Индонезийн нийслэл Жакартагаас Пангкал Пинанг хот уруу нисч байсан “Lion Air” компанийн “Boeing 737 MAX 8” зорчигч тээврийн онгоц хөөрөөд удалгүй нислэгийн хяналтын төвөөс холбоо тасарч, Индонезийн Жава арлын ойролцоох далайд осолдсон тухай өчигдөр /2018.10.29/ мэдээлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр өглөө Индонезийн эрэл хайгуул, аврах агентлагийн төлөөлөгч “Харамсалтай нь “Boeing 737 MAX 8” зорчигч тээврийн онгоцонд байсан зорчигчдоос амьд хүн үлдээгүй бололтой” хэмээн хэлсэн байна. Аврагчид цогцсууд болон зорчигчдын хувийн эд зүйлсийг далайгаас гаргасаар байгаа юм байна. Нислэгийн багийн гишүүдтэй нийлээд 189 хүн уг онгоцонд явж байжээ. Ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.
НЭМЭЛТ 14.41 ЦАГ: Индонезийн эрэн хайх, аврах агентлагийн дарга Бамбанг Сурио Ажи “Boeing 737 Max 8” онгоцонд байсан 189 хүн бүгд амиа алдсан болохыг мэдэгдээд амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Одоогоор аврах багийнхан цогцоснуудыг эрэн хайх ажиллагаанд төвлөрч байгаа тухай хэлсэн байна. Эрлийн ажил сунжирч ойролцоогоор долоо хоногийн турш үргэлжлэх төлөвтэй байна гэв.
Эх сурвалж: BBC