Улсын хэмжээнд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгч 15 мянга гаруй байгууллага 139.4 тэрбум төгрөгийн шимтгэлийн өртэй байна. Эдгээр байгууллагад нийтдээ 161 мянга 320 даатгуулагч ажиллаж байгаа бөгөөд тэдгээр иргэдийн нийгмийн баталгаа алдагдаж байгаа талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлж байна.
Ажил олгогчдын тухайд ажилтнуудынхаа хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос сар бүр даатгуулагчийн төлөх шимтгэлийг суутган авдаг хэрнээ нийгмийн даатгалын санд төлөлт хийгээгүйгээс даатгуулагчдын ажилласан жил тооцогдохгүй болох, тэтгэвэр, тэтгэмж, төлбөр болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх үүсэхгүй байх зэргээр хохироход хүрч байгаа юм.
Зөвхөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангаас авах үйлчилгээгээ хязгаарлуулаад зогсохгүй арилжааны банкуудаас зээл авах, гадаад улс руу зорчихоор виз мэдүүлэхэд ч бэрхшээл учирдаг юм байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан байдаг ба дээрх шалтгаанаар хохирсон даатгуулагчид тус хуулийг баримтлан ажил олгогчоосоо нэхэмжлэх боломжтой юм байна.
Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс нийгмийн даатгалын тухай хууль болон зөрчлийн тухай хуулийн хүрээнд шимтгэлийн өрийг барагдуулахын тулд сануулах, албан шаардлага хүргүүлэх, данс хаах, шүүхийн байгууллагад нэхэмжлэх гаргуулах зэргээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлдэг ба хамгийн сүүлд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар шимтгэлийн авлага барагдуулах ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг гарган ажиллаж байгаа ажээ.
А.АНИР
Холбоотой мэдээ