Лицензийн бүртгэлийн систем саатжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.26-нд нийтлэгдсэн

Лицензийн бүртгэлийн систем саатжээ

-Хайгуулын тусгай зөвшөөрөл авахын тулд тусгай төхөөрөмж болон системд нэвтрэх эрх худалдан авна-

Ашигт малтмалын газар /АМГ/-т хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчдийн өргөдлийг өнөөдөр /01.26/-өөс эхлэн хүлээн авч, шийдвэрлэж эхэллээ.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9 хувьд буюу 31 сая га талбайд хайгуулын зөвшөөрөл олгох болсон. Үүнд 13.4 хувь буюу 20.9 сая га талбайд өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, 6.5 хувь буюу 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгохоор журамлаад байгаа юм.


БҮРТГЭЛИЙН СИСТЕМ ЯАГААД ГАЦАВ?

Зургаан жил завсарласан лиценз олголт өнөөдрөөс эхэлсэн. Удтал хүлэээсэн олон хүн бүртгүүлэхээр хандсан ч АМГ-ын вэбсайт саатаж, захиалгын систем гацсан нь хүмүүсийг бухимдууллаа.

Өнөөдөр өглөөний  08:00 цагаас онлайнаар захиалга авч эхэлсэн ч захиалгын систем нээгдмэгцээ гацсан гэж хүмүүс хэлж байна.  Хэсэг хугацааны дараа систем хэвийн ажилласан ч аль хэдийн 30 байршил захиалгатай болчихсон байсан нь хүмүүсийг бухимдуулжээ.

Энэ талаар АМГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн дарга С.Цогзолмаа хэлэхдээ:

-"Аж ахуйн нэгж байгууллагуудад бид өмнө нь хэд хэдэн удаагийн мэдээлэл өгсөн. Өнөөдрийн хувьд саатал гарсан талаарх гомдол мэр сэр ирсэн. Өглөөний 08:30 цагийн байдлаар 300 орчим аж ахуйн нэгж системд хандсан. Тэднээс 30 нь л бүртгүүлсэн. Олон компани зэрэг орсноос болж, бага зэргийн гацалт үүссэн" гэсэн хариу өгч байна.


Зөвшөөрлийг олгохдоо ил тод, нээлттэй байлгах, төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүнд сурталгүй үзүүлэх үүднээс цахимаар бүртгэх юм. Ийнхүү төрийн үйлчилгээг цахимжуулснаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах үеэр АМГ-т үүсдэг байсан хэт их дараалал, хүлээлт, үүнээс үүдсэн иргэдийн уур бухимдал, чирэгдэл, хардлага бүрэн арилна гэж үзэж байгаа юм байна.

 

ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ӨРГӨДЛИЙН ЖУРМААР ОЛГОХ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг манай улсад татвар төлөгч  хуулийн этгээдэд олгох бөгөөд нэг тусгай зөвшөөрлөөр олгох хайгуулын талбай нь 25 гектараас багагүй, 150 мянган гектараас ихгүй байх шаардлагатай гэнэ. Хайгуулын зөвшөөрөл авахыг хүссэн хуулийн этгээд нь "Хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн хуулийн этгээдийн бүртгэлийн хуудас"-ийг үнэн зөв, алдаагүй бөглөн АМГ-т өгч, бүртгүүлэх юм байна. Бүртгэл хийлгэхэд дараах материалыг хавсаргах  ажээ.  Үүнд,

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг хавсаргах /лавлагаанд гадаадын хөрөнгө оруулалтын байдал, хөрөнгө оруулалтын хувь хэмжээ зэргийг тодорхой тусгах/ шаардлагатай юм байна.

Дээрх бүртгэлийг хийлгэсэн хуулийн этгээд нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлийн дугаарыг цахимаар олгох төхөөрөмж худалдан авах шаардлагатай аж. Ийнхүү өргөдлийг цахимаар бүртгэж, зөвшөөрөл хүсэгчид VPN гэгч төхөөрөмжийг худалдан авснаар зөвшөөрөл хүсэгчийн материалыг кибер халдлага, хэн нэгэн алба хаагчийн ашиг сонирхлоос бүрэн хамгаалах гэнэ. Энэ талаар АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа "Энэ төхөөрөмж бол тухайн аж ахуйн нэгж манай системтэй өөрсдөө шууд харилцана гэсэн үг. Ингэсэн тохиолдолд бүртгүүлж дугаараа авмагц real time буюу хэд дэх дугаарт бүртгэснийг болон хэзээ АМГ-т хандан өргөдлөө гаргахыг мэдэгдэнэ. Ингэснээр хөндлөнгийн хардлага сэрдлэггүй, системийн аюулгүй байдлыг бүрэн хангах боломжтой" гэсэн юм.

VPN ТӨХӨӨРӨМЖ ХЭРХЭН АВАХ ВЭ?

VPN төхөөрөмжийг үнэ болох 280 мянган төгрөгийг “Аксэнсэ Айти Суппорт” ХХК-ийн Хас банкин дахь 5000010281 дансанд төлөх шаардлагатай гэнэ.  Мөн системд нэвтрэх эрх буюу Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар авах үйлчилгээний хөлсийг АМГ-ын Төрийн сангийн 900018003 дансанд төлөх гэнэ. Хураамжийн тухайд долоон хоног нэвтрэх эрх нь 500 мянга, нэг сар нэвтрэх эрх нь хоёр сая төгрөгийн үнэтэй  байх юм. Ингээд өргөдлийн дугаарыг авсан аж ахуй нэгж хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хураамж болох 250 мянган төгрөгийг АМГ-ын төрийн сан дахь дээрх дансанд тушаах гэнэ.

ӨРГӨДӨЛ ГАРГАХАД БҮРДҮҮЛЖ БИЧИГ БАРИМТУУД:

  • Өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт
  • Улсын бүртгэдийн гэрчилгээний хуулбар/нотариатаар баталгаажуулсан/
  • Өргөдөл гаргагчийн талбайн булангийн цэгүүдийн солбилцол, аймаг сумын нэр, хилийг буулгасан зураг 2 хувь
  • Үйлчилгээний хураамж төлсөн баримт эх хувиараа
  • Ажлын туршлага, санхүүгийн чадавх  мэргэжлийн боловсон хүчнээр хангадсан талаарх мэдээлэл /маягт К-18/
  • Монгол Улсад татвар төлөгч болох тухай нотолгоо /харъяа татварын албанаас/
  • Өр төлбөргүй тухай тодорхойлолтууд /ТЕГ, НДЕГ, ШШГЕГ/
  • Өргөдөл гаргагч гадаадын хөрөнгө оруулалттай бол хөрөнгө оруулалтын мэдээлэл /маягт К-19/ зэрэг материалыг бүрдүүлэх шаардлагатай гэнэ.

Ашигт малтмалын газраас мөн зөвшөөрөл хүсэгчдийг бүртгэж эхлэхээс өмнө хоёр удаагийн хурал хийж, иргэд, аж ахуй нэгжүүдэд мэдээлэл өгөх тул холбогдох баримт, материалыг бүрдүүлэхэд хангалттай юм байна.

Уул уурхайн сайд Р.Жигжид “Сонгон шалгаруулалтыг явуулахдаа үнээр өрсөлдүүлэх гэсэн олон улсад нийтлэг мөрддөг зарчмыг баримтлах бөгөөд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч нийт үнэлгээний 50 хүртэлх хувийн оноог авна. Харин үлдсэн 50 хувийн оноог тухайн талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын төсөл, оролцогчийн мэргэжлийн боловсон хүчний чадвар, техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан байдал зэргийг үнэлж өгнө. Сонгон шалгаруулалтын талбайн босго үнийг тогтоохдоо нэгж үнийг эрдсийн хуримтлал бүхий талбайд 2244 төг/га, тусгай зөвшөөрөл цуцлагдсан талбайд 1800 төг/га, тусгай зөвшөөрөл дуусгавар болсон талбайд 1350 төг/га байхаар тус тус тооцохоор зохицуулсан” гэж мэдээлсэн билээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж