьд
хөгжим таашаан үзэгч, сонсогчдын сонорыг мялаах аж.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж